“Амжилт гаргахын төлөө зорьж яваа бидэнд ухрах зам байхгүй”
"Алдар” спорт хорооны тамирчин Я.Зоригтбаатар, А.Зул нар Монголын тэшүүрчдийн амжилтыг үргэлжлүүлж яваа. Тэд дэлхийн оюутны аварга шалгаруулах тэшүүрийн тэмцээн, оюутны өвлийн универсиад, оюутны ДАШТ, дэлхийн цомын тэмцээн, Азийн наадамд оролцож, эх орныхоо нэрийг гаргасан удаа цөөнгүй. Сүүлийн жилүүдэд тэшүүрийн эрэгтэй, эмэгтэй тамирчдаас амжилтаараа илүүрхэн, хол, ойрын бүх зайд хурд сорин тасралтгүй түрүүлж, шилдэг тамирчдын эгнээнд багтжээ.Тухайлбал, энэ жилийн ойрын зайн олон төрөлтийн УАШТ-д эрэгтэйчүүдийн дөрвөн зайн нийлбэр дүнгээр Я.Зоригтбаатар, эмэгтэйчүүдээс А.Зул аваргалж, Монгол Улсын дээд амжилтыг шинэчилсэн. Монголын тэшүүрийн спортод хүч түрэн орж ирсэн цагаасаа цахиур хагалж уралдсан тэд 2022 онд Бээжинд болох өвлийн олимпын наадамд өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж буй. Аав, ээжийнхээ амжилт гаргасан спортоор үргэлжлүүлэн хичээллэж буй тэднийг "Таван цагариг”-ийн "Залуус” буландаа урив.
-Өвлийн спортын төрлүүдээс үзэгчдийн сонирхлыг тэшүүр их татдаг. Тэшүүрээр гулгаж сурсан хүү, охин өдгөө Монгол Улсын дээд амжилтыг хэдэнтээ эвдсэн шилдэг тамирчин болжээ. Энэ спортоор хэдэн жил хичээллэж байна вэ?
Я.Зоригтбаатар: -Би тэшүүрийн спортоор 12 жил хичээллэж байна. 2008 онд гуравдугаар ангийн сурагч байхдаа анх гулгаж сурсан. Манай сумд нэг нуур бий. Тэр нуурыг хөлдөхөөр хүүхдүүд тэшүүрээр гулгадаг. Би ч гэсэн тэднээс юугаар дутах билээ. Гулгах тусам энэ спортод татагдсаар байлаа. Намайг гулгаж сурах үед ОУХМ Г.Ууганбаатар ах тэшүүрээр хичээллэхийг зөвлөсөн юм. Өвөө минь намайг дасгалжуулагч Б.Болдбаатар багшид шавь оруулснаар тамирчин болох замыг минь зассан. Хичээллэсэн жилээсээ тэшүүрийн спортын үндсэн техникүүдээс сурч, УАШТ-д оролцож эхэлсэн. 2011 онд өсвөрийн УАШТ-д өрсөлдөн мөнгөн медаль өвөртлөснөөс хойш олон тэмцээнд амжилттай уралдлаа. Аав минь хоккейн тамирчин. 1998 онд Дархан-Уул аймагт болсон хоккейн УАШТ-д оролцож, аварга болж байв. Аав биеийн тамирын багшаар олон жил ажилласан. Намайг багаас минь тэшүүрээр тууштай хичээллүүлж, тамирчин болгосон.
А.Зул: - Манай аав, ээж, эмээ тэшүүрийн тамирчин. Би багаасаа энэ спортыг сонирхсон ч "Эмэгтэй хүүхдэд тэшүүрийн спорт хэцүү” гээд ээж намайг нэг хэсэг хичээллүүлээгүй. 2011 онд 13 нас хүрэхэд тэшүүрээр хичээллэхийг зөвшөөрснөөр мөсөн талбайд анх хөл тавьж билээ. Тэр жилээ тэшүүрийн спортын II зэрэгтэй болж, 2012 онд дэд мастерын болзол хангаж, оны босгон дээр спортын мастер цол хүртсэн. 2014 онд Монголд болсон тэмцээнд түрүүлж, ОУХМ цолны болзол биелүүлж байв. Тэшүүрийн шигшээ багт 2012 онд орж, өнгөрсөн жил "Алдар” спорт хорооны тамирчин болсон. Үеийнхээ тамирчдаас хожуу хичээллэсэн ч богино хугацаанд амжилт гаргасан. Намайг эмээ минь дасгалжуулдаг. Миний эмээг Ж.Долгорсүрэн гэдэг, ОУХМ цолтой. Эмээгийн гурван ах энэ спортоор хичээллэдэг байсан. Би гурав дахь үеийн тамирчин. Надтай хамт хичээллэдэг тамирчдаас эмээ минь хоёрыг нь ОУХМ, зургааг нь дэд мастер, дөрвийг нь спортын мастер цолд хүргэсэн. Эмээд надаас гадна олон шавь бий. Эрэгтэйчүүдээс Я.Зоригтбаатар, Б.Амарзаяа, эмэгтэйчүүдээс Б.Гэрэлтуяа. Намайг уралдахын өмнө эмээ "Гулгах мөс чинь тийм, ийм байна. Техникээ зөв хийж, хурд, хөдөлгөөндөө анхаарч уралдаарай” гэж зөвлөдөг.
-Тэшүүрийн спортын шилдэг тамирчид орон нутгаас голдуу төрсөн байдаг. Орчин, нөхцөл нь тэшүүрээр хичээллэхэд ойр байдагтай холбоотой биз. Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн тэшүүрчид хотын тамирчидтай эн тэнцүү өрсөлддөг. Сүүлийн үед Булган, Орхон аймгийнхан хүч түрэн орж ирэх болсон.
А.Зул: -Орон нутгийн тамирчид гол, нуур хөлдөнгүүт тэшүүрээр гулгаж эхэлдэг. Өдөр бүр бэлтгэл хийж, тэмцээнд оролцдог тул хотын тамирчдын хамгийн хүчтэй өрсөлдөгч нь. Хөдөөгийн тамирчид тэшүүрийн спортоор чамлахааргүй амжилт гаргаж байгаа. Миний хамгийн хүчтэй өрсөлдөгч Б.Гэрэлтуяа. Бид "Алдар” спорт хорооны тамирчин. Би Улаанбаатар хотын унаган хүүхэд ч гэлээ 1000 метрийн зайд гурван удаа дээд амжилт эвдсэн. 2015 онд өсвөр үеийнхний УАШТ-д оролцож, 1.23.00, хоёр дахь нь насанд хүрэгчдийн УАШТ-д 1.22. 66, гурав дахь нь 1.22. 00 минут тэшсэн. Миний дараа ОУХМ Б.Сумъяа 1.21.54 минут хурдалж амжилт эвдсэн. Миний хувьд ойрын зайн олон төрөлтийн УАШТ-д ес дэх жилдээ оролцож, дөрвөн удаа түрүүллээ. УАШТ-д дөрвөн удаа түрүүлж, улсын дээд амжилтыг 17 удаа шинэчилсэн. 2017 онд Канадын Калгари хотод болсон дэлхийн цомын тэмцээний эмэгтэйчүүдийн 500 метрт 93 тамирчин уралдсанаас 40.70 секундийн амжилт үзүүлж, Монгол Улсын насанд хүрэгчдийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон. Энэ зайд 19, 1000 метрт 21, 1500 метрт 20 дугаар байр эзэлж байв. 500 метрт 40.70 секунд тэшсэн миний амжилт одоогоор эвдэгдээгүй байна.
Я.Зоригтбаатар: -Төв аймгийн Эрдэнэ сум миний төрсөн нутаг. Хөдөөгийн хүүхдүүдэд өвлийн спортод амжилт гаргах төрөл нь тэшүүр, цана. Томоохон гол, нуур хөлдөхөөр өдөржин гулгадаг. Миний хувьд насанд хүрэгчдийн холын зайн УАШТ-д дөрвөн удаа аваргалж, ойрын зайн олон төрөлтөд гурван удаа түрүүлсэн. Ойрын зайн олон төрөлтийн тэмцээнд спортын I, II зэрэг, ОУХМ цолтой шилдэг тэшүүрчид өрсөлддөг. 500, 1000 метрт тэшүүрчид хурд хүч, авхаалж самбаагаа сорьж уралддаг. Дөрвөн зайн нийлбэр дүнгээр тэмцээнийн шилдгүүдийг тодруулдаг юм. Орон нутгаас Булган аймгийн Могод сумын тамирчид ойрын зайд маш сайн уралддаг. Тэр дундаа тус аймгийн харьяат, "Алдар” спорт хорооны тамирчин Б.Амарзаяа амжилтаа жилээс жилд ахиулж байгаа. Миний хүчтэй өрсөлдөгчдийн нэг. 2013 онд "Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Г.Ууганбаатар 37.26 секунд хурдалж, амжилт эвдсэн. Түүний тогтоосон амжилтыг би 2017 онд эвдэж, дэлхийн цомын тэмцээнд оролцон, 500 метрт 36.33, 1000 метрт 1.11.17 доль тэшиж, Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоож байв. 500 метрт 160 гаруй тамирчин уралдахад би 42 дугаар байрт орсон. Түрүүлсэн тамирчин энэ зайд 34.80, 1000 метрт 1.07.00 секунд хурдалсан. Олимпын эрхийн норм 1.10.80 секунд байдаг. Миний хувьд норм биелүүлэхэд 27 доль дутсан. Гэхдээ норм биелүүлэхийн хажуугаар шилдэг 25 тамирчны нэгт багтах ёстой. Тиймээс тамирчид ширүүн өрсөлддөг.
Я.Зоригтбаатар
-Дэлхийн шилдгүүдтэй эн тэнцүү өрсөлдөх мэдээж амаргүй. Монголын тэшүүрчид амжилтад хүрэхийн тулд саад бэрхшээлийг багагүй туулж байгаа.
Я.Зоригтбаатар: -Манай тэшүүрчид өвлийн гурван сард л мөсөн дээр гарах боломжтой. Ийм нөхцөлд бэлтгэл хангалттай хийх боломж бага. Гадаадын тамирчид битүү дээвэртэй ордонд өдөр бүр бэлтгэлээ базаадаг. Тэд долдугаар сараас эхлээд мөсөн дээр гардаг. Гэтэл бид арванхоёрдугаар сараас эхэлж бэлтгэл хийж байна. Орчин нөхцөлийн зөрүүтэй байдлаас үүдээд дэлхийн шилдэг тамирчидтай эн тэнцүү уралдахад бидэнд бэрхшээл бий. Гэхдээ хэцүү, боломжгүй гэж хойш суугаагүй. Хэдийгээр амаргүй орчинд бэлтгэл хийдэг ч ур чадвараа дээшлүүлж байгаа. Амжилт гаргахад бэлтгэл хийх орчноос гадна тухайн тамирчны хүсэл зорилго, авьяас чадвар их нөлөөлдөг. Хэрвээ Монголын тэшүүрчид гадаадын тамирчид шиг таатай нөхцөлд бэлтгэл базаавал өндөр амжилт гаргах бүрэн боломжтой. Тэгэхээр тэшүүрийн тамирчдаа төр, засаг дэмжиж, бэлтгэл сургуулилалт хийх битүү дээвэртэй ордонтой болгомоор байна.
А.Зул: -Тэшүүр хурд, хүч, тэсвэр сорьдог хатуужлын спорт. Монголын тэшүүрчид арванхоёрдугаар сар хүртэл дугуй унах, штанг өргөх, гүйх зэргээр бэлтгэл хийдэг. Дугуйгаар бэлтгэл хийж, Монголдоо болдог уралдаанд оролцож, өөрийгөө сорьсон удаа цөөнгүй. Өнгөрсөн жил насанд хүрэгчдийн дугуйн УАШТ-д оролцож, мөнгөн медаль хүртсэн. Тэшүүрийн тамирчид спортын олон төрлөөр бэлтгэл базааж байж мөсөн дээр амжилт гаргадаг. Зөвхөн тэшүүр гэлтгүй спортын бүх төрлөөр хичээллэхэд тууштай, тэвчээртэй зан чухал. Хүсэл мөрөөдөлдөө үлдэж чадах, эсэхийг спорт олон зүйлээр шалгадаг. Тэр шалгуурыг давж гарвал тамирчин болж чадна.
А.Зул
-Монголд хоккейн тамирчдын бэлтгэл базаах, тэмцээн зохион байгуулах битүү дээвэртэй ордон барьж, энэ оны сүүлчээр ашиглалтад орох тухай баярт мэдээ чих дэлссэн. Тэгэхээр тэшүүрчдэд ч гэсэн боломж нээгдэж байна шүү дээ.
Я.Зоригтбаатар: -Тийм ээ. Монгол Улс гадаадын орнууд шиг өвлийн спортын төрлүүдийг дэмждэг болно гэдэгт итгэдэг. Тамирчин хүн өмнөө тулгарсан саадыг туулж байж амжилтад хүрнэ. Зорилго, тэмүүлэл нь тамирчдыг урагшлуулж, бие, сэтгэл зүйн хаттай байхад сургадаг. Би өөрийгөө спортын хатуужил тэвчээрээс багагүй суралцсан гэж боддог. Хүн л юм чинь хааяа шантарч, сэтгэлээр унах үе бий. Тэшүүрчид өвөл 20-30 градусын хүйтэнд гулгадаг. Заримынх нь хацар, хөл хайрагдах нь энүүхэнд. Гэхдээ бид энэ спортод дурлаж, зорилгодоо хүрэхийн төлөө бэрхшээлийг хэцүү гэж бодолгүй хичээж байна. Амжилт гаргахын төлөө зорьж яваа бидэнд ухрах зам байхгүй.
А.Зул: -Монголын тэшүүрчдийн уралддаг мөсөн талбай зориулалтынх биш. Өглөө мөс хатуу байдаг болохоор тэшүүрийн гулгалт сайн, өдөр бүрсийн тэшүүр зууралдаж, гулгахад хэцүү болдог. Ийм үед нь удаан гулгавал хөлийн булчин чангардаг. Энэ мэтчилэн бэлтгэл хийж буй орчин, нөхцөлийн тухай яривал олон зүйл өгүүлэх байх. Би тэмцээнд оролцохын өмнө мөсний гулгалтаа харьцуулж, цаг агаартай уялдуулан бэлтгэл базаадаг. Бие, сэтгэл зүйн бэлтгэлээ сайн хангаж, тайван уралдахад мөсний гулгалтыг илүү мэдэрдэг юм.
-Канадын Калгари хотод энэ сарын 10-нд гран при тэмцээнтэй. Манай тэшүүрчид амжилттай оролцвол дэлхийн цомд өрсөлдөх эрх авна. Бэлтгэл сургуулилалтаа хэр базаав?
Я.Зоригтбаатар: -Энэ тэмцээнд оролцож, өмнөх 36.33 секундийн амжилтаа эвдэж, шинэчлэн тогтоох бодол бий. Тиймээс бүх чадлаа дайчилж бэлтгэлээ базааж байна. Гэхдээ дэлхийн олон оронд коронавирусийн халдвар тархсан тул тэмцээн болох, эсэх нь шийдэгдээгүй. Бид ч мөн оролцох, эсэхээ хараахан шийдээгүй байна. Хэрвээ энэ гран прид амжилттай оролцвол дэлхийн цомын тэмцээнд өрсөлдөх эрх авах юм. Мөн 2022 оны Бээжингийн өвлийн олимпын эрх олгох тэмцээнд оролцох зорилго тавиад буй. Тэр болтол Монголын тэшүүрийн спортын нөхцөл байдал өөр болох байх. Үүнээс гадна би Залуучуудын дэлхийн цом, оюутны универсиад, Азийн наадамд оролцож байлаа. Гадаадын ямар ч оронд очсон манай тэшүүрчид бусад зүйлд анхаарал хандуулахаас илүү тэшүүрийн бэлтгэл хийх боломж, нөхцөлийг нь түрүүлж хардаг. Калгари хотод анх хөл тавиад тэшүүрийн тамирчдынх нь бэлтгэл хийх орчин, нөхцөл бүрдсэнийг хараад үнэхээр бахархсан. Тэнд тэмцээний өмнө бэлтгэл хийхэд сэтгэл тайван, юунд ч санаа зовохгүй байж чаддаг. Миний хувьд олон оронд зохион байгуулсан тэмцээнд оролцож байсан. Тэр дундаас Калгари хот хамгийн сайхан санагдсан.
А.Зул: -Тамирчин байх хэцүү. Амжилтын төлөө өөрийгөө бүрэн зориулж, бэлтгэлээ цагийн хуваарийн дагуу тогтмол хийнэ. Идэх хоол, унтах цагаа хүртэл тохируулж байж, зорилгодоо нэг алхам ойртдог. Бэлтгэл сургуулилалт хийх орчин, нөхцөлөөс эхлээд санхүүгийн бэрхшээлтэй нүүр тулгарна. Олимпын наадамд оролцох нь тамирчин бүрийн зорилго. Улсынхаа далбааг олимпын тэнгэрт мандуулах юм сан гэсэн мөрөөдлийнхөө төлөө залхуурах ч завгүй зүтгэж байна. Өнгөрсөн гурван жилд миний амжилт ахисан. Тиймээс амжилтаа шинэчилнэ гэж боддог. Өмнө нь Казахстаны Алматы хотод зохион байгуулсан дэлхийн оюутны өвлийн универсиад наадмын 500 метрийн зайд 29 дүгээр байрт орсон. Тус зайг 85 секундэд туулж, Монгол Улсын насанд хүрэгчдийн дээд амжилтыг шинэчилж байв. Энэ зайд өмнөх дээд амжилтыг залуучуудын өвлийн олимпын наадмын алтан медальт Б.Сумъяа эзэмшиж байсан. 2017 он миний хувьд амжилтын хур дагуулсан жил байлаа. U23 нас хүртэлх насныхны дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний бөөн гараатай олон улсын уралдааны мастерс ангилалд оролцож, VI байр эзэлсэн. Мөн 500 метрт VIII, 1000-д XII байрт орсон. Тэр жил Беларусийн нээлттэй тэмцээнд 500, 1000 метрийн зайд түрүүлж, УАШТ-д өрсөлдөж, II, III байрт шалгарч байв.
Эх сурвалж: Unuudur.mn
Сэтгэгдэл байхгүй байна.