"Хөвсгөл далайг бохирдуулагчид торгууль ногдуулах болоход гацаадаг
Монгол Улсын цэнгэг усны нөөцийн 70 хувийг бүрдүүлдэг Хөвсгөл нуурын ус бохирдож, экосистем алдагдаж буйг мэргэжилтнүүд хэлж байна. Аялал жуулчлалын бүс болж хөгжихийн хэрээр ашиг хонжоо хайсан хариуцлагагүй иргэд, дотоодын аялагчдын хайхрамжгүй үйлдлээс хүн, мал ундалдаг ус бохирдох шалтгаан болж байна. Үүний тод жишээ нь, Хатгал тосгон буюу Хөвсгөл нуурын баруун эрэгт үйл ажиллагаа явуулдаг "Далай ээж-1”, "Далай ээж-2” зочид буудлууд нь бохир усаа насосоор татан урсгаж, нуурыг бохирдуулсан асуудал өнгөрсөн сард дэгдэж, олны дургүйцлийг хүргэсэн. Энэ мэт хариуцлагагүй үйлдэлд төрийн байгууллагууд уялдаа холбоогүй ажиллаж байгааг "Хөвсгөл нуур хамгаалал” хэлэлцүүлгийн үеэр хөндлөө. Салбарын яамнаас байгаль орчныг бохирдуулж буй асуудалд орон нутгийн хяналт үгүйлэгдэж байна гэх байр суурийг илэрхийлсэн бол орон нутгийн төлөөллөөс салбарын яамыг шүүмжилж, төрийн байгууллагуудын захирамж шийдвэр уялдаа холбоогүй байна хэмээн дүгнэсэн билээ.
ХӨВСГӨЛ НУУРЫГ ХАМГААЛАХАД ОРОН НУТГИЙН ЗАХИРГААНЫ ХЯНАЛТ ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА
БОАЖЯ-ны Ахлах мэргэжилтэн Г.ЭНХМӨНХ:
– "Хөвсгөл нуур хамгаалал” сэдэвт өнөөдрийн хэлэлцүүлэгт тухайн газрын Хамгаалалтын захиргаа, сав газрын захиргааг яагаад уриагүй юм. Хөвсгөл нуурыг хамгаалах чиглэлээр тухайн газарт ажиллаж буй хүмүүс өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцсон бол илүү бодит, тодорхой үр дүнд хүрэх байсан. Байгаль орчин аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсгийнхэн Хөвсгөл аймагт ажиллахдаа нуурын эрэгт бохир асгасан, замбараагүй газар олголтын асуудлаар нөхцөл байдлыг шалгасан. Газар ухсан гэх зөрчил гаргасан "Хөвсгөл давлагаа” гэх компанийг хуулийн байгууллагад шилжүүлж, экологид учирсан хохирлын хэмжээг тогтоосон. Тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүй газар ухах хүртэл хориотой. Мөн "Далай ээж-1”, "Далай ээж-2” зочид буудлын орчим бол Хатгал тосгоны иргэдийн бүс нутаг. Тусгай хамгаалалттай газарт хамаарахгүй.
Завь зогсоолын хэсэгт орон нутгийн хяналт үгүйлэгдэж байна. Тусгай хамгаалалттай газар байдаггүй гээд орон нутгийн захиргаа нь шаардлага хүлээж авдаггүй. Гэтэл "Далай ээж-1”, "Далай ээж-2” зочид буудал бохироо асгадаг болохыг нь тогтоож, хуулийн байгууллагад шалгагдаж байна. Энэ мэтчилэн өнөөдрийн хэлэлцүүлгээр тухайн газарт ажилладаг хамгаалалтын захиргааныхантай нөлөөллийн ажлаа нэгтгэж бодит үр дүн, тодорхой шийдэлд хүрэх байсан.
БОАЖЯ-наас олон улсын стандартад нийцсэн найман газарт отоглох цэгийг байгуулахаар газрыг сонгосон. Ингэснээр дотоодын жуулчид дураараа аашилдаг, дуртай газраа майхантай аялдаг, энд тэндгүй хүндэрдэг асуудлыг цэгцэлнэ.
ХОЁРХОН ХҮН 1140 ГА ТАЛБАЙД ХЯНАЛТ ТАВЬЖ ЧАДАХГҮЙ
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын ИТХ-ын дарга Ж.ДАВААДАМДИН:
– Өнөөдөр салбарын яамнаас орон нутгийн хяналт үгүйлэгдэж байна гэж шүүмжиллээ. Гэтэл Хатгал тосгоны хэмжээнд ердөө хоёр хүн л хяналт тавьж байна. Улсын байцаагч болон байгаль хамгаалагч хоёр 1140 га талбайд ажиллаж хүрэлцэхгүй. Хоёрхон хүн чадлаараа ажилласан ч хяналт бүрэн тавьж чадахгүй. Хөвсгөл нуурын бохирдлын асуудал бол замбараагүй газар олголт, хяналтын асуудал хөндөгдөнө.
Тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулдаг нэг компани гэхэд нэг уулын бэлийг нурааж, ногоон моддыг нь тайрч зам тавьж байна. Үүнийгээ тухайн жуулчны баазын хүмүүс нь "Тусгай хамгаалалттай газрын даргаас зөвшөөрөл” авсан гэх тайлбар өгч байхад салбарын яамнаас тухайн жуулчны баазын үйл ажиллагааг акталж, хуулийн байгууллагад шалгуулж байна гэх хариу өгч байгаа нь зөрчилтэй тайлбар болж байна.
Орон нутгийн удирдлагууд тусгай хамгаалалттай газарт зөрчил гаргаж буй иргэн, аж ахуй нэгжид хариуцлага тооцох эрхзүйн чадамж байхгүй учраас "аан за” гэхээс өөр үндэс байхгүй. Мөн "Далай ээж-1”, "Далай ээж-2” жуулчны баазын эзэн нь Хөвсгөл нууранд бохироо цутгаж байгаад үйлдэл дээрээ баригдсан. Зөрчил гаргасан иргэнд аймгийн мэргэжлийн хяналтын газраас торгууль ногдуулъя гэтэл салбарын яамны харьяа Ус сав газрын захиргаанаас бохирдлыг тогтоох ёстой гэсэн хариу өгсөн. Гэтэл байгаль орчны улсын байцаагч, орон нутгийн захиргаанаас торгууль ногдуулъя гэхээр хохирлын хэмжээг тогтоогоогүй байна гэдэг хариу тайлбарыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас өгч байна.
Бид энэ асуудлыг есдүгээр сарын эхээр дэвшүүлсэн ч өнөөдрийг хүртэл тодорхой шийдэлд хүрээгүй байна. Энэ асуудал цаашлаад замхрахыг үгүйсгэхгүй. Ердөө БОАЖЯ-ны дүгнэлт шийдвэрийг хүлээж байна гэдэг шалтгаанаар арга хэмжээ авахгүй удаж байгаа нь төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй байдлыг харуулж байна. Хөвсгөл нуур онцгой бүс байтал Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас хяналт тавьж, бодлого шийдвэрээ хурдан гаргаж хэрэгжүүлэх ёстой.
Гэтэл төрийн байгууллагын уялдаа холбоо удаан байна. Хэрэв Хөвсгөл нууранд бохироо цутгаж зөрчил гаргасан иргэн аж ахуй нэгжид тухай бүрт нь арга хэмжээ авч, торгууль ногдуулсан бол бусдадаа том сануулга болох байсан гэлээ.
Хэлэлцүүлгээр Хөвсгөл нуурын эко систем, нуур хамгаалал, нутгийн иргэдийн эрхтэй холбоотой тулгарч буй бэрхшээл, гарц шийдлийг олон талын оролцоотой хэлэлцэж, хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлт, уриалгыг олон нийт, бодлого боловсруулагч, хэрэгжүүлэгчдэд хүргэхээр төлөвлөсөн.
Сэтгэгдэл байхгүй байна.