Covid-19: АНУ-д Монгол Улсын иргэн нас баржээ
Монгол Улсын иргэн АНУ-д Covid-19-ийн халдвараар өвчилж, нас барсан харамсалтай тохиолдол гарчээ. Тухайн иргэн нь АНУ-ын эмнэлэгт 20 гаруй хоног эмчлүүлж байгаад зургадугаар сарын 4-нд нас барсан бөгөөд одоо эхнэр, хүүхэд нь коронавирусийн халдвар авч, гэрээр эмчлүүлж байгаа гэнэ. Энэ гэр бүлд АНУ-д ажиллаж, амьдарч буй монголчууд туслахаар чин сэтгэлийн хандивын аян өрнүүлээд эхэлжээ. Ингээд хандивын аяныг санаачлагч А.Ганбаяртай холбогдож, зарим зүйлийг тодрууллаа.
-Монгол Улсын иргэн АНУ-д шинэ коронавирусийн халдвараар өвчилж, нас барсан гэдэг харамсалтай мэдээг сонслоо. Тухайн иргэн эмнэлгийн тусламж авч чадсан болов уу?
-АНУ-ын Иллиной мужийн Чикаго хотноо ажиллаж, амьдарч байсан Монгол Улсын нэг иргэн шинэ коронавирусийн халдвараар өвчилж, зургадугаар сарын 4-ний өдөр харамсалтайгаар нас барлаа. Тухайн иргэн нь 65 настай байсан бөгөөд АНУ-д гэр бүлээрээ зургаан жил гаруй амьдарч байсан. Нас барахынхаа өмнө эхнэр, 21 настай хүүгийнхээ хамт амьдарч байв. Талийгаачийн бие нь муудаж, эмнэлэгт 20 гаруй хоног эмчлүүлж байгаад өөд болсон.
Эхнэр, хүү хоёр нь коронавирусийн халдвар авсан. Тэдний биеийн байдал хүндэвтэр. Гэрийн хөл хорионд өөрсдийгөө тусгаарлаж, халдвараа эмчлэхээр хичээж байна. АНУ-д шинэ коронавирусийн халдвартай гэсэн хүн болгон эмнэлгийн тусламж авч чадахгүй байгаа. Тэр шалтгаанаар хүү, эхнэр нь өөрсдийгөө гэртээ тусгаарлаж, эмээ уугаад байж байгаа гэж ярьсан. Хүүгийнх нь хувьд зүрх дэлсэх шинж тэмдэг илэрч, нэг хоног эмнэлэгт хэвтээд гэртээ гарсан гэдэг мэдээллийг өгсөн.
-АНУ-д ажиллаж, амьдарч буй монголчууд ар гэрт нь туслахаар чин сэтгэлийн хандив цуглуулж байгаа гэсэн үү?
-Миний бие өнөөдрөөс өөрийнхөө нэр дээр хандивын аяныг өрнүүлж эхлээд байна. АНУ-д эмнэлгийн зардал асар өндөр гарна. Түүнээс гадна талийгаачийг нутаглуулж, чандарлах зардлыг ар гэрээс нь гаргуулах юм байна. Тийм учраас тэр өндөр төлбөрийг барагдуулах зорилгоор бид хандивын аян өрнүүлээд байна.
-Тус улсын хувьд зургадугаар сараас хөл хориогоо үе шаттайгаар цуцалж эхэлсэн гэж сонссон. Тэнд ажиллаж, амьдарч байгаа монголчуудын нөхцөл байдал ямар байна вэ?
-АНУ-ын зарим мужууд зургадугаар сарын 1-нээс хөл хориогоо үе шаттайгаар цуцалж эхлээд байна. Жишээлбэл, Чикаго хотод нийт таван шатлалын гуравдугаар шатны үсчин, гоо сайхны салон, цэцгийн дэлгүүр гэх мэт газруудыг нэг, нэгээр нь нээж байгаа. Одоохондоо 100 хувь хөл хориогоо нээж, цуцлаагүй.
Мэдээж АНУ өртөг өндөртэй улс. Манай мужид өнгөрөгч гуравдугаар сарын 17-ноос хөл хорио тогтоосон. Үүнтэй холбоотойгоор энд ажиллаж, амьдарч буй монголчууд гурван сар гаруй хугацаанд ажил, орлогогүй байлаа. Одоо ч зарим нь ажилгүй, хүндхэн байдалтай байна. Монголчуудын хувьд АНУ дахь монгол эмч нарын холбоотой холбогдож, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх заавар, зөвлөгөөг авч байна.
Өнөөдрийн байдлаар гадаад буй Монгол Улсын 38 иргэн коронавирусийн халдвараар өвчлөөд байгаа ажээ.
Эх сурвалж: news.mn
Сэтгэгдэл байхгүй байна.