Иракийн Ерөнхийлөгч огцроход бэлэн байгаагаа илэрхийлжээ
Иракийн Ерөнхийлөгч Бархам Салих шинэ Ерөнхий сайдаар Асад аль-Эйданиг томилохоос татгалзсаныхаа дараа парламентад огцрох өргөдлөө өргөн барихад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.
"Iraqiya” сувгийн мэдээлснээр, Б.Салих парламентын дарга Мохаммед аль-Хальбуссид илгээсэн захидалдаа энэ талаар дурдсан ажээ. Иракийн зарим олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн нийтэлсэн Ерөнхийлөгчийн захидалд, Ерөнхий сайдын албанд нэр дэвшигчийн талаарх миний байр суурийг Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн хэмээн үзэж болзошгүй тул Ерөнхийлөгчийн албанаасаа огцроход бэлэн байна хэмээн тэмдэглэжээ.
А.Эйданиг Ерөнхий сайдын албанд нэр дэвшүүлснийг жагсагчид сайшаахгүй байгааг Б.Салих захидалдаа онцолжээ. Улс төрийн болон парламентын шийдвэр олон нийтийн санал бодлыг харгалзан үзэж, нийгмийн аюулгүй байдал, энх тайвныг цогцлоох шаардлагуудыг хангах ёстой гэж Б.Салих үзсэн байна.
Иракийн Үндсэн хуулийн дагуу парламент дахь хамгийн олон суудал бүхий эвсэл Ерөнхийлөгчийн албанд нэр дэвшигчийн нэрийг дэвшүүлэх эрхтэй ажээ. Иракт өрнөж буй олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагааны улмаас Ерөнхий сайд асан Абдул Махди болон түүний Засгийн газар огцроход хүрсэн юм.
Сэтгэгдэл байхгүй байна.