Ираны эсрэг хориг арга хэмжээг цуцлахыг уриалжээ
Коронавирустэй тэмцэхэд нь саад учруулж буй хориг арга хэмжээнүүдээ цуцлахыг АНУ-д уриалахыг Иран олон улсын хамтын нийгэмлэгээс хүсжээ. Энэ тухай НҮБ-ын дэргэдэх Ираны төлөөлөгчийн газрын мэдэгдэлд дурдсан байна.
"АНУ-ын хүнлэг бус, хууль бус хориг арга хэмжээнүүд нь коронавирусний цаашдын тархалтаас урьдчилан сэргийлэхэд саад учруулж, Иранчууд болон бусад улсын иргэдийн эрүүл мэнд, амь насанд хохирол учруулж байна. Өөрөөр хэлбэл, АНУ өөрийн улс оронд дэгдсэн вирусний тархалтыг хумихыг оролдож байгаа атлаа коронавирусний цар тахалтай тэмцэхээр чармайж буй зарим улс орны боломж бололцоог үгүй хийж, вирусийг хилийн чанадад дэгдэхэд нөлөөлж байна” хэмээн тус газрын мэдэгдэлд дурдсан байна.
"Ийм нөхцөл байдалд хүрсэн нь АНУ Иран болон бусад улс орны эсрэг хууль бус хориг арга хэмжээгээ авсаар байгаатай холбоотой юм. АНУ-ын хориг арга хэмжээ нь бусад улс орны худалдаа, эдийн засгийн ашиг сонирхолд хохирол учруулаад зогсохгүй иргэдийнх нь амьдралд нөлөөлж байна” хэмээн мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ.