ОХУ дуунаас хурдан пуужингийн газарт суурилсан хувилбарыг бүтээж байна
ОХУ хөлөг онгоц эсэргүүцэх дуунаас хурдан "Циркон” шинэ пуужингийнхаа газар дээр суурилсан хувилбарыг бүтээж байна. Энэ тухай ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мягмар гарагт тус улсын Батлан хамгаалах яамны хурлын үеэр мэдэгджээ.
"Тив хоорондын "Сармат" баллистик пуужингийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, дуунаас хурдан "Циркон” пуужингийн газар болон далайд суурилсан хувилбарыг бүтээх зэрэг бусад системийн ажил төлөвлөгөө ёсоор явж байна” гэж В.Путин хэлсэн байна.
Түүний хэлснээр, стратегийн тэнцвэрийн салбарт түүхэнд анх удаа урьд өмнө байгаагүй нөхцөл бүрдэж, хамгийн сүүлийн үеийн зэвсэг бүтээх чиглэлд ОХУ анх удаа АНУ-ын өмнө гарчээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн хоёрдугаар сард Холбооны хуралд илгээлт тавихдаа, "Циркон” пуужинг бүтээх ажил хуваарийн дагуу явагдаж байгааг мэдээлсэн байна. Түүний мэдээлж байснаар, ес орчим Махын хурдтай уг пуужин 1000 гаруй км-ын зайд усан дээрх болон газар дээрх байг устгах чадалтай байна.
Хэдэн зуун км зайд далайд буй байг устгах "Циркон”-ы туршилт эхэлснээс хойш 10 гаруй удаа харвасан гэж Оросын батлан хамгаалах-аж үйлдвэрийн цогцолборын эх сурвалж 2018 оны сүүлчээр мэдээлж байв.