Сурвалжилга: "Шилдэг бүтээлч багш"-ийг 10 сая төгрөгөөр шагналаа

0

Сурвалжилга: "Шилдэг бүтээлч багш"-ийг 10 сая төгрөгөөр шагналаа

 

 Дэлхий нийтээр тэгш боломжийг хангаж ажиллах, тэр дундаа "Боловсролын тэгш бус байдлыг арилгах”-ыг зорих болсон.  Түүнийг арилгах хамгийн хялбар шийдэл нь цахимаар боловсрол олж авах явдал юм. Харин "Багшийн туслах аппликейшн" Монголын боловсролын салбарт цахим сургалтыг анхлан нэвтрүүлж, цар тахлаас үүдэлтэй хөл хорионы үед сурагчдыг үр дүнтэй суралцах боломжийг олгосон билээ.  Тэдний бэлтгэн хүргэсэн цахим хичээлээр нийт 17000 гаруй сурагч ЭЕШ-даа бэлдэж, чамлахааргүй үр дүнг гаргасан нь ЭЕШ-2020-д 800 оноо авсан 196 сурагчийн 60 нь тус аппликейшний хэрэглэгч байсан ажээ.

 

"Боловсролыг хүүхэд бүрт тэгш хүртээх” зорилготой "Багшийн туслах"-ын хамт олон дахин нэгэн үйл ажиллагааг эхлүүлсэн нь "Багшийн туслах сан” НҮТББ аж. Засгийн газраас "Хосолсон сургалтын систем” рүү шилжиж байгаатай уялдуулан "Сайн багшаас сайн шавь төрдөг” гэх үзэл санааны хүрээнд тэдний хөгжлийг дэмжсэн цахим сургалтын цогц үйл ажиллагааг явуулахаар энэхүү нийгэмд үйлчлэх Төрийн бус байгууллагыг байгуулж байгаа аж. Өнгөрсөн баасан гарагт энэхүү сангийн нээлтийг албан ёсоор хийсэн юм. Мөн "Багшийн туслах"-ын нэрэмжит "Шилдэг бүтээлч багш"-ийг шагнах ёслол ч боллоо. Түүнээс гадна, Багшийн туслах аппликейшнээс зарласан "Багшаа баярлуулъя” уралдааны шилдэг анги хамт олныг шагнаж, урамшуулсан юм. 

Үйл ажиллагаа нээж "Багшийн туслах" ХХК-ийн Дэд захирал Г.Ганчимэг үг хэлсэн юм. Тэрбээр "Өнөөдөр бид энд ёслолын үйл ажиллагаа зохион байгуулахын зэрэгцээ багш нарын баярыг давхар тэмдэглэж байна гэж хэлж болно. Багшийн туслах" санг бид өнөөдөр нээж байна. Багш нарыг чадавхижуулах, тэднийг урамшуулдаг байх, залуу хойч үеэ бэлтгэх чиглэлд илүүтэй анхаарахыг зорьж байгаа. Залуу багш нар маань мэргэжлээрээ бахархах сэтгэлийг төрүүлэх, урам өгөхийн төлөө ажиллах болно. Түүнээс гадна, бид өнөөдөр сурагчдын дунд зохион байгуулсан "Багшаа баярлуулъя" уралдааны шилдгүүддээ шагнал гардуулах болно. "Багшийн туслах"-ын зүгээс сар болгон багшийг чадавхижуулах, сурагчдын идэвхи санаачилга, сурах хүслийг нэмэгдүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. Энэ удаад "Багшаа баярлуулъя" уралдааныг зохион байгуулсан. Тэгвэл энэхүү уралдаанд байр эзлэсэн хүүхдүүд маань бүгдээрээ хөдөө орон нутгаас тодорсон. Зарим хүүхдүүд бүр ангиараа хүрээд ирсэн байна. Манай хамт олны зүгээс мөн "Шилдэг бүтээлч багш"-ийг шалгаруулсан.  "Багшийн туслах"-тай өмнө нь хамтарч ажиллаж байсан гурван багшийг шалгаруулж, шагнаж, урамшуулж байна. Цаашид бид шилдэг анги, сурагчийг шалгаруулж, гадаадад аялах эрхийн бичгээр шагнаж байхаар зорьж байгаа. Мөн шилдэг багш нарыг шалгаруулж, 10 сая төгрөгөөр шагнах болно" хэмээлээ.  

Түүний дараа "Багшаа баярлуулъя" уралдааны шилдгээр шалгарсан анги, хамт олонд шагналыг нь гардуулж өглөө. Энэ удаагийн уралдааны тэргүүн байрт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Нэгдүгээр сургуулийн 12в ангийн хамт олон шалгарч, 2 сая төгрөгөөр шагнууллаа. Шагналыг 12в ангийн дарга Г.Отгонбаяр төлөөлөн ирж, гардаж авлаа. Харин хоёрдугаар байрт Өвөрхангай аймгийн Хархорин сумын II сургуулийн 12а ангийн хамт олон шалгарч, 1 сая төгрөгөөр шагнуулав. Шагналыг ангийн багш С.Норовбанзад, ангийн дарга Б.Сайнбилэг нар гардаж авлаа. Хархорин сумын хоёрдугаар сургуулийн 12а ангийнхаа анги хамт олноороо хүрэлцэн ирсэн байсан юм. Тэгвэл гуравдугаар байрт Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын сургуулийн Д.Мөнхнаст багштай 12а ангийнхан шалгарч, 500 мянган төгрөгөөр шагнуулав. 

Тэгвэл Багшийн туслахын нэрэмжит "Шилдэг бүтээлч багш”-аар гурван багшийг шалгаруулж, шагнаж урамшууллаа. Нийслэлийн 33 дугаар сургуулийн математикийн багш Б.Ариунаа, "Жэт" бүрэн дунд сургуулийн нийгмийн судлалын багш Э.Баасанцэрэн нарыг 1 сая төгрөгөөр шагнаж, урамшуулсан.  Шилдгийн шилдгээр Нийслэлийн 117-р сургуулийн биологийн багш Ж.Жаргалзаяа шилдгээр шалгарч, 10 сая төгрөг гардаж авсан юм. Тэрбээр шагналаа гардаж авахдаа "Шилдгээр шалгарна гэж бодоогүй байсан, гэнэтийн бэлэг боллоо. Тулгамдаад хэлэх үг олдохгүй байна. "Багшийн туслах” аппликэйшнтэй хамтарч ажилладагтаа маш их баяртай байдаг. Анх энэ саналыг хүлээж авахад баярлахын зэрэгцээ маш том хариуцлага ирж байгааг ухаарсан. Монголд маш мундаг олон багш бий. Дараа дараачийн удаа мөн олон багшийг шагнаж багш хүний хөдөлмөрийг үнэлж, нэр алдрыг нь цуурайтуулаасай гэж хүсэж байна" хэмээлээ.  

Шагнал гардуулах ёслолын дараа "Багшийн баярлуулъя"  уралдаанд байр эзэлсэн анги хамт олны төлөөллийн сэтгэгдлийг сонслоо. 

Г.Отгонбаяр:  Уралдаанд түрүүлж, багшаа маш их баярлуулж чадлаа 

"Багшаа баярлуулъя" уралдаан түрүүлсэн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Нэгдүгээр сургуулийн 12в ангийн дарга 

-Манай ангийнхан "Багшаа баярлуулъя" уралдаанд хамт олныхоо зураг, бичлэгийг эвлүүлж оролцсон. 30 минутын турш үргэлжлэх бичлэг болсон. Энэ уралдаанд оролцох үеэр ангийн багшийн маань бие нь өвдөөд эмнэлэгт хэвтсэн байсан. Тиймээс энэ уралдаанд идэвхтэй оролцож, түрүүлж, багшаа баярлуулъя гэж шийдсэн.  Уралдаанд түрүүлсэндээ маш их баяртай байна. Ангийн багшаа ч гэсэн маш их баярлуулж чадсан. Манай ангийнхны хүсэл биелсэн. 

 

 

Б.Сайнбилэг:  Бид ангиараа хотод ирж, шагналаа гардаж авч байгаа 

Өвөрхангай аймгийн Хархорин сумын II сургуулийн 12а ангийн дарга 

-Энэ уралдаанд оролцохдоо багшдаа хэлээгүй. Ангийнхантайгаа ярилцаад, зургийг нь аваад эвлүүлж, бичлэг хийсэн. Мөн багш хүн юу хийдэг, хүүхдүүддээ яаж анхаарал тавьдаг вэ гэдгийг бичлэгтээ оруулж өгөхийг хичээсэн. Бид тэмцээнд оролцоод, хоёрдугаар байрт орсныхоо дараа багшдаа хэлсэн. Багш маань их гайхаж, маш их баярласан. Бид захиралтайгаа уулзаж чөлөө аваад, ангиараа ирсэн.  Бид ирэх хавар сургуулиа төгсөнө. Тийм болохоор багштайгаа хамт хотод ирж, эргээд дурсах сайхан дурсамж бүтээхээр ангиараа хүрч ирсэн юм.  Өнгөрсөн лхагва гарагт уралдааны хариу гарна гэж байсан. Ангидаа хичээлээ хийгээд сууж байтал над руу залгаж, хэлсэн. Манай ангийнхан үнэхээр их баярласан. 

Цаашид "Багшийн туслах сан” нь Монголын нийт ЕБС-ийн багш нарт зориулсан ур чадвар, заах арга зүйг дээшлүүлэх үйл ажиллагааг цахимаар зохион байгуулах, шилдэг багш нараар дамжуулж, залуу багш нарыг чадавхжуулах шат дараатай сургалтууд зохион байгуулах, жил бүр уламжлал болгож "Шилдэг бүтээлч багш” шалгаруулах ёслолын арга хэмжээг зохион байгуулж, шилдэг багш нарыг тус бүр 10 сая төгрөгөөр шагнаж байх юм.

 Дашрамд дуулгахад Багшийн туслах сангийн дэмжлэгтэйгээр тус аппликейшнийг ЕБС-ийн бүх багш нар үнэ төлбөргүй ашиглах боломжтой болж байгаа бөгөөд харин сурагчид сард ердөө 4950 төгрөөр авч хэрэглэж болох юм байна. Багшийн туслах Монголын хамгийн шилдэг, заах арга зүйн өндөр ур чадвартай, салбартаа нэр хүндтэй 150 гаруй багш нарыг сонгон хамтран ажиллаж байна. Тэд шилдэг багш нарын заах арга зүйн ур чадвар дээр үндэслэн, их дээд сургуульд элсэгчдэд зориулсан ЭЕШ, ЕБС-ийн дунд, ахлах ангийн хичээл болон гадаад хэлний мэдлэгийн түвшин тогтоох TOPIK, TOEFL, HSK, JPLT шалгалтад бэлдэх хичээлүүд зэрэг олон төрлийн боловсролын цогц контентуудыг бүтээж байна.


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.