Байгаа оносон баривчилгаа
-5Ш ажиллагаа нийслэлд эрчимжиж, авлига албан тушаалын хэргийг онилж эхлэв-
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотод сүүлийн 30 жилд бугшсан газрын наймаа, авлига албан тушаалын гэмт хэрэг гэх мэт "шүдний өвчин” болсон асуудлуудыг уг үндсээр нь өөрчлөхөөр нэгэнт шийджээ. Тэрээр өнгөрсөн наймдугаар сард Авлигатай тэмцэх газрын дарга болон Ерөнхий прокурорт хандаж, голын ай сав, нийтийн эзэмшлийн талбайд хууль бусаар газар олгосон албан тушаалтнуудыг зарлаж шалгах хүсэлт тавьсан. Хүсэлт гэхээсээ олон нийтийн эрх ашигт нийцсэн шаардлага ч гэж хэлж болно. Энэ дагуу Авлигатай тэмцэх газраас нийслэлд хууль бусаар олгосон газар, зарим худалдан авалттай холбоотой хэргүүд дээр ажиллаж эхэлжээ.
Үүний сүүлийн жишээ нь энэ сарын 16-17-нд шилжих шөнө Улаанбаатар хотын ерөнхий архитектор Ц.Тулга, Хот байгуулалт, хөгжлийн газрын ажилтан Т.Эрдэнэтуяа, Б.Уранчимэг нарыг Эрүүгийн хуулийн 22.1 /Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4.2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/ гэмт хэрэгт сэжигтнээр тооцож хойшлуулшгүйгээр баривчлан саатуулаад байна.
Улаанбаатар хотын ерөнхий архитектор Ц.Тулга гэж хэн бэ? МҮОХ-ны газар дээр, МҮОХ-ны хөрөнгөөр, авсан зээлээр барьсан, Монголын тамирчдын нөхөн сэргээх эмнэлгийг булаачихаад мөнгө улаан, нүд цагаан гэгчийг харуулж яваа Э.Бадар-Ууганд барилга барих зөвшөөрөл олгосон эрх мэдэлтэн. Ц.Тулга нь Олимпийн хорооны газар дээр 20 давхар цамхаг барих 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн БАЗГ 2023-676 дугаартай зөвшөөрлийг "Өөжин” ХХК-д олгохдоо Барилгын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Зөвшөөрлийн тухай хуулийг ноцтой зөрчсөн, авлига авч, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэж оршин суугчдын төлөөлөл үзэж буй. Өнгөрөгч амралтын өдөр гэхэд л олимпийн аваргын хөлсөлсөн хамгаалагч нар, оршин суугчдын дунд "мөргөлдөөн” үүсч, цагдаагийн байгууллагаас барилгын ажлыг түр зогсоох хүртэл хурцадсан. Энэ бол төлөвлөлтгүй, бодлогогүй хууль зөрчсөн барилга барих зөвшөөрөл олгосны урхаг, үр дагавар.
Хотын үе үеийн мээр, Ерөнхий архитекторууд, газар олголт, барилгын зөвшөөрлийг "базсан” албан тушаалтнуудыг сайтар ухаж төнхөх нь мөнөөх ужгирсан авлигын асуудал, бугшсан "хатиг” мэт албан тушаалын хэрэг, аалзны тор шиг хэрсэн газрын наймааг таслан зогсоох чухал сэжүүр юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нар Улаанбаатар хотод авлига, албан тушаалын хэрэгтэй тэмцэх 5Ш ажиллагааг эрчимжүүлэхдээ яг эндээс эхэлсэн нь чухам байгаа олжээ.
Одоо буруутай цагаан захтнуудад хариуцлага тооцохыг олон нийт харж, хүлээж байна.
Сэтгэгдэл байхгүй байна.