"ЭТТ" ХК иргэдийн ногдол ашгийн мөнгийг бүрэн шилжүүлжээ
"Эрдэнэс-Тавантолгой” ХК өнгөрсөн онд нэг их наяд төгрөг давсан цэвэр ашигтай ажиллаж, түүхэндээ анх удаа иргэдэд ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн. Гэвч тавдугаар сарын эхэнд өгөхөөр дуулдаж байсан 1072 хувьцааны ногдол ашиг тараагдаж эхлээгүй өдийг хүрсэн юм.
"ЭТТ ХК мөнгөө гүйцэд шилжүүлээгүй учраас ногдол ашиг тарааж эхлээгүй байгаа" гэсэн тайлбарыг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс болон Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хийж ирсэн. Харин ЭТТ ХК-ийн зүгээс "Хувьцааны дансаа нээлгэж, банкны дансаа холбосон бүх иргэний ногдол ашгийг тараахад хангалттай хүрэлцэхүйц мөнгийг ҮЦТХТ рүү хэдийнэ шилжүүлжээ.
"Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас энэ талаар тодруулахад "Ногдол ашгийн мөнгийг бүрэн шилжүүлсэн" гэсэн мэдээлэл өглөө. Өөрөөр хэлбэл, иргэдийн ногдол ашгийг өгөхөд шаардлагатай 179 тэрбум төгрөгийг 100 хувь шилжүүлсэн байна.
Мөн өөр эх сурвалжийн хэлснээр "Ногдол ашгийг иргэдэд тараах ажлыг ҮЦТХТ хариуцдаг. Бид аль тавдугаар сараас эхлээд иргэдийн ногдол ашгийн мөнгийг үе шаттай шилжүүлж, бүртгэл бэлэн болсон иргэдийн дансанд тухай бүр шилжүүлэх шаардлага тавьж ирсэн” гэсэн товч мэдээлэл өглөө.
Хувьцаа эзэмшигчдийг бүртгэх, мэдээллийг нь хадгалах, ногдол ашгийг дамжуулан тараах үүрэгтэй газар нь "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК билээ.
Сэтгэгдэл байхгүй байна.