О.Золбоо: Туялзуур сэлэмний спорт орон зайн мэдрэмжтэй болгодог

0
сонин mn
Туялзуур сэлэмний спортыг тулааны урлаг гэхээс илүү хөдөлгөөнт шатар гэдэг. Манай оронд хөгжөөд удаагүй ч энэ спортоор хичээллэх хүүхэд залуусын тоо эрчимтэй өсөж байна. "Зууны мэдээ” сонин энэ удаагийн "Амжилтын эзэн” буландаа туялзуур сэлэмний спортын мастер О.Золбоог урьж ярилцлаа. Түүний хувьд 2023 оны А зэрэглэлийн "Grandpri” тэмцээний хүрэл болон B зэрэглэлийн алтан медальтай. Мөн УАШТ-ийн багийн төрөлд нэг алт, хоёр мөнгөн медаль хүртсэн шилдэг тамирчдын нэг юм. 
 
-Энэ онд болсон "Дэлхийн цом”-ын тэмцээнд зургаан тулаан хийж, хоёр ялалтыг авлаа. Өрсөлдөгчид нэлээд хүчтэй байж ээ?
 
-Туялзуур сэлэмний спорт гурван төрөлтэй. Миний хувьд хүнд төрлөөр нь хичээллэдэг. Монголдоо бэлтгэл сургуулилтаа хийж, дэлхийн чансааны өндөр тамирчидтай өрсөлдсөн. Тэмцээнд гурван хожил авч хэсгийн шатандаа шалгарах төлөвлөгөөтэй оролцсон ч хоёр хожил л авлаа. Өрсөлдөгч тамирчдын хувьд багаасаа хичээллэж байсан шилдэг тамирчид байсан. Тиймээс чанга өрсөлдөөнийг үзүүлэхийг хичээсэн ч хурд хүч, мэдлэг, чадвар дутсан тал бий. 
 
-Тулаануудыг харахад яг л ширээний теннис шиг хурдтай, өрсөлдөөнтэй,  болох шиг болсон?
 
-Манайд хөгжөөд удаагүй, шинэ спорт учраас би өрсөлдөгч бүрээсээ туршлага хуримтлуулж явна. Эцсийн дүнд нэг нь л хожно. Богино хугацаанд өндөр оноо цуглуулах ёстой учир ширүүн тулаан болдог. Тамирчид их сэтгэл хөдлөл гаргаж зам дээр гарсан үедээ тэсрэлт, шаталттай байдаг онцлогтой.
 
 -Туялзуур сэлэмний хүнд төрөл нь нөгөө төрлүүдээс ямар техникээрээ ялгаатай вэ?
 
-Энэхүү спортын үндсэн хэрэглэгдэхүүн нь сэлэм. Сэлэмнийхээ үзүүрт мэдрэгчтэй. Мэдрэгч нь 750 граммаас дээш жингээр даралт үүсгэсэн тохиолдолд оноо авдаг. Хөнгөн нь зөвхөн биеийн цээжин хэсэгт оноо авдаг бол илд сэлэмний төрөл нь биеийн бүх хэсэгт цавчиж оноо авдаг. Харин туялзуур сэлэмний хүнд төрөл нь биеийн бүх хэсэгт хатгаж оноо авдгаараа онцлогтой. Харин тулааны үед түрүүлж оноо авахын тулд биеийн хөдөлгөөнөө хянаж, илүү сайн ажиглах хэрэгтэй болдог.
 
-Тэгэхээр илүү хянамгай байсан нь ялалт байгуулах боломжтой гэсэн үг үү?
 
-Энэ спорт  нүдний хараа их шаарддаг. Мөн хүнийг орон зайн их мэдрэмжтэй болгодог. Тулааны хувьд бодох, сэтгэхгээс гадна хурд, авхаалж самбаа их шаарддаг. Хэрэв тухайн тамирчин хурдан сэтгэж, яаж оноо авахаа тооцоолсон бол ялалт байгуулах бүрэн боломжтой.
 
-Спортод хүнийг татдаг онцлог, бие, болоод сэтгэл зүйг нь хөгжүүлдэг гайхамшиг бий?
 
-Өрсөлдөгчдөө оноо алдахгүйн тулд анхаарлаа сайн төвлөрүүлэх хэрэгтэй. Өнөө цагт хүүхэд, залуус гар утас, цахим тоглоомонд анхаарлаа хандуулаад аливаа зүйлд бүрэн төвлөрөх чадвар нь суларч байна. Харин энэхүү спорт хүнийг анхаарлаа бүрэн төвлөрүүлэх чадварыг сайжруулдаг. Учир нь ганцаарчилсан тулааны спорт шүү дээ. Өрсөлдөгчөө ялах, ялагдах нь тухайн тамирчнаас хамаардаг.
 
Ялахын тулд ямар нэгэн төлөвлөгөө боловсруулна. Өөрөөр хэлбэл, энэ спортоор хичээллэснээр хүн хүлээцтэй байх, хэзээд өөрт олдсон боломжоо ашиглах, хэрхэн зорьсондоо хүрэх, тулгарсан бэрхшээлийг даван туулж сурдаг гэсэн үг.
 
Ямар ч тамирчин тэмцээнд амжилттай оролцохыг хүсдэг. Өсвөр насны хүүхдүүдэд бэлтгэл сургуулилалт хийхэд тууштай байх хандлага суулгадаг. Туялзуур сэлмээр хичээллэдэг хүүхдүүд тэсвэр тэвчээрт суралцахаас гадна өөртөө илүү итгэлтэй болох нь бий. Мөн бие бялдар нь өв тэгш хөгжих, илүүдэл жингээсээ салах, стресс тайлагдах зэргээр эерэг зүйл олон ажиглагддаг. Тэгэхээр энэ спорт хүнд байх ёстой бүх чадварыг цогцоор нь хөгжүүлдэг сайн талтай.
 
-Туялзуур сэлэмний спортыг тулааны спортоос гадна бие хамгаалах урлаг гэж ойлгож болох уу?
 
-Сэлэмний спорт нь хүнээс гар, хөлийн ажиллагаа, зайны мэдрэмж, тэсвэр тэвчээр, тэсрэлт шаарддаг. Тиймээс бокс, газрын болон ширээний теннисний спорттой жишиж болох юм. Түүнээс бие хамгаалах урлагт багтахгүй болов уу. Гэхдээ хийж гүйцэтгэдэг элемэнт, үндсэн техникүүдийн харахад зарим нь бие хамгаалах урлагтай төстэй шинж ч бас байдаг.
 
 
 
Д.ДАРАМБАЗАР
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.