"Frozen 2" дээрх гайхалтай хувцас дизайн анимэйшнийг шинэ түвшинд гаргаж байна
Үүнийг дагаад мөн анимэйшнд зориулан хувцас дизайн гаргадаг артистууд улам бүр эрэлттэй болж байна
Анимэйшн бүтээлүүд дэх хувцас дизайн урьд өмнө үзэгдэж байгаагүй урлагийн шинэ түвшинд хүрээд байна. Энэ нь C.G.I буюу компьютер графикт дэвшилт гарсантай холбоотой бөгөөд график дизайнерууд одоо урьд өмнө нь хийх боломжгүй байсан нарийн ажиллагаатай загварын зураглалуудыг гаргах боломжтой болоод байна.
Бидний хүүхэд насандаа үзэж өссөн гараар зурагдсан анимэйшн хүүхэлдэйнүүдэд хувцас бүрийг, бүр хувцсан дээрх товч бүрийг гараар зурж, хөдөлгөөн бүрт зориулан ахин дахин зурдаг байсан тул "Үнсгэлжин", "Цасан Гуа" зэрэг гүнж нарын даашинзууд нарийн чимэглэлгүй, маш ерөнхий дизайнтай байсан билээ. Харин өнөөдөр компьютерууд тухайн үеийн бүтээлчдийн олон сарын турш хийдэг байсан зүйлсийг хормын зуур гүйцэтгэн анимэйшн дахь хувцас дизайныг нарийн детальтай, нямбай болгоход тусалж байгаа юм. Энэ хөгжил дэвшлийг дагаад мөн анимэйшн дахь костюм дизайн гэсэн харьцангуй шинэ чиглэл хүчээ авч, олон мэргэжилтнүүд энэ чиглэлээр карьерээ хөгжүүлэх хүсэлтэй болжээ.
"Frozen дээрх гайхалтай хувцас дизайныг хар л даа. Даашинзын эмжээр, хээ угалз, гялтганасан чимэглэл гээд энэ бүхэн чинь хувцас дизайн юм" хэмээн кино салбар дахь шилдэг хувцас дизайныг шалгаруулдаг хүндэт Costume Designers Guild Awards шагнал гардуулах ёслолын ерөнхийлөгч Сальвадор Перез энэ талаар бодлоо хуваалцжээ. Тус шагнал гардуулах ёслолд анимэйшн бүтээлүүдэд зориулагдсан тусгай төрөл байдаггүй ч одоо "Frozen 2" зэрэг гайхалтай бүтээлүүдийн ачаар уг журамд шинэчлэлт хийгдэх өндөр магадлалтай болоод байгаа юм.
Сэтгэгдэл байхгүй байна.