Европын комиссын жагсаалтаас Саудын Арабыг хасахыг шаардаж байна
Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаатай тэмцэх найдвартай механизм хангалтгүй улс орнуудын жагсаалтаас Саудын Арабыг хасахыг Их Британи шахаж шаардаж байгаа тухай "Ройтерс” агентлаг мэдээлсэн байна. Европын комисс энэхүү жагсаалтыг шинэчлэхийн өмнө Их Британи хаалттай уулзалт хийсэн байна.
Тус агентлагийн мэдээлснээр, энэхүү жагсаалт нь мөнгө угаахтай тэмцэхэд чиглэсэн санхүүгийн арга хэмжээнүүдийг боловсруулах бүлгийн мэдээлэлтэй нийцэхгүй байгаад Их Британи улс гол анхаарлаа хандуулжээ. Санхүүгийн гэмт хэргээс сэрэмжлэхийн тулд Саудын Арабын авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд нь байгууллагын зөвлөмжүүдтэй нийцэж байгааг тус бүлгийн өнгөрсөн оны 9 дүгээр сард явуулсан судалгааны дүн харуулсан байна. Үүнтэй холбоотойгоор шинэчилсэн жагсаалт нь бизнесийн төлөөлөгчдийг төөрөгдөлд оруулж магадгүй байна гэж Их Британийн албан тушаалтнууд үзэж байна.
Терроризмыг санхүүжүүлэх болон мөнгө угаахад тавих хяналт хангалтгүй улс орнуудын жагсаалтыг Европын парламент болон Европын холбооны Зөвлөл сайшаан дэмжих аж.
Энэ хүрээнд Саудын Араб хууль тогтоомжийг чангатгах арга хэмжээнүүдийг авсан хэдий ч Европын комиссын жагсаалтад оруулсантай холбогдуулан Саудын Арабын эрх баригчид харамсаж буйгаа өмнө нь илэрхийлж байжээ. Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд орон нутаг, бүс нутаг хийгээд олон улсын түвшинд авч хэрэгжүүлдэг арга хэмжээнүүдийг нь шалгах зорилгоор улс орондоо айлчлахыг Саудын Арабын Сангийн сайд Мухаммед аль-Жадаан Европын комисс болон Европын парламентын төлөөлөгчдөд уриалжээ.
Сэтгэгдэл байхгүй байна.