Б.Ууганбаяр: Гадаадаас иргэдээ татан авах ажиллагааг тасралтгүй хийнэ
Монгол Улсын Засгийн газар, УОК-оос шийдвэр гаргаж, гадаадад байгаа иргэдээ татаж авсаар байгаа билээ. Өнөөдөр өглөө гэхэд Энэтхэгээс 158 иргэнээ татаж авчирсан. ОХУ-аас олон оюутан авчирсан, тэднээс коронавирус илэрч, халдварласан тохиолдол 140 болчихоод байгаа. Үүнтэй холбоотойгоор гадаадаас иргэдээ татаж авчрах ажлаа түр завсарлуулах санал ч гарсан. Тэгвэл УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийж, гадаадаас иргэдээ татан авах ажиллагааг тасралтгүй хийнэ гэдгийг хэллээ.
Мэдээллийн эхэнд УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр "15 удаагийн тусгай нислэгийн татан авалтаар 3515, бусад хэлбэрээр орж ирсэн 5007 хүн байна. Зөвхөн сүүлийн 7 хоногт ОХУ, Турк, Энэтхэгээс 1070 хүний татаж авчирсан. Өнөөдрийн байдлаар 46 улсаас 10761 иргэн Монголдоо ирэх хүсэлтээ ирүүлсэн. Эдгээр иргэдээс бага насны хүүхэдтэй 1611, эрүүл мэндийн шалтгаантай 449, өндөр настан 896, жирэмсэн эмэгтэй 152, богино хугацааны визтэй явсан 152 хүн байна. Гадаад орондоо байрлах газаргүй болсон 158 иргэн байгаа. Харин 2818 оюутан, санхүүгийн хүндрэлд орсон 1002, насанд хүрээгүй хүүхэд 358, бусад шалтгаантай 3300 орчим хүн байна. Эдгээр хүмүүс эх орондоо ирье гэсэн санал ирүүлсэн байгаа. Бид гадаад орнуудад байгаа Элчин сайдын яамд, консулын газраараа дамжуулаад эдгээр хүмүүсийн судалгааг гаргуулж авсан. Татан авалтаар ирсэн хүмүүсийг Улаанбаатар хот болон орон нутагт нийтдээ 27 цэгт байрлуулж байгаа. Өнөөдрийн Энэтхэгээс ирсэн хүмүүсийг оролцуулаад тоолбол 2029 хүн тусгаарлах байранд байна. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, "Жаргалант", "Энх саран", "Бага баян" амралтын газар, сувилалд байгаа. Маш олон зочид буудалд байрлуулсан. Өнөөдрөөс эхэлж Улсын нэгдүгээр төв эмнэлэгт суурь өвчтэй хүмүүсийг хүлээж авч байна. Мөн хөдөө орон нутагт ч тараан байрлуулсан. Батсүмбэрийн ахмадын сувилалд хүртэл байрлуулсан.
Шадар сайдын зүгээс ойрын хугацаанд ОХУ-аас оюутнуудаа татаж авах чиглэл өгсөн. Өдөр нь тодорхой бус байна. Бид ОХУ-д суугаа Элчин сайд Даваатай байнга холбогдож, мэдээлэл авч байна. Мөн Энэтхэг рүү хоёр дахь удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа. Өдрийг нь одоо хэлэх боломжгүй. Ямар ч байсан бид төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Түүнээс гадна, Хятад улсаас эх орондоо ирэх хүсэлтээ олон хүн ирүүлсэн. Татан авах ажиллагаа цаашид тасралтгүй хийнэ гэдгийг та бүхэнд мэдэгдэж байна" хэмээлээ.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-ОХУ-д байгаа оюутнуудын нөхцөл байдал улам хүндэрч байгаа гэсэн. Хэзээ татаж авах вэ?
-ОХУ-д байгаа оюутнуудын мэдээллийг байнга авч байна. Нөхцөл байдал нь хүндэрсэн асуудал ч байгаа. Бид ойрын хугацаанд татан авах ажиллагааг зохион байгуулна. Татах хугацаагаа бид шийдээд мэдээлэл өгнө.
-УОК-ын Шуурхай штабт өдөрт хэчнээн хүн хандаж байна вэ. Гадаадаас хүүхдээ, гэр бүлийнхнээ авчирмаар байна гэх мэт шалтгаанаар. Тэдний хүсэлтийг хэрхэн хүлээж авч, яаж шийдэж байна вэ?
-Шуурхай штабт амралтын өдөр гэлтгүй байнга хандаж байна. Одоогийн байдлаар 10 мянга гаруй иргэдийн өргөдлийг хүлээн авсан. Өргөдөлд дүн шинжилгээ хийх ажлын хэсгийг бид дотооддоо томилчихсон байгаа. Хэзээ ч Шуурхай штабт ирээд, өргөдлөө өгөхөд бид хүлээж авна. Харин нэмээд нэг зүйлийг хэлэхэд, УОК, Шадар сайд бусад төрийн өндөрлөгүүдэд өргөдөл өгөх шаардлагагүй. Албан ёсоор Шуурхай штаб өргөдөл хүлээж авч байгаа учраас манайд хандаарай.
-Одоогоор 46 улсаас 10761 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан гэж байна. Эдгээр хүмүүсийг татаж аваад л зогсох юм уу. Цаашид иргэдээ авсаар байх уу?
-Татан авалтыг тасралтгүй зохион байгуулна гэдгийг албан ёсоор хэлье. Дэлхий, Монгол Улсын нөхцөл байдал яаж эргэхийг одоогоор таамаглахад хэцүү байна.
-Татан авч байгаа иргэдийг онгоцонд суулгахаасаа өмнө шинжилгээ өгсөн байх шаардлагыг тавьж байгаа гэсэн. Сая ОХУ-аас авчирсан сонсогчид шинжилгээ өгсөн байсан уу?
-Улс орон болгон шинжилгээ хийлгэх асуудалд өөр өөр байр суурь барьж байгаа. Солонгос гэхэд бүр Пи Си Ар-ын шинжилгээг нь хүртэл хийгээд өгчихөж байна. Гэтэл ОХУ арай өөр байр суурьтай байгаа. Улс орон болгон адилхан хандахгүй байна шүү. Зарим тохиолдолд онгоцон дотор түргэвчилсэн байдлаар шинжлэхээр оролдож байна.
Zaluucom.mn
Сэтгэгдэл байхгүй байна.