Б.Ганхуяг: Барьц сонгохыг улсын наадамд хориглох хэрэгтэй ВИП Зочин 2020/01/21 1 Улсын начин Б.Ганхуягтай ярилцлаа. -Танд энэ өдрийн мэнд хүргэе. Таны сүүлийн барилдааны талаар яриагаа эхэлье гэж бодож байна? -Сайхан барилдаан боллоо. Бөхийн шинэ залуу үе хүч түрэн гарч ирж байна. Аймгийн цолтой залуу түрүүллээ. М.Лхагвагэрэлийг би үүнээс илүү амжилт гаргаж аварга цол авна гэж харж байна. -Оны өмнө болсон чансаа өндөр 128 бөхийн барилдаанд та шөвгийн дөрөвт шалгарсан. Энэ барилдааны явцад зарим бөх залуу бөхчүүдийн зоригийг мохоож байна гэж харсан? -Маш буруу, ёс зүйгүй үйлдэл. Бөхчүүд бид дэвжээн дээр түмнээ цэнгүүлэх үүрэг хүлээдэг. Тиймээс үнэн зөвөөр хүчийг үзэж барилдах нь чухал. Булхайцаж ганц давна гэдэг унаснаас дор. Залуу бөхчүүдэд багш, дасгалжуулагч нар нь сайн барилд гэж заахаас гадна бөхийн ёс зүй, өв уламжилал, унасан бол унаснаа хүлээн зөвшөөрөх ёстойг сайн ойлгуулж өгөх хэрэгтэй гэж боддог. Мөн дээрээс нь ёсгүй үйлдэл гаргаж буй бөхчүүдийн талаар бөхийн холбоо шийдвэр гаргаж тодорхой хэмжээний хариуцлага тооцох нь зүйтэй байх. -Үндэсний бөхийн мэхний талаар ярилцъя. Дор хаяж 45 мэх байдаг. Гэтэл Х.Баянмөнх аваргын гаргасан номонд түүнээс илүү мэх байдаг гэсэн байна. Гэтэл уран мэх хийж барилддаг бөхчүүд ховор боллоо? -Үндэсний бөхөд олон мэх бий. Хувилбар ч олонтой. Мэх бага байна гэдэг бол үндэсний бөхийн дүрэмтэй холбоотой. Дэлхийн аль ч спортын төрөлд идэвхтэй урагшаа давшсан, мэх техник, барилдааны санаачилга авч байгаа бөхийг үнэлж идэвхгүй барилдаан үзүүлж буй бөхийг торгодог. Мөн тэмцээнээс хасах хүртэл арга хэмжээ авах жишээтэй. Гэтэл манай үндэсний бөх эсрэгээрээ байдаг. Барилдаан дээр ямар ч идэвхгүй ухарч байгаад барьц сонгоонд хүрээд давчихдаг. Барьц сонгоог заал танхимын барилдаанд байж болох юм гэхэд улсын наадамд үүнийг байхгүй болгох хэрэгтэй юм шиг санагддаг. -Бөхийн холбооноос шинэ журам гаргалаа. Заалны барилдааны идэвх оролцоог нь харж улсын наадамд барилдах эсэхийг шийднэ гэсэн. Улсын том цолтой бөхчүүдийн оролцоог нэмэх зорилготой ч гэж ярьж байна. Энэ нь хэр оновчтой вэ? -Үүнийг зөв, буруу гэж хэлж мэдэхгүй байна. Гэхдээ том цолтой бөхчүүдээ барилдаасай гэж үзэгчид их хүлээдэг байх. Ийм шийдвэр гаргасан гаргаагүй ирээд барилдчихвал зүгээр л санагддаг. Спорт бол залуу насны л юм. Аливаа зүйл ээлж дараатай, дараагийн шинэ үе сайн залуучууд гарч ирж байна шүү дээ. Бөхийн цус сэлбэгдэнэ гэдэг сайхан хэрэг. -Өнгөрсөн жилийн наадмын тавын давааны сонирхолтой барилдаануудын нэг нь яах аргагүй С.Батсуурь аварга та хоёрын барилдаан байлаа. Өмнөх жил нь аваргатай сайн барилдсан бөх бол улсын харцага Н.Золбоо байсан. Саяхан та аваргатай дахин таарахдаа 18 минут барилдлаа? -Унасан л бол унасан, давсан бол давсан. Цаашид олон таарч барилдах байх гэж бодож байна. -Та үндэсний бөхөөр хэдэн жил хичээллэж байна вэ? -2003 онд сумын начин хэмээх анхны цолоо авч байсан. Үүнээс хойш 17 жил өнгөрчээ. Монгол бөх өөрөө ард түмний бүтээл юм. Учир нь бөх хүн амжилт гаргахад олон хүчин зүйл нөлөөлдөг. Үүнд хань ижил, үр хүүхэд, багш, дасгалжуулагч нар, аав ээж, ахан дүүс, найз нөхөд, үзэгч түмэн гээд. Миний хувьд ар талыг минь дааж явдаг Д.Бат-Эрдэнэ, Чинбат захиралтай III цахилгаан станц, Г.Батболд захиралтай "Цагаан-Уул” компанийн хамт олондоо баярлаж явдгаа хэлье. -Та аймгийн хурц арслан байсан. Тухайн үед аймгийн арслан цолтой бөхчүүд зүүний магнайд гардаг байсан санагдаж байна? -Аймгийн арслан цолтой барилдаж байхдаа аймгийн арслангуудыг манлайлж, байлаа. 2014 онд Хөвсгөл аймагт Хотгойдын хурд, Хангайн бүсийн даншиг наадам болж хүчит 512 бөх барилдахад найм давж үзүүрлэсэн. Тухайн үед аймгийн хурц арслан цол олгосон. Гэтэл бөхийн холбоо хүлээн зөвшөөрөөгүй, амжилтыг минь үгүйсгэж бөхчүүдийн эрэмбэд миний гаргасан амжилтыг оруулаагүй. Үүнээс болоод 2015 оны улсын наадамд барилдалгүй Орхон аймгийн наадамд очиж барилдан хоёр дахь удаагаа түрүүлж жинхэнэ хурц чимэгтэй болсон юм. 2016 онд Г.Элбэг багшийнхаа удирдлага дор бэлтгэлээ хийж тэр зунаа улсын цол авсандаа баяртай явдаг. Багшийн олон сайхан шавь улсын цолтон болсон. Үзэгч олон намайг дэмждэгт их талархаж явдаг. -Та үеийнхээ залуучуудаас хэнийг сайн бөх гэж хардаг вэ? -Олон сайхан залуу байна. Улсын начин Д.Амарсайханыг сайн бөх гэж боддог. Их хөдөлмөрч, барилдаанч, биеэр жижиг гэлтгүй хүнд бярдуулдаггүй. Санаанд минь амлаж аваад унаж байлаа. Тэр их ухаан зарж барилддаг бөх. -Таны өмнө нь өгсөн ярилцлагыг уншиж байсан. Хамгийн сонирхолтой нь кино найруулах хүсэлтэй гэж хэлсэн байсан? -Би үнэндээ аливаа зүйлд сэтгэлээсээ хандахыг илүүд үздэг. Миний бодлоор муу хүн гэж байдаггүй. Харин үүнийг болохгүй шүү гэж хэлээгүй учраас хүн алддаг байх. Аливаа нэг зүйлийг өөр өнцгөөс нь хараад үзэх хэрэгтэй. Ном зохиол, кино урлаг бол хүүхэд, залуучуудыг хүмүүжүүлэхэд чухал нөлөөтэй. Миний анзаарснаар одоо сайн сайхан зүйлээ ярихаас саар мууг нь их ярьдаг болж. Үүнд жаахан эмзэглэж явдаг. Ном уншина гэдэг оюуны дасгал. Шүлэг, яруу найраг сонирхдог, бас дуулах дуртай. Ардын дууны үг аялгуу хэчнээн сайхан. Хуучны монгол кинонуудаа үзэх дуртай. Ганцхан жишээ хэлэхэд "Гарьд магнай” кинон дээр гардаг "Тааж мэддэг таван хаан биш, тамшаалж мэддэг тарлан бух биш. Аз хүү байвал ёоз хүүгээр цохьдог юм аа” гэж. Энэ үгс сэтгэлд үнэхээр хүрдэг.Барилдахаа боливол кино найруулагчийн сургуульд нь сурна. Хүний сайхан сэтгэлийг харуулсан кино хийх юмсан гэсэн миний мөрөөдөл байдаг юм. -Ном унших нь оюуны дасгал гэлээ. Номноос чухам юуг ойлгож авах ёстой юм бол? -Өглөө бүр мандах нарыг бие болоод сэтгэлийн зовлонгүй угтана гэдэг аз жаргал юм. Ном уншсанаар олон зүйлийг энгийнээр ойлгож авах боломжтой. Дэлхий нийт даяаршиж буй энэ үед та бидний дархлаа бол нүүдлийн соёл иргэншил, зан заншил, өв уламжлал, эрийн гурван наадам юм. Энэ бүх уламжлал ёс заншлыг илүү мэдэхийг хүсвэл номноос л мэднэ. -Та залуучууддаа хандаж юу гэж зөвлөмөөр байна вэ? -Би залуучуудад нэг л зүйлийг хэлмээр санагддаг. Өндөр дээд цолонд хүрэх яахав. Нэг давааны төлөө юу ч хийхээс буцахгүй байж болохгүй. Ялангуяа, допин бол шударга биш өрсөлдөөн. Нэг хэсэг нь олон жил шударга хөдөлмөрлөж байхад нөгөө хэсэг нь эм ууж, тариа хийлгээд дийлж байна. Тиймээс аль болох шударга өрсөлдөөн үзүүлж өөрийнхөө хөдөлмөрөөр амжилтад хүрээрэй. Сайн барилдахаас гадна зан ааш, ёс жудаг сайтай залуусыг илүү их амжилтад хүрээсэй гэж хүсдэг. А.Доржханд Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин 1