Хонгилын үзүүр харанхуй, хойтон жил...
1990-ээд оноос хойш ХОНГИЛ гэдэг үг манай улс төр, эдийн засгийн үгсийн санд хүч түрэн орж ирсэн. Дээхэн үед байсан нэг ерөнхий сайд маань гадны зээл тусламж орж ирэх сураг сонсоод баярлаад "Хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна” гээд хэлчихсэн юм уу даа. Бодит байдлыг л хэлсэн, гэхдээ эдийн засгийн хонгилыг хэлсэн хэрэг. Манайд улс төрийн хонгил ч бас бий, бүр манаачтай, түлхүүртэй байдаг талаар цөөнгүй улс төрчид тодорхой ярьдаг бөгөөд энэ нь тусдаа сэдэв.
Хонгилд өнгөрөөсөн 30 гаруй жилд манай улс нийт зургаан удаа дампуурал зарлахдаа тулж зургаан удаа ОУВС-гийн "АВРАЛ”-ын программд хамрагдаж нэмэлт зээл авч аврагдсан. Хэн ч, ямар ч Засгийн газар эдийн засгийг дампуурлын ирмэгт аваачаад байгаа асуудлыг шийдээгүй, шийдэхийг ч хүсээгүй, зүгээр л өрөө улам нэмж төлбөрийг хойшлуулсаар ирсэн. Өдгөө улсын өрийн хэмжээ дэлбэ татах чинээндээ тулжээ. Хамгийн сүүлд 2017 оны тавдугаар сард Засгийн газар маань төлбөрийн чадваргүйн улмаас ОУВС-аас 434 сая ам.долларын зээл авч мөн тэдний зуучилсан 5.5 тэрбум ам.долларын урт хугацааны зээлийн хөтөлбөрт хамрагдахаар болж амь тээсэн. Таван жил болоод л дампууралтай нүүр тулдаг эдийн засгийн энэ системийг манай үе, үеийн гарамгай удирдагчид, гавьяат эдийн засагчид, одоо бидний бүдчин алхаж буй харанхгуй хонгилыг бүтээсэн төрийн тэргүүд, сайд, дарга нар маань нутагшуулсан.
Төлбөрийн тэнцэл нь сүүлийн үед байнга шахуу томоохон дүнгийн алдагдалтай гарах болсон ба одоогийн байдлаар - 2.2 тэрбум ам.доллар, үүн дундаа урсгал данс нь - 500 сая ам.долларын алдагдалтай байгаа нь байгалийн баялгийн экспортад тулгуурласан авсаархан 13 тэрбум долларын эдийн засагтай энэ улсын хувьд ноцтой асуудал буйг илтгэж буй. Оны эхэнд 2850 төгрөг байсан доллар өнөөдөр 3560 төгрөгт хүрч төгрөгийн ханш 25 хувиар уналаа. Төгрөгийн ханшны уналт цаашид үргэлжлэх бөгөөд уналтыг зогсоох зогсоох ур ухаан, чадвар, магадгүй эрх мэдэл ч манай Монголбанк, Засгийн газарт үгүй бололтой. "Төгрөгийн ханшийг тогтвортой байлгах” гэсэн үндсэн ганц үүрэгтэй Монгол банк гэх бүхэл бүтэн инститүц сүүлийн 30 гаран жилд ам.доллартай харьцах ханшийг 119 мянган хувь унагачихаад байгаа нь факт. Ямар ч учиртай газар юм бүү мэд гэмээр.
Албан мэдээнд 17-18 хувь гэж зарлаж буй ч үнэндээ 30 хувь давсан инфляц жирийн иргэдийг буюу дээдсийнхний нэрлэж заншсанаар ул, хөлнийхөнд,, өлөнгүүдэд илүү хүндээр тусч тэднийг үнэндээ туйлдуулж байна. Ер нь эдийн засгийн хямрал аарцаг, ац, бүсэлхий, цээжнийхэн гэж байдаг бол тэдэнд арай гайгүй, суганыханд бол бараг хамаагүй, эрүү, ам, хүзүү, зулайныханд бол үнэндээ огт хүртээлгүй байгаа. Харамсалтай нь хүн амын бараг 70-80 хувь ул, хөл хавьд эрэмблэгддэг гэхээр асуудал шүү. Сониноос "bottom” гэдэг англи үг уг нь голдуу сав суулганы уг суурь хэсэг, ямар нэгэн зүйлийн доод давхаргыг заадаг "ёроол”, "уг”гэсэн утгатай үг юм. Гэтэл яаж яваад ямар ч хамаагүй УЛ, гишгүүр болж орчуулагддаг байна аа.
Сэтгэгдэл байхгүй байна.