Нью-Йоркийн "хязгаарлалтын бүс" рүү цэргүүдийг илгээжээ
АНУ-ын Нью-Йорк муж улсын Уэстчестер тойргийн Нью-Рошелл хотын эргэн тойрны 1.6 километр хэсгийг "хязгаарлалтын бүс" болгож, цэргүүдийг байршуулсан гэж тус муж улсын захирагч Эндрю Куомо мэдээлжээ.
АНУ-д бүртгэгдсэн коронавирусний халдварын тохиолдлуудын хамгийн том голомтыг Нью-Рошелл хэмээн үзэж байгаа юм. Цэргүүд сургуулиудыг халдваргүйжүүлж, тусгаарлагдсан хүмүүст хоол хүнс хүргэнэ. Нью-Йорк муж улсад халдварын 173 тохиолдол бүртгэгдсэний 108 нь Уэстчестер тойрогт бүртгэгдсэн байна.
Мөн Нью-Рошелл хот дахь сургууль болон хүмүүсийн олноор цуглардаг газруудын үйл ажиллагааг хоёр долоо хоногийн хугацаагаар түр зогсоож, хотын эмнэлэгт коронавирусний шинжилгээний төхөөрөмжийг суурилуулахаар төлөвлөжээ.
АНУ-д сүүлийн мэдээллээр халдвар авсан хүний тоо 849 болж, 27 хүн нас барсан байна.
Коронавирусний халдварын тухай шинэ мэдээллүүд
- Туркт халдварын анхны тохиолдол бүртгэгджээ. Халдвар илэрсэн турк эрэгтэйг Европт халдвар авсан хэмээн үзэж байна.
- Дэлхийн худалдааны байгууллагын ажилтнаас халдвар илэрсэнтэй холбогдуулан энэ сарын 20 хүртэлх бүх уулзалтыг хойшлуулжээ.
- Их Британид халдвар авсан хүний тоо 373 болж, зургаан хүн нас барсан байна.
- Халдварын улмаас дэлхий даяар нас барсан хүний тоо 4000 давжээ.
- Италид халдвар авсан хүний тоо 10139 хүрч, 631 хүн нас баржээ.
- Эх газрын Хятадаас гадна бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 35 мянга давсан байна.
Сэтгэгдэл байхгүй байна.