Шүүгч нарт авлига өгсөн БНХАУ-ын иргэн Ван, н.Батсүх нар хил даван зугтжээ
Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дэвсгэр Салхитын мөнгөний орд газрын маргаантай асуудал сүүлийн үед олны анхаарлын төвд ороод байгаа. Монголын хууль хяналтын байгууллагын нэр нөлөө бүхий хүмүүсийг хоёр хуваасан гэгдэх хятадууд дээрх орд газрыг булаацалдаж байгааг Ерөнхийлөгчөөс эхлээд жирийн иргэн хүртэл мэддэг болоод багагүй хугацаа өнгөрсөн.
Нэр бүхий зургаан шүүгч Салхитын ордын хэргийг шийдвэрлэхдээ авлигал авсныг АТГ-аас мэдэгдээд байгаа. Шүүгч нарт авлига зөөсөн хэрэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, Нийслэлийн шүүхийн ерөнхий шүүгч асан, Гавьяат хуульч Б.Сарантуяа болон түүний хүү, нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж нарыг шалгаж байгаа.
Мөн гавьяат хуульч Л.Бямбаа, түүний хүү Захиргааны хэргийн шүүгч С.Төмөрбат нарыг ч дээрх хэрэгт буруутган шалгасан. Харамсалтай нь шүүгч асан Л.Бямбаа Цагдан хорих 461 дүгээр хорих ангид саатуулагдаж байхдаа амь насаа алдаж, хүү С.Төмөрбат нь АНУ руу Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтоор зугтан гарсан.
АНУ-аас түүнийг удахгүй авчрахаар болсон гэх мэдээлэл гарсаар байгаа билээ. Салхитын ордыг булаалдаж буй хятадууд шүүгчдэд авлига өгөхийн тулд нэг шүүгчид нэг биш хэд хэдэн сувгаар авлига өгсөн гэх мэдээлэл бий. Шүүгч нар нийтдээ 125 сая ам.долларын авлига авсан гэгдээд байгаа.
Авлига авсан зургаан шүүгч нь Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон, Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож, Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг нар юм.
Тэгвэл шүүгч нарт онц их хэмжээний авлига өгсөн нь мөрдөн байцаалтаар тогтоогдоод байгаа хятад болон манай улсын нэг иргэн хил даван зугтаасан байна. Энэ талаар албаны эх сурвалж "Салхитын мөнгөний орд газартай холбоотой хэрэгт хөрөнгө оруулагч хятадууд хоорондоо муудалцсан.
Үүнээс болоод "Жи Пи Эф” компанийн захирал Ван, түүний туслах, орчуулагчаар ажиллаж байсан Монгол Улсын иргэн н.Батсүх нар хил даван зугтаасан. Шүүгч нарт авлига өгсөн мөнгөний эх үүсвэр энэ хоёр хүнтэй холбоотой гэдэг нь тодорхой болоод байгаа. Гэвч тэд шүүгч нар эхнээсээ баригдаж эхлэх үеэр хил даван зугтаасан. Үүнээс үүдэлтэйгээр дээрх хоёр хүнд холбогдох хэргийг тусгаарлаж, шүүгч нарт холбогдох хэргийг прокурорт шилжүүлээд байна” гэв.
Эх сурвалж:
Сэтгэгдэл байхгүй байна.