Коронавирусээс үүдэлтэй хямралыг зохицуулж чадахгүй бол ЕХ мөн чанараа алдана
Италийн Ерөнхий сайд Жузеппе Конте коронавирусний халдвараас үүдэлтэй хямралыг зохицуулахдаа "эмгэнэлтэй алдаа” гаргахгүй байхыг Европын Холбооноос /ЕХ/ хүсээд, ийм зүйл тохиолдвол ЕХ гэдэг мөн чанараа алдана гэж мэдэгджээ.
Италийн "Il Sole 24 Ore” сонинд өгсөн ярилцлагынхаа үеэр Ж.Конте, коронавирусний цар тахал Европын эдийн засгийг "сүйрүүлж” болзошгүй хэмээгээд, юу ч хийхгүй байснаар бидний үр хүүхдүүд сүйрсэн эдийн засгийн дарамтад орно гэж хэлсэн байна.
"Бид саад тотгорыг даван туулж чадна. Иймээс Европын эдийн засагт бүхлээр нь дэмжлэг үзүүлэх агуу төлөвлөгөөг боловсруулцгаая” гэж Ж.Конте хэлжээ. Мөн тэрбээр өнгөрсөн пүрэв гарагт болсон Европын Зөвлөлийн теле хурлын үеэр Германы Канцлер Ангела Меркельтэй санал зөрөлдсөн гэдгээ ярьжээ.
"Маш олон хүнийг хохироож, эдийн засгийг уналтад оруулсан хямралтай бид тулгарлаа. Хамгийн их хохирол амссан улс орныг төлөөлж байгаа цагийг би хий дэмий өнгөрүүлж чадахгүй” гэж Италийн Ерөнхий сайд хэлсэн байна.
Мөн тэрбээр ЕХ-ны удирдагчдад хандан, бид эмгэнэлтэй сонголтууд хийхээс зайлсхийх хэрэгтэй хэмээгээд, хэрэв Европ одоогийн нөхцөл байдлыг даван туулах чадвартай гэдгээ харуулж чадахгүй бол холбоо гэдэг мөн чанараа алдаж болзошгүй гэдгийг онцолжээ.
Сэтгэгдэл байхгүй байна.