“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатыг цахимаар шүүнэ
"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 10-нд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд товлогджээ. Хуралдаан цахим хэлбэрээр явагдана гэдгийг ШЕЗ-өөс мэдээлэв.
Анхан шатны шүүхээс Б.Эрдэнэбат 7 жилийн хорих ял оноож, 20 тэрбум 6 сая 375 мянган төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Баярсайханд олгуулахаар шийдвэрлэсэн байдаг. Гэвч тэрбээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн ийнхүү давж заалдаад байгаа юм.
Хэргийг сануулбал, "Улаанбаатар импэкс” ХХК-ийн буюу "Номин холдинг”-ийн захирал, "Ариг” банкны хувьцаа эзэмшигч Ш.Баярсайхан цагдаагийн байгууллагад хандан Б.Эрдэнэбат нь эд хөрөнгө завшиж, бусад хувьцаа эзэмшигчээ залилсан тухай гомдлыг 2019 онд гаргасан байдаг.
Б.Эрдэнэбат, Ш.Баярсайхан нарын хөрөнгийн маргаан, нэгнийгээ залилсан хэргийн үндэс нь банк болон "Байшин үйлдвэрлэх комбинат-1” (БҮК-1) үйлдвэрт хөрөнгө оруулсантай холбоотой. Тэд анх 2016 оны арваннэгдүгээр сард хамтран ажиллах гэрээ байгуулж, "Ариг” банкны хувьцааг эзэмших болсон аж. Тэдний байгуулсан гэрээнд "Ариг” банканд 27.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж банкны 49 хувийг, БҮК-1 үйлдвэрт 20 тэрбумыг оруулан 20 хувийг нь эзэмшүүлэх, улмаар тус үйлдвэрийн хөгжлөөс шалтгаалан нэмж хөрөнгө оруулах, эсвэл оруулсан мөнгөө 1.59 хувийн хүүтэйгээр Ш.Баярсайхан буцаан авах талаар гэрээ байгуулсан юм байна. Гэтэл Б.Эрдэнэбат "Ариг” банканд оруулсан хөрөнгийг БҮК-1 үйлдвэрт оруулсан гэж тооцон хувьдаа авч ашигласан нь бусдыг залилсан хэргийг нь шалгах явцад тодорхой болсон байдаг. Түүгээр ч зогсохгүй Ш.Баярсайханыг төөрөгдүүлж, "Эрэл” ХХК-ийн охин компани болох "БҮК-1” үйлдвэрийг улсын бүртгэлд бүртгэлтэй аж ахуйн нэгж гэж танилцуулахаас гадна тоног төхөөрөмжийг нь Хөгжлийн банкны барьцаанд тавьснаа ч нуусан нь хууль сахиулах байгууллагынхны шалгалтын явцад тодорхой болсон юм.
Тиймээс "Эрэл”-ийн үүсгэн байгуулагч, "Дэм санхүүгийн нэгдлийн” захирал Б.Эрдэнэбатад НПГ-аас Эрүүгийн хуулийн 17.3-2.2-т заасан "Бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг залилж ноцтой хохирол учруулсан”, 18.6-2.2 дахь хэсгийн "Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах хэргийг байнга тогтвортой үйлдсэн” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Эрдннэбатад бусдыг залилсан үйлдэлд нь тав, мөнгө угаасан хэрэгт нь хоёр жил, нийт долоон жил хорих ял оноож, эхнэр Д.Сэргэлэнг нь цагаатгаж шийдвэрлэсэн байдаг.
Сэтгэгдэл байхгүй байна.