“Diamond Princess” аяллын хөлөг онгоц Японыг орхижээ
Дэлхий даяар коронавирус тархахаас өмнө хэсэг хугацаанд БНХАУ-аас гадна халдварын хоёр дахь том голомт болж байсан "Diamond Princess” аяллын хөлөг онгоц гурван сар өнгөрсний дараа Японы Ёкохама хотын боомтыг орхин гарчээ.
"NHK” телевизээр мэдээлснээр, уг хөлөг онгоц Малайзыг чиглэн хөдөлсөн байна. Хөлөг онгоц дараа нь ямар улсад очих талаар албан ёсоор мэдээлээгүй байна. "Diamond Princess”-ийн бүх аяллыг энэ оны 10 дугаар сар хүртэл зогсоосон юм.
"Diamond Princess” хөлөг онгоц Ёкохама боомтоос нэгдүгээр сарын 3-нд хөдөлж, хоёрдугаар сарын 3-нд буцаж иржээ. Уг хөлөг онгоцоор аялж явсан зорчигчдын дунд коронавирусээр халдварласан Хятадын иргэн байсан бөгөөд уг эрэгтэй нэгдүгээр сарын 25-нд Хонконгт буусан байна. Японы эрх баригчдын шийдвэрээр хөлөг онгоц дээр хоёрдугаар сарын 5-наас эхлэн хоёр долоо хоногийн хөл хорио тогтоосон юм.
Энэ хугацаанд багийн гишүүдийг оруулаад, 50 орны 3700 орчим зорчигчдын дунд халдвар авсан хүний тоо 712 болж, тухайн үед уг хөлөг онгоц БНХАУ-аас гадна коронавирусний халдварын томоохон голомт болж хувирсан билээ. Эмнэлэгт хүргэгдсэн зорчигчид болон багийн гишүүдээс 13 хүн нас баржээ.
Хамгийн сүүлийн мэдээллээр, Японд коронавирусээр халдварласан хүний тоо 16900 давж, 740 гаруй хүн нас барсан бол эдгэрсэн хүний 11 мянга давжээ. Одоогийн байдлаар 250 орчим хүний биеийн байдал хүнд байна.
Сэтгэгдэл байхгүй байна.