А.БАЗАР: ''ОРГИЛ'' ХУДАЛДААНЫ ТӨВ ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭНЭЭС ХЭТРҮҮЛЖ ГАЗАР АШИГЛААД УДАЖ БАЙНА

0
А.Базар: ''Оргил'' худалдааны төв газар эзэмших эрхийн гэрчилгээнээс хэтрүүлж газар ашиглаад удаж байна
УИХ-ын гишүүний эзэмшилд байх "Оргил” худалдааны төв өдрөөс өдөрт өргөжин тэлж өнгө зассаар байна. Энэ бол өнгөрсөн таван жилийн үр дүн. Ж.Ганбаатар гэх эрхэм УИХ-ын гишүүний суудалд тухлаад тав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Гэхдээ УИХ-ын гишүүн гэхээр хэмжээлшгүй эрх мэдэлтэй байна гэдэг хэтэрхий зохисгүй ойлголт. Гэвч тэр Монгол Улсын хуулийг хийгээд Монгол Улсын иргэдийн амьд явах эрхийг ноцтойгоор зөрчин, хувийн компанийнхаа үйл ажиллагааг явуулж байна. Иймээс энэхүү хууль зөрчсөн үйлдлийг арилгуулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллах амьдрах эрхийг хангахаар өмгөөлөгч А.Базар хуулийн байгууллагад хандаад байгаа аж. Түүнтэй цөөн хором ярилцлаа.


-Сайн байна уу? Юуны өмнө та өөрийгөө танилцуулахгүй юу?

-Танд болон танай сайтын нийт уншигчдад өдрийн мэнд хүргэе. Намайг А.Базар гэдэг. Өмгөөлөгч, өмгөөллийн "БЭЗ Партнерс” нөхөрлөлийн үүсгэн байгуулагч юм. Бизнес, даатгал, банк санхүү, гэрээний эрх зүйн чиглэлээр дагнан ажиллахыг хичээж байгаа залуу хуульч гэж өөрийгөө танилцуулмаар байна.

-"Камдер” ХХК-ны эзэмшилд байдаг "Оргил” худалдааны төв явган хүний замыг зогсоол болгон ашиглаж байгаа талаар нийслэлийн Засаг даргад хандсан ч арга хэмжээ аваагүй тухай твиттер хуудаснаа мэдээлсэн байна. Харин нийслэлийн Засаг даргын эсрэг захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг үүссэн гэж ойлголоо. Чухам ямар асуудал үүсээд байгаа талаар мэдээлэл өгөөч?

-Миний  хувьд Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороонд амьдардаг, тус хорооны оршин суугч юм. Хүмүүсийн мэддэгээр бол "Hoмe plaza”, Баянмонгол хороолол, Хан-Уул дүүргийн "Имаpт” хавь гэсэн үг. Тэнд "Имарт”-ын баруун талд "Оргил” худалдааны төв байдаг. "Оргил” худалдааны төв өөрсдийн авто машины зогсоолоо өргөтгөөд, явган хүний болон дугуйн зам байх хэсгийг газар эзэмших эрхийн гэрчилгээгүйгээр ашиглаад их удаж байна. Авто машины зогсоолоо машины зам хүртэл тулгаж барьчихсан байдаг. Үүнээс болж явган хүний болон дугуйн замгүй болсон.
Явган хүн, дугуйтай хүн, хүүхдийн тэрэгтэй хүмүүс бүгд тэр хавиар өнгөрөхдөө нэг бол машины төв замаар эсвэл "Оргил” худалдааны төвийн машины зогсоолын замаар явах хэрэгтэй болдог. Энэ бол хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг алдагдуулж буй хэрэг. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар бид аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Иймд энэ бол хүний эрхийн зөрчил юм. "Оргил” худалдааны төв газар эзэмших эрхийн гэрчилгээнээс хэтрүүлж газар ашиглаж буй тухай, энэ нь хөдөлгөөний аюулгүй байдлыг алдагдуулж буй тухай, тухайн компани зам сүйтгэсэн тухай Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Газар зохион байгуулалтын алба, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар гээд төрийн байгууллагуудын дүгнэлт, шийдвэрүүд байдаг.

-Хуульд газар эзэмших эрхийн гэрчилгээгүйгээр ашиглаж байгаа тохиолдолд тухайн газрыг чөлөөлөх ямар зохицуулалт  байдаг вэ?

-"Камдер” ХХК газар эзэмших эрхийн гэрчилгээгүйгээр газар ашиглаж буй тул дүүрэг, Нийслэлийн Засаг дарга нар газар чөлөөлүүлэх арга хэмжээ авах ёстой юм. Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зохих зөвшөөрөлгүйгээр газар ашиглаж буй этгээдэд Засаг дарга газар чөлөөлөх мэдэгдэл өгөх, мэдэгдэлд заасан хугацаанд чөлөөлөөгүй бол цагдаагийн байгууллагаар чөлөөлүүлэх арга хэмжээ авах тухай заасан.

-Та нийслэлийн Засаг даргад хэзээ хандсан бэ?

-Миний зүгээс "Оргил” худалдааны төвийн зөвшөөрөлгүйгээр ашиглаж буй газрыг чөлөөлүүлэх хүсэлтийг Нийслэлийн Засаг даргад 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан. Хуульд зааснаар 30 хоногтоо багтааж шийдвэрлэж, хариу өгөх ёстой боловч хариу ирүүлээгүй. Тийм болохоор Нийслэлийн Засаг даргын эсрэг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Засаг дарга газар чөлөөлөхгүй байгаа нь хууль бус болохыг тогтоолгох, газар чөлөөлүүлэх тухай Мэдэгдэл гаргахыг даалгах, Мэдэгдэлд заасан хугацаанд газар чөлөөлөөгүй нөхцөлд газар чөлөөлөх арга хэмжээ авахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж өгөөч гэсэн нэхэмжлэл гаргасан. Шүүхээс эхний удаад "таны эрх яаж зөрчигдөж байна. Та энэ газраар хэдийд, ямар давтамжтайгаар явдаг эсэхээ тодруулж өгнө үү?” гэсэн. Үүнийг тодруулж өгсний дараа 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр байх захиргааны хэрэг үүсгэсэн. Ковид, хөл хорио гээд шүүхэд очиж шүүгчийн захирамжтай танилцаж амжаагүй байна.

Үүнээс өмнө Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхэд хандаж байсан. Ингэхдээ газар ашиглаж буй "Камдер” ХХК-ийн эсрэг газар чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан. Гэвч шүүх "та эхлээд Засаг даргад ханд, тэд арга хэмжээ авахгүй бол Захиргааны хэргийн шүүхэд ханд. Энэ бол иргэний хэргийн шүүхийн шийдэх маргаан биш” гэх агуулгаар нэхэмжлэл хүлээн авахаас татгалзсан. Угтаа бол би газар ашиглаж буй компанийн эсрэг нэхэмжлэл гаргасан нөхцөлд иргэний хэргийн шүүх шийдвэрлэх учиртай.

-Холбогдох төрийн байгууллагууд "Оргил” худалдааны төв нь явган хүний замын газрыг авто зогсоолоор ашиглаж байгааг зөрчил гэж үзээд  "Камдер” ХХК мэдэгдэл хүргүүлж байсан юм билээ. Хууль зөрчсөн үйлдэлдээ тус компани ямар тайлбар өгдөг юм бол?

-Миний мэдэхийн төрийн байгууллагуудаас тус компанид хүргүүлсэн гурван ч шийдвэр, дүгнэлтүүд байгаа. Миний мэдэхгүй өөр шийдвэр, дүгнэлтүүд ч байдаг байх. Баянзүрх дүүрэг, 26 дугаар хорооны Засаг дарга Г.Отгонбаатар ч маш олон удаа тус компанид бичгээр болон олон нийтийн сүлжээгээр хандсан байдаг. Газрыг ашиглаж буй "Камдер” ХХК, "Оргил” худалдааны төвүүдээс лав нэг удаа ч болов "ийм учиртай шүү дээ” гэж хариу өгч байсныг мэдэхгүй байна. Өөрсдийгөө өмөөрөөд хэлчихээр зүйл байхгүй болохоор тэгдэг байлгүй дээ.

Би ч шүүх, Нийслэлийн Засаг даргад хандахаас өмнө 2020 оны 8 сард тус компанид бичгээр хандаж байсан. "Танайх хууль бусаар, зөвшөөрөлгүйгээр газар ашиглаж байна. Энэ нь хүмүүсийн хөдөлгөөний аюулгүй байдлыг алдагдуулж байгаа тул явган хүний болон дугуйн зам чөлөөлөөч ээ. Чөлөөлөхгүй бол шүүхэд хандана шүү” гэж. Гэтэл хариу өгөөгүй, утсаар ч холбогдоогүй. Тийм болохоор нь шүүхэд нэхэмжлэл гаргаад явж байна.

-Тухайн хороонд амьдардаг иргэдийн зүгээс цахим орчинд явган хүний замыг авто зогсоол болгосон талаарх асуудалд нэлээд шүүмжлэлтэй хандаж ирсэн. Та хорооны иргэдтэй уулзсан уу?

-Тэр хавиар явдаг хүн бүхэнд хэцүү байгаа нь ойлгомжтой. Яг хорооны хүмүүсээ цуглуулж энэ талаар ярилцаагүй. Гэхдээ олон нийтийн цахим сүлжээнд ч тэр "Оргил” худалдааны төвийн хавиар алхдаг, дугуй унадаг хүмүүс энэ талаар шүүмжилж байдгийг мэднэ. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын хувьцаа эзэмшдэг компани нь болохоор тэр хүн рүү ч мессеж бичиж, хандаж байгаа харагддаг. Гэхдээ хэн нэгэн хэлэхгүй, тэмцэхгүй бол хүмүүс ер нь мартах, дасах маягтай байдаг шүү дээ. Бас хуульч биш, бусад мэргэжлийн хүнд бол энэ мэт асуудлын төлөө өөрөө шүүхэд хандаж явах бол төвөгтэй, хэцүү ажил. Үүний төлөө хуульч хөлсөлж ажиллуулъя гэхээр бас зөвхөн өөрийнх нь асуудал биш, жижиг мэт зүйлийн төлөө арай зардалтай. Харин хуульч хүнд бол нээх цаг авахгүй, хэцүү ч ажил биш. Иймд хуульч хүний хувьд нийтийн ашиг сонирхол, сайн сайхан байдалд бага ч болов хувь нэмэр оруулах гэж, нийгмийн хариуцлага гэж бодож үүнийг ажил хэрэг болгож явна. Шүүхээр маргаанаа нааштай шийдвэрлүүлэх, шүүхийн шийдвэр биелэгдэж зам чөлөөлөгдөх хүртэл тууштай явна гэж бодож байна.

-Ярилцсан танд баярлалаа.



О.МОЛОР 
Оллоо.мн

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.