Оргосон сэжигтнүүд Залаатын аманд 23 хоног бүгжээ
-ОРГОХООР БЭЛТГЭЖ БАЙЖЭЭ-
Э.Вантөмөр залилан хийсэн, бусдын бие махбодид санаатайгаар гэмтэл учруулсан хэрэгт холбогдож гүйцэтгэх ажиллагааны дагуу цагдан хоригдсон. Түүнийг Эрүүгийн хуулийн 148.2, 98.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, сэжигтнээр шалгаж байсан юм. Харин Б.Амарбаясгалан нь хулгайн гэмт хэрэгт сэжигтнээр шалгагдаж байжээ. Б.Амарбаясгалан нь өмнө нь ийм төрлийн гэмт хэрэгт холбогдож байсан учраас Эрүүгийн хуулийн 145.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгээд байсан аж. Б.Амарбаясгалан, Э.Вантөмөр нарыг ойролцоо хугацаанд цагдан хорьсон аж. Мөн хорих ангийн гуравдугаар давхарт хамт хоригдож байжээ. Тиймээс 461 дүгээр ангид орж танилцсан гэж үзэж байгаа аж. Оргох санааг Б.Амарбаясгалан гаргасан гэх албан бус мэдээлэл бий. Улмаар тэд оргохоор хувцас, хэрэглэх зүйлсээ бэлтгэж байсан бололтой. Эргэлтээр ирсэн хүнээрээ хутга авахуулснаа хорих өрөөнд нууж, зузаан хувцас бэлтгэж байсан бололтой.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг айлчлах үеэр нийслэлийн хорих ангиудад өндөржүүлсэн хамгаалалт авсан. Энэ хамгаалалтыг буусны дараа оргохоор төлөвлөж байснаа хэрэгжүүлсэн бололтой. Есдүгээр сарын 4-ний үүрээр хуяг унтаж байх зуурт хөнжлийн даавуугаараа нарлагааны сараалжин төмрийг ороож гагнаасыг нь салгасан бололтой юм. Дараа нь даавуугаараа зүүгдэж гуравдугаар давхраас бууж оргосон мэдээлэл байгаа. Тэд оргохоор гэтэж явахдаа хутгатай байсан нь камерт үлдсэн байдаг. Есдүгээр сарын эхээр нийслэлд дулаан байсан. Гэтэл Э.Вантөмөр, Б.Амарбаясгалан нар давхар өмд, цамц өмсөж, дулаалсныг бодоход хорих ангиас гараад шууд уул руу явахаар төлөвлөж байсан нь илт байна. Тухайлбал, Б.Амарбаясгалан хоёр ноосон цамц давхарлаж, давхар өмд өмссөн байжээ. Э.Вантөмөр мөн хоёр давхар цамцтай. Хоёулаа хавар, намрын гуталтай байсан аж.
-ЗАЛААТЫН АМАНД НҮХ УХАЖ, УРЦ БАРЬЖЭЭ-
Тэд үүрээр оргохдоо, уул руу ортол өөрсдийнх нь талаар мэдэхгүй гэж таамаглаж байжээ. Тиймээс ч оргосон даруйдаа Яармагийн гүүрээр гарч Их тэнгэрийн ам өнгөрч, Залаатын амаар Богдхан уул руу орсон аж. 461 дүгээр хорих ангиас Залаатын ам хүртэл 10 гаруй км бий. Явган хүмүүс арван км алхахад багагүй хугацаа зарцуулах нь ойлгомжтой. Бас очоод идэх хоол хүнс замаараа бэлтгэсэн гэнэ. Оргохоор бэлтгэж байхдаа багагүй мөнгө хадгалсан нь үүнээс харагдаж байна. Ямар ч байсан Яармагийн гүүрээр гарч Их тэнгэр рүү явж байхад Богд уулын шинэ замыг засч байсан зам ангийнхан байсан аж. Гэхдээ оргодлууд халимаг үстэй учраас хүмүүст анзаарагдахгүй байсан бололтой. Тэгээд ч эрлийнхэн оргосноос хойш хоёр хоногийн дараа оргодлуудын талаарх мэдээллийг олон нийтэд ил болгож, зургийг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарааж, гудамж талбайд наасан байдаг. Тиймээс оргосон хоёр нөхөрт уулын аманд хүртэл ямар ч саад байгаагүй бололтой юм. Залаатын ам руу нэлээд гүнзгий орж нүх ухаж, оромж бэлтгэсэн байна. Тэндээ бүгж, эрлийн ажиллагаа саармагжихыг хүлээж байсан бололтой юм. Оромжиндоо хийн буу, сүх, хутга зэргийг хадгалж байсныг баригдсаных нь дараа эд мөрийн баримт болгон авчээ. Тэгэхээр оргосныхоо дараа ойрын хүмүүс рүүгээ холбоо барьж зэвсэг авсан бололтой. Мөн хоёулаа гар утастай байсан аж. Хулгайн гэмт хэрэгт удаа дараа холбогдож байсан Б.Амарбаясгалан оргож явахдаа гар утас, мөнгө хулгайлсан байж магадгүйг цагдаагийнхан шалгаж байгаа аж.
Богдхан уул дархан цаазтай. Ам бүрт нэг байгаль хамгаалагч ажилладаг. Залаатын аманд ажилладаг байгаль хамгаалагч өглөө, оройд ажлын байраа эргэдэг талаар ярьсан. Гэхдээ оргодлуудын талаар ямар нэгэн сэжигтэй зүйл олж мэдээгүй аж. Хэрвээ оргодлуудыг барьсан, байгаа газрыг нь мэдсэн бол амь насанд нь аюултай нөхцөл үүсч мэдэхээр байжээ. Учир нь оргодлууд хийн буу, сүх, хутгатай байсан талаар өмнө дурдсан.
-ЭРЭЛ-
461 дүгээр хорих ангиас хоёр сэжигтэн оргосны дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Тахарын ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг эрэл хийж байсан. Ажлын хэсэг нийслэл болон орон нутгийн 30 шахам чиглэлд эрэн хайх ажиллагаа хийж байжээ. Нийслэлд баар, цэнгээний газар, цахим тоглоомын газруудыг хараандаа авч, байнгын хяналтад байлгаж байсан аж. Мөн ар гэрийнхэнд нь гүйцэтгэх ажиллагаа явуулж байжээ.
Үүнээс гадна оргодлуудын талаар баттай мэдээлэл өгсөн хүнд нэг сая төгрөгийн шагнал олгох зар тараагаад байсан юм. Зарын дагуу 300 гаруй мэдээлэл ажлын хэсэгт ирсэн аж.
Хоёр сэжигтэн мөрдөн байцаагдаж байхдаа гэрийн хаягаа буруу мэдээлсэн байна. Тухайлбал, Э.Вантөмөр Хан-Уул дүүргийн 14 хорооны ... тоот хаягт гэж бүртгүүлсэн аж. Уг хаягийн дагуу очиход заасан гудамж, тоотод нь айл байдаггүй болж таарчээ. Б.Амарбаясгалан Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны ... тоотод амьдардаг гэж бүртгүүлсэн ч тэр хашааг хоёр жилийн өмнө огт өөр айл худалдаж авсан нь тодорхой болжээ. Эхнэр, хүүхэд нь ч бүртгүүлсэн хаяг дээрээ байдаггүй нь эрлийн явцад тодорхой болжээ. Тиймээс гүйцэтгэх ажиллагааны дагуу гэр, бүлийнхнийг нь олж хяналтандаа авсан байна. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр оргодлуудын нэг нь холын хамаатны эрэгтэй дүүгээрээ дамжуулан гэрийнхэнтэйгээ холбоо барьж байсан бололтой. Холбоо барьж эхэлсэн үеэс нь буюу хэд хоногийн өмнө эрлийн ажлын хэсгийнхэн тэднийг ууланд бүгсэн байх таамаг мэдээлэл авч байжээ. Гэхдээ аль ууланд бүгсэнийг нь мэдэх боломж байгаагүй аж. Тиймээс хотод орж ирэхийг нь анаж байжээ.
-ХООЛ ХҮНС, ДУЛААН ХУВЦСАА БЭЛТГЭХ ГЭЖ ОРЖ ИРЭЭД БАРИГДЖЭЭ-
Оргосон хоёр нөхөр Залаатын аманд 23 хоносон байна. Цаг агаар тогтуун байсан учраас тэдэнд бэрхшээл нэг их байгаагүй бололтой юм. Холын хамаатнаараа дамжуулж гэр бүлийнхнээсээ нэг, хоёр удаа хоол хүнс авахуулсан гэх мэдээлэл ч байна.
Харин өнгөрсөн бямба гаригийн шөнө цас орж, хүйтрэхэд нүхэнд амьдрах боломжгүй болжээ. Тиймээс ням гаригийн өглөө хоёулаа хот руу явсан байна. Оройхон хотод орж ирээд хоёулаа салж, тус тусдаа танилындаа хоносон бололтой. Даваа гаригт шинэ Бөмбөгөрт очиж магадгүй гэх мэдээллийг эрлийнхэн авчээ. Тиймээс Бөмбөгөр хавийг хяналтандаа авсан аж. Оройхон Б.Амарбаясгалан Бөмбөгөр худалдааны төвд ирэхэд нь эрлийнхэн бүслэж баривчлахад бэлтгэж байжээ. Улмаар 18.05 цагт түүнийг Бөмбөгөр худалдааны төвийн баруун хаалган дээр баривчлахад зугтахыг оролдсон гэнэ. Б.Амарбаясгалан баригдсаныхаа дараа Э.Вантөмөрийгөө хаана байгааг мэдэхгүй гэж хэсэг мэлзсэн байна. Ажлын хэсгийнхэн түүнийг дагуулж Залаатын ам дахь оромжинд нь үзлэг хийж, эд мөрийн баримтуудыг авчээ. Улмаар гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Б.Амарбаясгалан Э.Вантөмөртэй утсаар яриулж нэгдүгээр хорооллын орчимд уулзуулахаар болсон аж. Э.Вантөмөр мягмар гаригт товлосон цагтаа нэгдүгээр хорооллын хоёрдугаар байранд очоод баригджээ.
-ОРГОСОН УЧРААС ЯЛ ДЭЭР НЬ 5-10 ЖИЛ НЭМЭГДЭХ БОЛОЛТОЙ-
Б.Амарбаясгалан давтан хулгай хийсэн хэргээр шүүгдвэл 10-15 жил хоригдох хуулийн зүйл ангиар шалгуулж байсан. Харин Э.Вантөмөр залилангийн хэргээр шүүгдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлэх хуулийн заалттай байсан. Мөн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан хэрэгтээ гурав хүртэлх жилийн ял сонсох хуулийн зүйл ангиар шалгуулж байсан. Одоо үүн дээр нь цагдан хорих ангиас оргосон гэх гэмт хэргийн зүйл анги нэмэгдэх аж. Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2-т "Прокурорын хяналт, шүүх, цагдан хорих, хорих ангиас оргох хэргийг давтан буюу бүлэглэж, түүнчлэн онц аюултай гэмт хэрэгтэн үйлдсэн, эсхүл харуул манаанд зэвсэг, хүч хэрэглэж буюу хорих ангийн барилга байгууламж, хамгаалалтын тоног төхөөрөмжийг эвдэж оргосон бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан байдаг.
Ц.ӨРНӨХ /Өдрийн сонин/