Биткойны АТМ-уудын зохицуулалтыг чангатгаж байна
Биткойны АТМ-уудын эрх зүйн зохицуулалт дэлхийн дахинд улам бүр чанга болно гэж судлаачид үзэж байна. Канад, Герман улсууд мөнгө угаахтай тэмцэх зорилгоор холбогдох зохицуулалтыг улам бүр чангаруулаад байгаа аж.
"CipherTrace” компаниас зургаадугаар сарын 2-нд гаргасан тайланд дурдсанаар 2019 онд АНУ дахь биткойн АТМ-уудаас хийгдсэн гүйлгээний 74 хувь нь тус улсаас гадагш хийгдсэн байна. Мөн АНУ дахь крипто АТМ-уудаас виртуал валютын арилжаа солилцоонд орсон мөнгөний 88 хувь нь гадаадад шилжсэн болохыг тайланд дурджээ. Энэхүү дүн нь сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа ба 2017 оны жилийн дүнгээс хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт юм
"CipherTrace” компанийн технологийн ахлах ажилтан Жон Жеффригийн үзэж байгаагаар биткойны АТМ-ууд нь "илүү зохицуулалт шаардах” бөгөөд цаашид крипто АТМ-уудтай холбоотой "жигд зохицуулалт болон хяналтыг бий болгох шаардлагатай” байгааг онцолсон байна.
Канад Улс виртуал валюттай холбоотой үйл ажиллагаа явуулж байгаа компаниудынхаа талаар шинэ зохицуулалт гаргаснаас хоёр өдрийн дараа "CipherTrace”-ийн тайлан гарсан юм.
Канадын биткойны холбооны ажилтан Фрэнцис Пулиот болон орон нутгийн криптовалют арилжааны "BullBitcoin” компанийн үзэж байгаагаар дээрх шинэ зохицуулалт нь криптог бэлэн мөнгө болгож буй компаниудад голлон нөлөөлөх бөгөөд ялангуяа биткойн АТМ-ны операторуудад ихээр нөлөөлөх аж. Биткойн АТМ-ны операторууд 10000 болон түүнээс дээш дүн бүхий канад доллартой тэнцэх бүх гүйлгээг мэдээлэх ёстой болсон.
Мөнгө угаах асуудалтай холбоотойгоор биткойны АТМ-уудыг хотын хэмжээнд хориглох тухай Ванкувер хотын захирагчийн уриалгатай зэрэгцэн Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2019 оны зургаадугаар сард баталсан.
"CoinATMradar”-ийн үзэж байгаагаар одоогийн байдлаар Канад Улсад 778 крипто АТМ ажиллаж байгаа бөгөөд энэ нь дэлхийн нийт 7958 АТМ-уудын бараг 10 хувьтай тэнцүү байгаа юм.
2019 оны долоодугаар сард Испанийн цагдаа нар орон нутгийн нэгэн гэмт бүлэг Биткойны АТМ-уудыг ашиглан 10 орчим сая ам. доллар угаасны илрүүлсний дараа Европын мөнгө угаахтай тэмцэх зохицуулалтад крипто АТМ-ууд нь сул цэг болж байгааг онцолсон байдаг.
Өнгөрсөн оны 11 дүгээр сард АНУ-ын Дотоод орлогын албанаас криптовалютын хууль бус ашиглалтад шалгалт хийсэн нь Биткойн АТМ-уудыг ашигласнаас үүдэлтэй татварын асуудал байгааг харуулсан.
Германы Санхүүгийн зах зээлийн байгууллага (BaFin) энэ оны гуравдугаар сард зөвшөөрөлгүй Биткойны АТМ-уудын эсрэг арга хэмжээ авсан. Тус улсад өмнө нь хэрэгжиж байсан криптовалютын зохицуулалт дахь сул орон зайг арилгах зорилгоор мөнгө угаахтай тэмцэх шинэ зохицуулалтыг бий болгосны дараа уг арга хэмжээг авсан байдаг.
Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар
Сэтгэгдэл байхгүй байна.