Ломбарди мужид хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг чангатгажээ
Шинэ коронавирусний халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор Италийн Ломбарди мужид хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг чангатгахаар болжээ.
Бямба гаргийн орой танилцуулсан шинэ дүрмүүдийн дагуу спорт, биеийн тамирын дасгалыг гадаа хийхийг хориглосон бөгөөд үүнд ганцаарчлан хичээллэх ч мөн багтжээ. Түүнчлэн ундаа, амттан зэргийг худалдан авдаг бүх төрлийн автомат машиныг ашиглахыг хориглосон байна.
Италид бямба гарагт 800 орчим хүн нас барж, нийт нас барагсдын тоо нь 4825 хүрсэнтэй холбогдуулан дээрх шийдвэрийг гаргасан бөгөөд Ломбардид хамгийн олон буюу 3095 хүн нас баржээ.
Ломбарди мужийн захирагч Аттилио Фонтанагийн мэдэгдсэнээр, "нэн шаардлагатай” нийлүүлэлтийн сүлжээнүүдээс бусад бүх үйл ажиллагааг, эмнэлэг, зам, төмөр замаас бусад барилгын ажлыг зогсоох ажээ. Мөн бүх задгай захын үйлчилгээг түр хугацаагаар зогсоосон байна.
Ломбардид энэ сарын 8-наас хойш хөл хорио тогтоосон тул хамгийн эхний үр дүн тус мужид гарна гэж Засгийн газар үзэж байгаа юм.
Италийн Жузеппе Конте улс даяар үйл ажиллагаа явуулж буй "онцын шаардлагагүй" бизнесийг зогсоохыг бямба гарагт үүрэг болгосон боловч тэрбээр ямар бизнесийг уг ангилалд оруулах талаар тодорхой дурдаагүй байна.
Харин супермаркет, эмийн сан, шуудангийн салбар, банкнуудын үйл ажиллагаа, нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн үргэлжлэх ажээ.
Ерөнхий сайд ард түмэндээ хандан үг хэлэх үеэрээ, бид улс орныхоо үйлдвэрлэлийн хөдөлгүүрийг сааруулах хэдий ч бүрмөсөн зогсоохгүй хэмээн хэлжээ. Ж.Конте одоогийн нөхцөл байдлыг "дайнаас хойших хамгийн хүнд хямрал” хэмээн тодорхойлжээ.
Италид өдийг хүртэл олон арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн хэдий ч халдварын шинэ тохиолдлууд, нас барагсдын тоо нэмэгдсэн хэвээр байгаа юм.
Сэтгэгдэл байхгүй байна.