Ким Жөн Ун: Пуужин харвасан нь Гуамд цохилт өгөх бэлтгэл байсан
Умард Солонгос 8 дугаар сарын 29-нд дунд тусгалын "Хвасон-12” баллистик пуужин амжилттай туршсан юм. Энэ тухай лхагва гарагт KCNA агентлагийн мэдээлэлд дурджээ.
Дээрх пуужингийн туршилтыг удирдсан тус улсын төрийн тэргүүн Ким Жөн Ун уг туршилтыг тус бүс нутагт Америкийн зэвсэгт хүчнийг хазаарлан тогтоох зорилгоор номхон далайн Гуам аралд цохилт өгөх бэлтгэл үе шат гэжээ.
"Ким Жөн Ун пуужин харвалт амжилттай болсонд ихээхэн сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр дээрх пуужингийн туршилт нь Солонгосын ардын армийн Номхон далайд цэргийн ажиллагаа явуулах, мөн Америкийн довтолгооны тэргүүн бааз Гуамд цохилт өгөх бэлтгэл ажлын эхний алхам юм гэж онцлон хэлжээ. Үүнээс гадна, Умард Солонгосын төрийн тэргүүн цаашид Номхон далай дахь болзолт байнууд руу ийм пуужингуудыг харвах үүрэг даалгавар өгчээ.
Мөн тус агентлагийн мэдээлснээр, баллистик пуужин харвасан явдал нь АНУ, Өмнөд Солонгос улсын хамтарсан "Ulchi-Freedom Guardian” цэргийн сургууль хийж байгаагийн хариу ажээ.
Сэтгэгдэл байхгүй байна.