Нийтийн тээврийн богино эргэлт хүлээгдэл, зорчих хугацааг 40 хувиар “хурдлуулна”
Шинэ оны эхэнд нийтийн тээвэр 100 гаруй автобусаар хүч сэлбэлээ. Эдгээрээс эхний 30 автобусыг бүрэн тоноглож өчигдрөөс үйлчилгээнд гаргалаа. Нийтийн тээврийн парк шинэчлэлтэй холбоотойгоор Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар албаныхантай уулзсан байна. Энэ үеэр шинэ автобуснуудыг оновчтой чиглэлүүдэд хуваарилж, ачаалал ихтэй оргил цагуудад нийтийн тээврийн богино эргэлтийн давтамжийг нэмэгдүүлэн, чиглэлийн уян хатан зохицуулалт хийх нь чухал гэдгийг онцолжээ. Мөн нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлөх журмын хэрэгжилт үр дүнгээ өгснийг албаныхан танилцуулжээ. Тиймээс цаашид Наадамчид, Чингисийн өргөн чөлөөгөөр ачаалалтай цагуудад автобусыг нэгдүгээр эгнээгээр явуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр саадгүй зорчуулах тусгайлсан хашлага хаалт хийх юм. Харин өнгөрсөн жил 829.943 зөрчил бүртгэгдсэний тал хувийг нь нэгдүгээр эгнээгээр автомашин зорчсон зөрчил эзэлж байгаа ч жолооч нарын 70 хувь нь торгуулиа огт төлөөгүй гэсэн дүн мэдээ гарчээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 17. МЯГМАР ГАРАГ. № 12 (6997)
Сэтгэгдэл байхгүй байна.