Ажил үүргээ гүйцэтгэж явсан сэтгүүлч, зураглаач нар амиа алдсанд МСНЭ-ээс эмгэнэл илэрхийллээ
2020 оны зургаадугаар сарын 20-ны 02.00 цагийн орчимд Хан-Уул дүүргйн 14 дүгээр хорооны нутаг Төв аймгаас Улаанбаатар хот руу явах замд Тоёота Ланд-200 маркийн автомашин онхолджээ. Ослын улмаас зорчиж явсан телевизийн сэтгүүлч, зураглаач хоёр амиа алдсан байна.
МСНЭ-ээс сэтгүүлч, зураглаач залуус ажил үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амиа алдсанд эмгэнэл илэрхийлэв.
ГАНБАЯРЫН БАТХҮҮ
/1985-2020/
Монголын сэтгүүлзүйн салбарт өөрийн мэргэжлийн ур чадварыг тодоор харуулсан чадварлаг сэтгүүлч Ганбаярын Батхүү нь 2020 оны зургаадугаар сарын 20-нд ажил, үүргээ гүйцэтгэж яваад авто ослоор амиа алдаж, нөхөж баршгүй гарз тохиолоо.
Батхүү нь1985 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод Ганбаярын ууган хүү болон мэндэлсэн. 1992 онд Улаанбаатар хотын 10 жилийн 4 дүгээр сургуульд элсэн орж, 2002 онд бүрэн дунд боловсрол эзэмшсэн. 2002 онд Радио телевизийн дээд сургуульд элсэн орж, 2006 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн.
Сургууль төгссөн цагаасаа ажлын гараагаа эхэлж, сэтгүүлзүйн салбарын нэгэн тод өнгө болон ажиллаж байлаа. Тэрээр 2006 оноос 2009 онд TM телевиз, 2009-2016 онд ТВ8 телевиз, 2018 оноос өнөөдрийг хүртэл ТВ4 телевизийн сэтгүүлч, мэдээллийн албаны даргаар ажиллаж байлаа.
Ганбаярын Батхүү нь телевизийн салбарт ажиллах хугацаандаа 2008 оны ТМ телевизийн шилдэг ажилтан, 2010, 2012 онуудад ТВ8 телевизийн шилдэг ажилтан, 2018 онд ТВ4 телевизийн шилдэг ажилтнаар тодорч, ажил мэргэжлээрээ манлайлагч гэдгээ харуулсан юм.
Тэрээр олон зуун мэдээ, мэдээллийг олон нийтэд бэлтгэн хүргэж, эзэмшсэн мэргэжил, эрхэлсэн ажилдаа хариуцлагатай ханддаг нэгэн байлаа.
Түүнийг ажил үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амиа алдсанд гэр бүл болон ажлын хамт олонд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Талийгаачийн нөхөрсөг, алиа хошин, бүтээлч, хөдөлмөрч зан чанар, элэгсэг дотно дүр төрх нь үүрд хоногшин үлдэх болно.
ДАМДИНДОРЖИЙН ДӨЛГӨӨН
/1986-2020/
Монголын сэтгүүлзүйн салбарт нөхөдтэйгээ мөр зэрэгцэн ажиллаж байсан анд нөхөр, зураглаач Дамдиндоржийн Дөлгөөн нь 2020 оны зургаадугаар сарын 20-нд ажил, үүргээ гүйцэтгэж яваад зуурдаар амиа алдаж, нөхөж баршгүй хүнд гарз учирлаа.
Тэрээр 2008-2017 онд Нийслэлийн Хөдөлгөөнт эргүүлийн газарт дэд ахлагч, 2017 онд "NTN” телевиз, 2017-2018 онд "Эко” телевиз, 2018-аас өнөөг хүртэл "Тв4” телевизэд зураглаачаар ажиллаж байв.
Дамдиндоржийн Дөлгөөн нь өргөсөн тангарагтаа үнэнч цагдаа, сэтгүүлзүйн салбарт үнэний дуу хоолойг дамжуулах үүргээ нэр төртэй гүйцэтгэж явсан чадварлаг зураглаач байлаа.
Ажил үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амиа алдсанд гэр бүл, найз нөхөд, төрөл төрөгсөд болон ажлын хамт олонд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Түүний эгэл даруу, хүнлэг, нөхөрсөг, гэгээн дүр төрх нь сэтгэл зүрхэнд үүрд мөнх дурсагдан үлдэх болно.
МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ
Сэтгэгдэл байхгүй байна.