Оюутны холбоод нэгдэн Оюутны хөгжлийн зээлийн асууудлаар шаардлага хүргүүлжээ
2020 - 2021 оны хичээлийн жилд Засгийн газрын 70 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлийн жагсаалт"-д багтсан мэргэжлээр суралцаж буй оюутнуудад нийт 7.6 тэрбум төгрөгийн зээл олгохоор болоод байна.
Санхүүжилтийн хүрээнд 5,066 оюутанд зээл олгох боломжтой гэх засгийн газрын шийдвэрийг танилцуулсан. Үүнд 13 чиглэлийн 37 мэргэжлээр суралцдаг оюутнууд оюутны хөгжлийн зээлд хамрагдах боломжтой болсон нь уг заасан чиглэлийн мэргэжлээр суралцдаг хүсэлт гаргасан оюутны тоон судалгаан дээр үндэслээгүй гэж оюутны холбоод үзжээ. Тус шийдвэрийн хүрээнд үндсэн чиглэлд заагдаагүй мэргэжлээр суралцаж буй оюутнуудын хувьд эдийн засгийн томоохон дарамт бий болгон үргэлжлүүлэн суралцах боломжгүйд хүргэж байна гэв.
Оюутны хөгжлийн зээлийн зорилго нь оюутан, суралцагчийн сурах бололцоог нэмэгдүүлэх, дээд боловсролын сургалтын байгууллагын сургалтын чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэгдэх ёстой учир тус шийдвэрийг эсэргүүцсэн оюутнууд нэгджээ.
Тодруулбал, МУИС, ШУТИС, АШУИС, ХААИС, МУБИС, СЭЗИС, СУИС, ҮБХИС, ҮБТДС, ТЗДС, АУИС, УБЭИС, ШАУИС, ЭЗШУИС, ААУИС, Шихихутуг их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Этүгэн их сургууль, Мандах их сургууль эдгээр нэр бүхий их дээд сургуулиудын оюутны холбоо, зөвлөлүүд нэгдэн нэг агуулга бүхий дараах шаардлагыг БШУЯ, Сангийн яам, Засгийн газарт тус тус хүргүүлжээ.
Оюутны хөгжлийн зээлд хамрагдах шалгуур үзүүлэлтийг биелүүлсэн оюутнууд тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр суралцдаггүй гэх шалтгаанаар хамрагдаж чадахгүй нь "Дээд боловсролын сургалтын байгууллагын оюутан, суралцагчид оюутны хөгжлийн зээл олгох, эргэн төлүүлэх журам” - ын 1.3, 2.7, 4.1.1, 5.1, 5.3 дахь хэсэгт байгаа тус тус заалтыг зөрчсөн хэмээн үзэж байгаа аж.
Иймд тэд даарх зүйлсийг БШУЯ-аас шаарджээ.
- Судалгаан дээр үндэслэн боловсролын зээл сангаар суралцах оюутны тоог тандалт байдлаар аван нийт тоог гаргах
- Хүрэлцэхүйц хэмжээний төсвийн тодотгол хийх
- Мэргэжлийн чиглэл харгалзахгүй олгох
- Өнгөрсөн хичээлийн жилд тус зээлд хамрагдсан оюутнуудын сургалтын төлбөрийг яаралтай олгох.
- Их дээд сургуулийн оюутны холбоо, зөвлөлийн дарга нартай БШУЯ-ны сайд ойрын хугацаанд нээлттэй цахим хурал хийх зэрэг шаардлагыг тавьж байгаа аж.
Сэтгэгдэл байхгүй байна.