Үерт нэрвэгдэгсэд эрх баригчдынхаа эсрэг нэхэмжлэл гаргана
Хүчтэй үерийн гамшигт саяхан нэрвэгдсэн Индонезын нийслэл хотын оршин суугчид эрх баригчдынхаа эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргах гэж байгаа тухай "The Straits Times” сонин мэдээлжээ. Тэд хотын эрх баригчдыг оршин суугчдаа байгалийн гамшгаас хамгаалж чадаагүй гэж буруутгасан байна.
Өнөөдрийг хүртэл гамшигт өртсөн хүмүүсээс 243 гомдол хүлээж аваад байна гэж өмгөөлөгчдийн баг мэдээлсэн байна. Тэд нийтдээ 43 тэрбум 3 сая рупийгийн /3.1 сая ам.доллар/ эдийн засгийн хохирол учирсан гэж мэдүүлжээ. Түүгээр ч зогсохгүй дахин 350 орчим өргөдөл хүлээн авсан тул нэхэмжлэлийн тоо цаашид нэмэгдэнэ гэж хуульчид хэлжээ.
Шинэ оны өмнөх өдөр Индонезын нийслэл Жакарта хот болон хотын ойролцоох бүс нутгуудад 2007 оноос хойш бүртгэгдээгүй хүчтэй аадар бороо орж, үерийн гамшиг нүүрлэсэн билээ. Байгалийн гамшгийн улмаас 60 хүн амиа алдаж, хэдэн мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Нийслэл хотын захирагч Аниес Басведан хамгийн их шүүмжлэлд өртжээ. Тэрбээр 2017 оноос хойш хотын даргаар ажиллахдаа үер, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэхэд зарцуулах төсвийг бууруулсан байна.
Сэтгэгдэл байхгүй байна.