Үнэгүй дата ашиглан ЭЕШ-т бэлдэх боломжтой боллоо
Коронавирусийн халдвараас шалтгаалан хөл хорио тогтоосон энэ үед төгсөх ангийн сурагчид элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ын хугацаа дөхөж байгаатай холбогдуулан БСШУСЯ-ны зохицуулалтаар теле хичээлийг зааж байгаа билээ. Харин теле хичээлийн хугацаа бага байгаагаас хичээлийн агуулгыг ойлгохгүй байх, хоцрох зэрэг асуудал дагуулж байгаа юм. Иймд төгсөх ангийн сурагчдад ЭЕШ-д амжилттай бэлдэхэд нь дэмжлэг үзүүлж буй нэгэн сайн жишгийг та бүхэндээ хүргэе. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас төгсөх ангийн сурагчдадаа шалгалтандаа цахимаар бэлдэх боломжийг олгох зорилгоор "Багшийн туслах 800” аппликейшнтэй хамтарч ажиллахаар болжээ. Ингэснээр тус дүүргээс энэ жил ЭЕШ өгөх 1640 сурагч багшийн туслах 800 апп-ыг ашиглан шалгалтандаа бэлдэх боломжтой болж байна. Уг ажлын хүрээнд интернет сүлжээний асуудал тулгарч болох тул Мобиком компанитай хамтран сурагчдадаа сар бүр 9GB дата эрхтэй симийг дагалдуулан өгөх зохицуулалтыг хийж ажиллахаар болжээ. Мөн дата эрхийг тухайн апп-ыг ашиглахад хэрэглэж байгаа эсэхэд хяналт тавихын тулд эцэг эхчүүдтэй гэрээ байгуулан ажиллах юм.
Төгсөх ангийн сурагчдын хувьд хямд зардлаар чанартай хичээлүүдээ үзэх боломжтой болж байгаад баяртай байгаагаа илэрхийлж байна. Мөн тэд урт хугацааны хөл хорио тогтоосон үед ангиараа аппликейшнийг ашиглах болсон талаараа ч хэлсэн юм.
12-р ангийн сурагч Б. Номин:
-Багшийн туслах 800 аппликейшны талаар анх сургуулийнхаа багшаас мэдээлэл авсан. Хотын төвөөс алслагдсан дүүргийн сурагчдын хувьд хамгийн түгээмэл байдаг асуудал бол суралцах боломж ялгавартайгаар хүртээгддэг буюу сургуулийн орчин нөхцөл хангамж муутай, интернетийн хомс байдал, сургалтын төвүүд хотын төв рүү хэт бөөгнөрсөн гэх мэт маш олон бэрхшээл байдаг. Харин дээрх аппликейшн нь гэрээсээ хямд зардлаар өндөр чанартай хичээлүүдийг үзэх, ойлгохгүй үедээ ухрааж үзэх, мэдлэгээ бататгаж тест ажиллах гэх мэт маш олон давуу талуудтай санагдсан.
12-р ангийн сурагч Г. Гэрэлт-Од:
-Багшийн туслах 800 аппликейшны талаар найзаасаа сонсож мэддэг болсон. Карентин тогтоосон үеэс хичээлээ хийхэд хамгийн ихээр тулгамдаж байгаа асуудал бол дата юм. Харин энэ аппликейшн ашиглах дататай ирнэ гэсэн санаа нь яг одоо үед хамгийн оновчтой шийдвэр байна лээ. Харин апп руу нэвтрэхэд и-мэйл хаяг руу баталгаажих мэдээлэл удаан ирж байгаа мөн бүртгүүлэхэд оруулсан мэдээллийг засварлаж болохоор сайжруулмаар байна” гэсэн юм.
Харин бид баталгаажих мэдээлэл болон тухайн аппликейшны талаар "Багшийн туслах 800” ХХК-ийн маркетингийн менежер Д. Удвалаас тодрууллаа.
-Багшийн туслах аппликейшн хэзээ хэрэглээнд нэвтэрсэн бэ?
-Багшийн туслах 800 аппликейшн нь 2020 оны хоёрдугаар сарын 2-нд зах зээлд гарч ирсэн. Уг аппликейшнийг Япон улсын боловсролын тэгш бус байдлыг арилгахад маш том хөшүүрэг болсон Study sapuri онлайн платформаас анх санаагаа авч үүсгэн байгуулагдсан. Япон улсын технологийн компанитай хамтран эх орондоо аппликейшн байдлаар нутагшуулсан гэж ойлгож болно. Элсэлтийн ерөнхий шалгалтанд зориулсан хичээлүүд одоогоор аппликейшнд орсон байдаг. Апп-ыг хүүхдүүд гар утсандаа татаж ашиглана. Элсэлтийн ерөнхий шалгалтанд зориулсан видео хичээл болон текстэн мэдээллүүд түүнийгээ бататган ажиллах жишиг тестүүд байгаа. Мөн хөл хорио тогтоосонтой холбогдуулан 1-12 ангийн теле хичээлүүд орсон. Үүнийг 14 хоногийн туршилтын хугацаанд үнэ төлбөргүй үзэх боломжтой. 2013 оноос хойших элсэлтийн ерөнхий шалгалтын бүх жишиг тестүүд орсон байгаа.
-Танайх видео хичээлийн агуулга, хөтөлбөрөө хэрхэн гаргадаг вэ?
-Манай сонгож авсан багш нар элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой хичээл, мэдээ материал , ном сурах бичиг зэргийг ашиглан хичээлийн хөтөлбөрөө өөрсдөө гаргадаг. Ингэхдээ ЭЕШ-д зориулсан хөтөлбөрүүдийнхээ хүрээнд багш нар нь сэдэв, агуулгаа гаргаад хичээл бүр дээр тест, сорил зэргийг аппликэйшин дээр байрлуулсан байдаг. Энэ нь зөвхөн манай аппликейшнд зориулсан ЭЕШ-ын тусгай хөтөлбөрөөр хичээлээ заадаг гэсэн үг.
-Хамтарч ажиллах сонирхолтой, иргэн ААН байгууллага холбогдох боломжтой юу?
-Бүрэн боломжтой. Жишээлбэл хүүхдүүдээ олноор нь хамруулахыг хүссэн аймаг, сум дүүргийн боловсролын газруудад нээлттэй. Сурагчдадаа өндөр оноо авхуулах зорилгоор апп ашиглах боломжийг нь тухайн хариуцсан боловсролын газар нь шийдэх боломжтой. Тухайн байгууллага нь олон хүүхэд хамруулах юм бол манайхаас хэрэглээний төлбөрийн хөнгөлөх уян хатан байдлаар хандаж хөнгөлөх боломжтой. Төлбөрийн хувьд сарын 30 мянга, жилээр нь төлбөл нэг сард ноогдох төлбөр нь 18мянга болж байгаа.
-Одоогоор танай аппликэйшнийг хичнээн хүүхэд ашиглаж байгаа вэ?
-Нээлтээс хийснээс хойш хоёр сарын хугацаанд 10 мянга орчим хүүхэд захиалга өгсөн байна. Энэ дундаас идэвхтэй хэрэглэж байгаа 7000 орчим хүүхэд байна.
-Танай аппликейшнийг ашиглахад сурагчдын мэйл хаягт ирэх баталгаажих мэдээлэл нь хэдий хугацаанд очдог болон бүртгүүлэхдээ оруулсан мэдээллийг засч болох эсэх талаарх сурагчид их сонирхож байсан?
-Хэрэглэгчийн бүртгэл үнэн зөв үүссэн бол 5-10 минутанд баталгаажилт хийгдэж байгаа. Зарим хүүхэд өөрсдийн бүртгэлээ үнэн зөв хийгээгүйгээс болоод очихгүй байх тохиолдол гарч байгаа. Тиймээс өөрийн бүртгэлээ хийхдээ маш анхааралтай хийх шаардлагатай. Харин өөрийн мэдээллийг 70-100-800 лавлах утсанд хандан солиулж, өөрчлөх боломжтой.
-Цаашид программд шинээр оруулахаар төлөвлөж байгаа хичээлүүд байгаа юу?
-Цаашдаа манай апп зөвхөн ЭЕШ гэдгээр хязгаарлагдахгүй ба тусгай хөтөлбөр буюу хувь хүний хөгжил талаасаа хичээлүүд оруулахаар төлөвлөгдөж байна. Жишээлбэл сонирхолтой одон орон, дижитал арт, хөгжим сурах мөн гадаадын их дээд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдах, IELTS, TOFEL, SAT гэх мэт хичээлүүд ирэх зургадугаар сараас тусгай контент хэлбэрээр орох гэж байгаа. Ингэснээр манай аппликейшнийг ашиглахад насны ялгаа байхгүй болж, хүссэн хүн болгон ухаалаг утсаа ашиглан нэвтрэх боложмтой болно гэсэн үг юм. Үнэгүй дата, ухаалаг утсаа ашиглан элсэлтийн шалтгалтандаа бэлдэх таатай нөхцлийг бүрдүүлсэн Сонгинохайрхан дүүргийн авч хэрэгжүүлсэн уг ажлаас бусад дүүрэг, яам жишиг авч үйл ажиллагаандаа нэвтрүүлэхэд боломжгүй зүйл үгүй юм. Багшийн туслах 800 аппликейшнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор үзэх боломжтой.
Г.ЭНЭБИШ
Сэтгэгдэл байхгүй байна.