Хүн амын тооллого түүврээр 70 хувьтай байна
Улсын хэмжээнд явагдаж буй 2020 оны Хүн ам, орон сууцны ээлжит тооллого дуусахад 2 хоног үлдээд байна.
Бид энэ удаагийн тооллогын онцлог болон явцын талаар Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбалтай ярилцлаа. Өнөөдрийн байдлаар хүн ам, орон сууцны тооллого түүврийн байдлаар 70 хувьтай явж байна.
-Энэ удаагийн тооллого мэдээллийн сангийн бүртгэлд тулгуурлахаас гадна уламжлалт аргаар буюу цаасаар мөн давхар мэдээлэл авч байгаа нь сүүлийн удаагийнх болж байгаа юу?
-Ер нь бол тийм гэж хэлж болно. Электрон технологийн энэ эрин үед хүн амын тооллогыг цаасаар буюу уламжлалт аргаар авахгүй, болих байх. Хүн амын тооллого явагддаг давтамжийн 10 жилээр бодсон ч тэр. Ер нь цаасаар мэдээлэл авах нь их зардалтай байдаг.
-Түүврийн аргаар хүн ам, айл өрхийн 10 хувийг хамруулан тоолж байгааг тодруулна уу? Бүртгэлээр тоолж буй учир тоологч нар айл бүрээр орохгүй гэсэн үг үү?
-Тиймээ. Хүн амын тооллогыг хүн ам, өрхийн мэдээллийн сан дээр тулгуурлан явуулж байна. Манай улсад нийгмийн даатгалын, халамжийн, хил гаалийн, шүүх, цэргийн, хорих ангийн гэх мэтээр мэдээллийн 53 дэд сан бий. Эдгээрийг нэгтгэж, хүн амын тооллого эхлэхээс өмнө цэгцлэсэн юм. Үүн дээрээ тулгуурлан хүн амаа тоолж байгаа нь бүртгэлийн арга юм. Нөгөө талаар хүн амын 10 хувийг түүж тооллогод хамруулж байгаа нь мэдээллийн сангуудын мэдээлэл хэр зэрэг бодитой эсэхийг нэг талаар тулгаж байгаа байдал юм.
Тодруулж хэлбэл, хамгийн сүүлийн шилжилт хөдөлгөөнөөс аваад хүн амын ажил хөдөлмөр эрхлэлт зэрэг сангууд дээр үүссэн мэдээллийг тодруулах зайлшгүй шаардлага байдаг. Үүгээр гарсан мэдээлэл түүвэр тооллогоор гарсан мэдээлэл хоорондоо нийлж байж том тооллогоо гаргаж ирэх юм. Хүн амын тооллого гэдэг хүн амын одоогийн байгаа түвшин, ирээдүйн хэрэгцээг гаргаж ирэхэд оршдог. Тиймээс хүн амын 10 хувийг түүврээр авч байгаа нь дутуу байгаа зүйлийг тодотгохыг хэлээд байгаа юм. Түүнээс бус үндсэн мэдээлэл бататгасан хэвээрээ байж л байгаа гэсэн үг.
Ер нь бүртгэл, мэдээллийн нэгэнт бий болсон сан дээр тулгуурлан хүн амаа тоолж, тооллогоо хийж байгаа нь зардлыг хэмнэж байгаа юм. Төсвийн хүндрэлтэй үед нэгэнт байгаа зүйлийг дахиж зардал гаргахгүйгээр хийж байгаа юм. Хоёрт, мөн нэгэнт цахим мэдээлэл бүхий сангууд байхад суурь бүртгэлүүдээ сайжруулж цэгцэлж байгаа юм.
-Энэ удаагийн тооллогоор гадаадад байгаа монголчуудын тоог гаргана гэж байгаа. Гэтэл өмнө нь энэ тоо жишээ нь, сонгуулиар гарч байсан учир дахин тоолж байна гэж ойлгож болох уу? Гадаадад байгаа иргэдийн тоог яаж гаргадаг вэ?
-Өмнөх 2010 оны тооллогоор манай улс гадаадад байгаа Монгол иргэдээ цахим болон цаасан бүртгэлээр тоолж гаргаж байсан. Гадаадад байгаа Монгол иргэд нь өөрийн улсын харьяаллаас гарсан болон гараагүй гэсэн 2 төрлийн байдаг. Гадаадад байгаа Монгол иргэдийг эхлээд хилийн хөдөлгөөнөөр буюу хилээр гарсан, орсон мэдээлэл дээр түшиглэн тоог гаргадаг. Мөн хүн ам, өрхийн үндсэн суурь мэдээллийн сангаар ч гаргадаг.
Мөн одоо түүвэрлэн авч буй 10 хувь дээр ч тухайн өрхөөс гадаадад суугаа иргэдийг тоо, мэдээллийг авч байгаа юм. Ингээд мэдээллийн сангуудаа хооронд нь тулгаж хянаад ирэхээр гадаадад байгаа монголчуудын тоо ерөнхийдөө гарч ирдэг. Энд гадаад улс орнуудад гэрээт ажилчид, ажилтнууд гаргаж буй газруудын бүртгэл мэдээлэл, мөн гадаад улс орнуудад суугаа өөрийн улсын ЭСЯ, консулын газруудын бүртгэл мэдээлэл дээр тулгуурлан түүвэрлэн авдаг.
-Гадаадад гараад "харласан" гэгддэг иргэдийн тоог яаж гаргадаг вэ? Мөн хилээр гарснаар нь тооцох уу?
-Тэгнэ. Хэдийгээр тэдгээр иргэд тухайн улсад "харласан" гэж тооцогдох боловч Монгол Улсын л иргэд шүү дээ. Тиймээс үүнийг өрхийн мэдээлэл болон консулын бүртгэл, хилээр гарснаар нь тооцож гаргадаг. Энэ 3 мэдээлэл давхцах ёстой. Давхацгүй бол тухайн иргэн аль нэг бүртгэл дээр нь байж л байна гэсэн үг. Мөн энд гадаад улсад хоригдож буй манай улсын иргэд ч орно. Энэ тоог бид өөрсдийн шугмаар авдаг.
-Энэ удаагийн тооллогын бас нэг онцлог орон сууцны тооллогыг зэрэг явуулж байгаа. Энэ нь хүн амын ахуй байдлыг гаргаж буй гэсэн үг үү?
-Орон сууцны тооллого нь дотроо орон сууцны фонд болон орон сууцны нөхцөлийг гаргах гэсэн 2 янз байдаг. Орон сууцны нөхцөлийг бол 2000 болон 2010 оны тооллогоор гаргасан юм. Нөхцөлийг нь гаргахдаа өнөөдөр яг бэлэн байгаа орон сууцны фондыг нь гаргаагүй юм. Жишээ нь, өмнө нь 2000 оны тооллогоор 2.3 сая хүн амын тоог гаргахдаа ийм тооны хүн амын хэдэн хувь нь ундны усаар хангагдсан, өөрийн гэсэн сууцтай иргэдийн тоо, хүний сууцанд сууж байгаа нь хичнээн хүн байна гэдгийг гаргасан болохоос биш яг Монгол Улсад хэдэн м квд орон сууц бэлэн байгаа юм гэсэн орон сууцны фонд талаасаа 1969 оноос хойш статистик мэдээ гаргаагүй ирсэн юм. Одоо орон сууцны фондыг байршил, хаягын цэгтэй нь гаргаж ирэх юм.
Цэгийн байршлаар тухайн байшин хэдэн жил болж буйг нь гаргаж ирнэ. Энэ нь их чухал юм. Хуучнаараа бол хаана, хичнээн м квд, ямар зураг төсөлтэй барилга, яаж баригдаж, ямар материалаар барьсан нь мэдэгдэхгүй байсан гэсэн үг.
-Бас нэг зүйл нь тэнэмэл гэгддэг иргэд тооллогод хамрагддаг уу, хүн амын тоонд байдаг уу?
-Олон улсын практикаар бол хүн амын тооллого нь тухайн улс орны, иргэдийн анхдагч, эхний хэрэгцээг тогтоодог. Манайх шиг цөөн хүн амтай улсад ийм хүмүүсийг тоолж авах ёстой юм. Үүнийг бид хүн ам, өрхийн бүртгэлээр гаргадаг. Энэ хүмүүс чинь хэдий гудамжинд юм уу траншейнд байгаа ч гэсэн аль нэг өрх дээр бүртгэлтэй байдаг юм. Нэг ёсондоо тэд ар гэрээсээ явчихсан хүмүүс гэсэн үг. Манай улсад бичиг үсэггүй хүн байхгүй гэдэг шиг иргэн бүр бүртгэлтэй байдаг.
Монгол Улс 1951 онд иргэний бүртгэлийн үйл ажиллагаа явуулснаас хойш манай улсад өнөөдөр бичиг баримтгүй буюу бүртгэлгүй хүн гэж байхгүй байгаа. Өнөөдөр манай улсад иргэн хүн төрөхөд нь регистрийн дугаар өгөөд бүртгэдэг болсон. Ингэснээр хүний эрхийг үүсгэдэг болсон улс. Гэтэл өнөөдөр Зүүн өмнөд Азийн зарим нэг улс оронд төрөлтөө бүртгэж чадахгүй, дөнгөж 50 хувийг л бүртгэдэг байдалтай байгаа. Үүнээс үүдээд хүний наймаа, хүний эрх зөрчигддөг нь нийгмийн хор хөнөөлийг дагуулдаг. Бичиг баримтгүй хүнд хүний эрхийн олон асуудал үүсэж, эрх нь зөрчигддөг.
-Тооллогод хамрагдаагүй иргэнийг торгох байдлаар хариуцлага хүлээлгэдэг гээд байгаа. Үүнийг тодруулна уу?
-Хүн амын тооллогын хуульд иргэн хүн өөрийгөө, өрхөө тоолуулах үүрэг хүлээдэг. Тоолуулахаас татгалзахгүй л байх ёстой юм. Энэ удаагийн тооллогын технологи нь бүртгэлээр тоолж байгааг хэлсэн. Ард нь түүврийн 10 хувиар тодотгож байна. Тиймээс энэ 10 хувьд хамрагдаж буй иргэн, айл өрх тооллогоос татгалзаж болохгүй юм. Татгалзсан нөхцөлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр торгоно гэсэн хариуцлагын заалт байгаа. Харин 10 хувьд хамаарахгүй, энд сонгогдоогүй нөхцөлд хүн амын тооллогод заавал оролцож тоолуулна гэсэн үг биш.
Б.Болд
Сэтгэгдэл байхгүй байна.