Онц шаардлагагүй Элчин сайдын яамдуудыг татан буулгана гэв
Өнөөдрийн УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүн болон Хүний Эрхийн комиссын гишүүн болон Элчин сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хуралдаанд оролцогчид Элчин сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, О.Баасанхүү нар Гадаад харилцааны яамны сайд Ц.Мөнх-Оргилд шүүмжлэлтэй хандаж үг хаялаа.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү ГХЯ-ны сайдын сэнтийд Ц.Мөнх-Оргил заларснаас хойш тус яамыг хатуу чихтэй болсон гэсэн бол М.Оюунчимэг гишүүн Элчин сайд нар тухайн улсдаа өөрөө тохилог байранд суучихаад бусад албан тушаалтнууд нь хэцүү орчинд амьдарч байгаа талаар хэлж, асуулга асуулаа.
Тэрбээр " ОХУ-д гэхэд хууль бусаар Элчин сайдаа татсан. Солонгос, Японы Элчин сайд нарын үүрэг, харилцаа дуусч байна. Мөн Элчин сайд нар өөрсдөө тухайн орондоо тохилог байранд амьдардаг. Харин бусад албан тушаалтнууд нь амьдрах нөхцөл тааруу орчинд амьдарч, ажиллаж байна. Тухайлбал, БНСУ-д гэхэд л Элчин сайдын доод албан тушаалтнууд нь амьсгалах аргагүй бүгчим орчинд амьдарч байна. Энэ тал дээр ямар ажил хийж байна" гэлээ.
Хариуд нь ГХЯ-ны сайд Ц.Мөнх-Оргил М.Оюунчимэг гишүүний асуултад товч бөгөөд тодорхой хариулт өглөө. Тэрбээр М.Оюунчимэг гишүүний асуулгад санал нэг байгааг хариулаад зарим илүү орон тоог цомхотгох болсоныг мэдэгдэв. Өөрөөр хэлбэл, шаардлагагүй Элчин сайдын яамдуудыг татан буулгах бодолтой байгаагаа илэрхийлсэн юм.
Сэтгэгдэл байхгүй байна.