Түлш хүнддэж зуух жулдаж байна
Б.Чойжилсүрэн сайд 177.5 тэрбум төгрөгөөр БНХАУ-аас хагас коксжсон нүүрс авах тухай мэдээлэл хийснээс хойшхи хугацаанд сонин хэвлэл, сошиолд түлшний тухай хэлэлцүүлэг өрнөлөө. Хүмүүс санал онолоо уралдуулсан ашигтай ч гэмээр үйл явц өрнөж ирэв. Аливаа том, бага асуудал болгонд ойлголт зөв бол шийдвэр зөв гардаг нь ёс. Тэгвэл энэ тохиолдолд, манай сайд, дарга нар, мэрэгжилтэн, зүтгэлтэн гэх эрхмүүдийн хувьд асуудлынхаа мөн чанарыг буруу, дутуу ойлгосон ярих бичихдээ буруу нэр томьёо хэрэглэсэн нь их байна. Нэгэн зүйл. Нэр томьёо, мөн чанар. Коксжсон нүүрс, хагас коксжсон нүүрс гэдэггүй, харин коксждог (коксжих ч гэсэн болох) нүүрс, кокс, хагас кокс гэдэг. 380 - 550 0C хүртэл халахаараа уян налархай байдалд орж (бөсөх, softening, caking спекающийся ) 600 0С - аас дээш температурт барилдан хатуурч 900 0С хатуу бөх кокс болдог нүүрсийг бөсөх чанартай коксждог нүүрс гэнэ, Таван толгой, Нарийн сухайт, Хөшөөт зэрэг ордуудад бий, үнэтэй, ховор К, Ж, Г маркийн чулуун нүүрс. Ийм нүүрснээс гарган авсан коксыг хүдрээс төмрийг ангижруулж ширэм, ган гарган үйлдвэрлэхэд хэрэглэдэг. Бид ийм сайн нүүрсээ, баяжуулсан ба баяжуулаагүй байдлаар экспортлож амьдралаа залгуулж байгаа. Хүрэн ба олонхи маркийн чулуун нүүрс коксждоггүйд тооцогдоно. Гэхдээ ямарч нүүрсийг 500-550 0С ба түүнээс дээш халаахад нунтаг боловч найрлагын хувьд бүхэллэг кокстой төсөөтэй нүүрстөрөгжсөн үлдэгдэл үүснэ. Тэдгээрийг халаалтын температураас нь хамааруулж хагас кокс, дунд ба өндөр температурын кокс гэх нь бий. Нэгэн зүйл. Дэгдэмхий бодис утаа биш. Дэгдэмхий бодис багатай нүүрс, кокс түлэхэд утаа бага гарна гэж ойлгосон хүн олон байгаа бололтой. Хятадаас импортлох хагас коксоор хийсэн түлшний дэгдэмхий бодисын агуулга мидлинг түлшнийхээс 2 дахин бага учраас агаарын бохирдол 2 дахин буурна гэцгээж байгаа нь буруу. Нэг эх сурвалжид, "- шинжилгээгээр (хагас коксыг хэлж байх шиг ) мидлингээр хийсэн түлшээс дэгдэмхий бодис 56% - аар хүхэр 40 гаруй хувиар угаарын хий 10 гаруй хувиар буурсан, илчлэг илүү нь батлагдсан” гэжээ. Иймэрхүү утгатай үгийг олон хүн хэлж бичиж байна. Дэгдэмхий бодис, утаа хоёрын мөн чанар, ялгааг товчхон хэлье.
Дэгдэмхий бодис бол аливаа түлш төдийгүй бараг бүх органик бодисын бүрэлдэхүүн хэсэг. Органик бодисыг агаар хангалтгүй орчинд халаахад задарч хий, уур болж дэгддэг хэсгийг дэгдэмхий бодис, хатуу хэвээр үлддэг хэсгийг нүүрсжсэн үлдэгдэл буюу термонүүрс, хагас кокс, кокс гэнэ. Дэгдэмхийг хөргөхөд давирхай, ус, хий болж хуваагдана. Модлогийн дэгдэмхий бодисын гарц (Vdaf) 80% орчим, хүрэн нүүрснийх 45- 55%, чулуун нүүрснийх 20 – 45%, антрацитынх 2-8% байдаг. Дэгдэмхийн найрлага түлшний төрлөөс хамаарч өөр өөр байх боловч метан ба түүний эгнээний нүүрсустөрөгчид, устөрөгч, азот нийлээд 11-21%; органик суурь, хүчлүүд, фенолууд, нүүрсустөрөгчид, асфалтенүүд, хүчилтөрөгч агуулсан саармаг органик нэгдлүүд, давирхайлаг бодисууд нийлээд дундажаар 10-14%; пирогененик ус 4- 12%, их; нүүрсхүчлийн хий (CO2), угаарын хий(CO) усны уур (Н2О) бага хэмжээгээр агуулна. Дэгдэмхий бодисуудын нь дийлэнх хэсэг нь сайн шатдаг органик нэгдлүүд. Дэгдэмхийн агуулга ихтэй түлш, урт дөл үүсгэж хөнгөхөн, гүйцэт шатдаг давуу талтай. Иймд дэгдэмхий бодис бол утаа биш харин түлшний шатах массын чухал бүрэлдэхүүн хэсэг. Тэгвэл, утааны [ уг нь утаа гэхгүй шаталтын хий, гарах хий гэвэл зохилтой] бүрэлдэхүүн дэх үндсэн бодисууд нь азот (N2) 74 – 76%, хүчилтөрөгч (O2 ) 0.1- 7.0, усны уур (H2 O) 4.0 – 13.0%, байдаг, нүүрсхүчлийн хий (CO2) 5-12% байдаг. Түлшний найрлага, шатаалтын горим, зуухны боловсронгуй биш байдал зэрэг шалтгаанаар гарах хий тоос, тортог, үнс, угаарын хий (СО), хүхрийн ба азотын оксидууд (NOx, SOx), уур, хийн байдалтай органик бодисууд, хүнд хортой элементээр бохирдох нь бий. Ингэж бохирдсон хийг утаа гэнэ. Чингэхлээр, түлшин дэх дэгдэмхий бодисыг утаа гэж ойлгож болохгүй. Дэгдэмхий бодис ихтэй хуурай мод түлээ, үртсэн болон сүрэл, жимс ногооны хаягдал, малын аргал, бууцаар хийсэн сайн шахмалыг ч утаагүй түлшинд тооцох нь бий. Эдгээрийн дэгдэмхий бодисын агуулга 70% - аас багагүй. Зуухан дахь тодорхой хэсэг түлшний шаталт; түлш авалцан шатах буюу шаталт эхлэх (ignition), дэгдэмхий бодис ялгаран гарч (fuel devolatilization and volatile combustion) гал, дөлтэй эрчимтэй шатах, дэгдэмхий биш хатуу үлдэгдлийн (coal –char combustion ) дөлгүй шахам улайсан шатах гэх гурван үе шаттай явагддаг. Дэгдэмхий бодис ихтэй мод, хүрэн нүүрс, аргал, хөрзөн мэтийн нүүрсний авалцан шатах температур нам, урт дөл үүсгэн сайхан шатдаг, улайсан шатах хугацаа бага байх тул хөнгөн түлш гэж болно. Харин дэгдэмхий бодис багатай дээд ангиллын чулуун нүүрс, хагас кокс, коксын дэгдэмхий бодисын агуулга бага, авалцан шатах температур өндөр тул асаагч хэрэглэнэ, эрчимтэй шатах үедээ ч дөл багатай, ялангуяа улайсан шатах үе шатандаа агаарын үлээлэг шаардана, дутуу шатаж тоос тортог, угаарын хий их хэмжээгээр үүсгэх тул хүнд түлш гэх үндэстэй. Ялангуяа хүнд түлш түлэхэд сайн зуух хэрэгтэй.
Нэгэн зүйл. Тавантолгой түлш (ТТТ) ХХК–ийн үйлдвэрийн мидлинг түлш. Энержи ресурсийн мидлинг бол тийм муу түүхий эд биш, ганц дутагдал нь үнс ихтэй, хүхэр ялимгүй их боловч кальц, магни агуулсан барьцалдуулагч хэрэглэх аргаар зүгшрүүлж болно. Уулын буга үзээд унасан бухаа орхив гэдгийн үлгэрээр орж болохгүй. Харин унасан бухаа, сайн тордож уяа сойлгийг нь тааруулах буюу техник технологио улам бүр төгөлдөржүүлэх нь зүй. Өнгөрсөн жилүүдэд Таван толгой түлш (ТТТ) ХХК–ийн хийж ирсэн мидлинг шахмал Улаанбаатарын агаарын бохирдлыг 50 хувь, бууруулж чадсан түлш. Гагцхүү, үйлдвэрийнхээ технологийн горимыг алдаж түлшнийхээ чийгийг ихдүүлсэн механик бат бөхийг бууруулсанаас урьд жилүүдийн зарим тодорхой цаг хугацаанд агаарын бохирдол ихэссэн байх. Түүнийг нь манай "муу”- д дуртайчууд шийдвэр гаргагчдийн толгойг эргэтэл хөөрөгдсөн шиг байна. ТТТ–ийн гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн энэ оны Өдрийн сонин 115 дугаарт өгсөн ярилцлагадаа; нүүрсний (мидлинг) тээврийг төмөр замд шилжүүлж чадсан, уураар хатаадгаа больж халуун агаараар хатаадаг болгох, үйлдвэрээ автомат тохируулгатай болгох гэсэн өөдрөг дэвшилттэй шинэчлэлүүд хийж байгаа тухайгаа хэлсэн байсан. Чингэхлээр, мидлинг шахмалын чанар сайжрах нь тодорхой. Ц.Даваацэрэн бол Эрдэнэтийг цөөнгүй жил авч явсан монголын үйлдвэр бизнесийн зангаргатай томоохон удирдагчдын нэг, худлаа хэлэхгүй хүн. Их хөрөнгө зарж байгуулсан үйлдвэрүүдийнхээ техник технологийг төгөлдөржүүлж мидлинг түлшээ сайжруулаад энэ өвөлдөө болон цаашдаа ч хэрэглэхэд болохгүй гэх газаргүй. Шахмал түлш яагаад сайн түлшинд тооцогддог, утаагүй, утаа багатай шатдагийн учир нь дэгдэмхий бодис багатайдаа биш, нүүрсэн шахмал уу хагас коксон шахмал уу гэдэгтээ ч биш, гагцхүү механик ба халуун даах бат бөх чанартаа байдаг, механик бат бөхийн үзүүлэлт нь унагах аргаар (ГОСТ 21289) тодорхойлоход Пм % 85, барабан туршилтаар (ГОСТ 21289) Пм 80 байхад хангалттай. Үнс, хүхэр, азот, хүнд хортой элементүүдийн бага байвал сайн. Ийм түлшний шаталтаас яагаад утаа бага гардаг билээ?
Түлэхэд геометр тэнхлэгийнхээ төвд хүчтэй халж халуун хайлмал бөмбөлөг үүсдэг, тэндээс дэгдэмхий бодис нь жигд ялгарч бүрэн шатдаг. Шатаж байхдаа бараг нунтаграхгүй тул гарах хийтэй хамт тоос тортог, үнс нурам дэгдэн яндангаар агаарт хаягддаггүй. Дээр өгүүлсэнчлэн ТТТ ХХК–ийн мидлинг шахмал бол тийм ч муу түлш биш, гагцхүү, өнөөгийн манай зууханд арай л хүнддээд байгаа юм. Тэгвэл, яаж хөнгөрүүлэх вэ. Нэгдүгээрт, түүхий эдээр, дэгдэмхий бодисын агуулгаар мидлингийнхээс арай их, гэхдээ 30% - аас ихгүй, үнс багатай, насжил хувирлын дундаас доод шатны чулуун нүүрс ашиглах, Шарын гол, Хөөт, Алагтогоо мэтийн ордын нүүрс байж болох, өөр ч боломжийн нүүрстэй олон орд бий, сайн судалж сонгоно. Эхний ээлжинд нэн даруй хэрэгжүүлж болох хамгийн сайн хувилбар бол Энержи ресурсийн эрчим хүчний нүүрсний баяжмал. Энэ л өнөөгийн нөхцөлд жинхэнэ "аврал” шийдэл байх болов уу. Учир баяжмал учраас үнс багатай, коксждоггүй нүүрс учраас дэгдэмхий бодисоор арай их. Дараа нь түүнийгээ Улаанбаатарт ойр байршилтай боломжийн нүүрсээр солих нөөц хувилбарыг бодох. Нэгэн зүйл. Хагас кокс нунтаг тул түүнийг шахаж байж сайн түлш болно. Шахмал хагас коксыг утаагүй түлш гэж болох талтай, тохирсон сайн зууханд агаар хангалттай орчинд шатаавал гарах хий нь утаагүй цэвэр байна. Харин манай гэр байшингийн зуухны чанараас хамаарч, түлш дутуу шатаж угаарын хий (СО) үүсч, оршин суугч угаартах зовлон бий. Хэвлэлүүд болон сошиол дахь мэдээллүүдээс үзвэл, Хятадаас авах хагас коксын дэгдэмхий бодисын агуулга 10 орчим хувь, ийм түлшний авалцан шатах температур өндөр, асаагч хэрэгтэй, дөл богинотой тул зуухан дээр хоол болохгүй, агаарын оруулга, үлээлэг хангалтгүй зууханд дутуу шатаж угаарын хий их хэмжээгээр үүсгэж гэрийнхний эрүүл мэндэд аюул учруулах магадлал мидлинг түлшнийхээс (би онцлов) илүү. Мидлингээс ч хүнд түлш Хятад улсын "Нүүрсэн шахмал ба сайжруулсан зуух” судалгааны дүнгээс үзвэл, шахмал түлш ба сайжруулсан зуухыг хослон хэрэглэсэнээр агаарт хаягдах PM ( тоос ) 63+-12%, OC (органик бодис) 61+-10%, BC (хар тортог нүүрстөрөгч ) 98+-1,7% буурдаг аж. Тэмдэглэвээс, манай өнөөгийн агаарын бохирдлын үндсэн голомт нь гэрийн доторхи агаарын бохирдол юм шүү. Судлаач эмч, эрүүл ахуйчид агаарын бохирдол хүн амын эрүүл мэндэд ихээхэн хохирол учруулдаг тухай их ярьдаг, бичдэг. Хотын гудамжны бохир агаараас угаартчихаад байгаа хүн тийм ч олонгүй л болов уу. Хамгийн хүнд үр дагаврыг гэрийн доторхи агаарын бохирдол үүсгэж байгаа нь тодорхой. Нэгэн зүйл. Зуух. Улаанбаатар хотын өнөөгийн нөхцөлд агаарын бохирдлыг ялангуяа гэрийн доторхи агаарын бохирдлыг бууруулахын үндсийн үндэс нь сайн зуух болой. Энэ тухайд БНХАУ – ын 1980 – аад оны эхнээс хэрэгжүүлсэн "Зуух сайжруулах үндэсний программ, NISP” – ын туршлага ихээхэн сургамжтай юм. Энэ программын эхний шат "NISP I” - г хэрэгжүүлсэний үр дүнд 1990 - ээд оны төгсгөлд хот хөдөөгийн айл өрхүүд 200 сая сайжруулсан зуухтай болсон байдаг. Өнөө ч энэ программ "A Chinese National Improved Stove Program for the 21st Century to Promote Rural, Social, and Economic Development” нэртэй үргэлжилж байна. Ингэж үргэлжлүүлж байгаагийнхаа учрыг, "NISP I программыг хэрэгжүүлж асар их амжилт олсон боловч Хятад улс ахуйн хэрэглээндээ орчин үед дэвшилттэй зуух нэвтрүүлэх хэрэгт дахин нэг томоохон хүчин чармайлт гаргахыг (NISP II) орчин үе шаардаж байна” гэж тайлбарлажээ. Мэдээллүүдийг үзвээс, программын хэрэгжилтээр бий болж өнөө хэрэглэгдэж байгаа зуухнуудыг монголчууд бид өөрийн гэр байшингийн онцлогт тохируулаад өөрсдөө бариад ашиглачихаж болмоор юм билээ. Иймэрхүү зуухыг монголчууд бид гэр, гэртээ барьчихаж чадах байхаа, хэдэн хүн Хятадад явуулж сургаад өөрсдийнхэндээ заагаад өгвөл бүр л сайн. Зуухны чанарын нэн чухал үзүүлэлтийн нэг нь хоёрдогч агаарын оруулгатай байх. 1кг түлээ 4-5 м3 , 1 кг чулуун нүүрс 8–9 м3 агаар хэрэглэж шатна. Түлш, галлагаатай холбоотой утаа, угаарын үндсэн шалтгаан нь ердөө л дутуу шаталт. Шүршигч кочегартай, агаарын хоёр оруулгатай зуухны схем Агаарын хоёрдогч оруулгатай зуухны схем Хаалтан дээрээ агаарын оруулгатай яндан хоолойдоо тохируулагч хаалт (шибер ) бүхий зуух Зууханд агаар оруулах доод оруулга Зуухны доод оруулгаас галын хотол дундуур тавигдсан силом нэртэй хоолойгоор хоёрдогч агаар өгөх аргыг нилээд зохимжтой гэж үздэг. Силомыг галд тэсвэртэй гангаар хийдэг. Шинжлэх ухаан, судалгаа, Хятад улсын цэвэр зуухны сорилт, танин мэдэхүйн төв Хятад улсын хөдөөгийн эрчим хүчний ассоциацаас жил тутам зохион байгуулдаг цэвэр зуух үзэсгэлэн, түүнийг дэмжиж оролцдог байгууллага, орон нутгийн засаг захиргаа иргэдийн цэвэр зуухны тухай мэдлэг, туршлагыг дээшлүүлэхэд чиглэгдсэн сурталчилгаа, сургалт явуулах зорилтыг хэрэгжүүлдэг. Хоол унд бэлтгэх, орон гэрийг халаах тус тусдаа зориулалттай зуухнууд Хоол хийх ба гэр орныг дулаацуулах үүргийн аль алиныг гүйцэтгэдэг зуух, ийм загварын зуух л манайд хамгийн их хэрэгтэй. Аугаа Хятад улс ахуйн зуухыг ийм том ач холбогдолтойд үзэж 2 зуун дамжсан урт хугацааны том хөтөлбөр хэрэгжүүлсэн байх юм. Манай улсын хувьд ч агаарын бохирдлыг бууруулахын төлөө тэмцлийн чамгүй урт түүхэнд шийдвэрлэхээр оролдож ирсэн асуудлын нэг нь утаагүй буюу сайжруулсан зуух. Энэ тухайд, хэрэгжүүлсэн төслийн үр дүнд зохион бүтээгдсэн, гаднаас оруулж ирсэн зуухнуудыг нэгтгэсэн "төслийн зуух” гэдэг нэршил бий болсон.Төслийн сайн зуух олон байсан одоо ч бий. 2011 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилттэйгээр Эрдэс баялаг эрчим хүчний Яамнаас хэрэгжүүлсэн техник туслалцааны төслийн хүрээнд зуухны утаа ялгаруулах түвшин болон үр ашгийг турших лабораторийг байгуулсан байдаг. "iToim”-оос үзвэл, тус лаборатори түлшний хэмнэлттэй хэд хэдэн төрлийн зуухыг утааны ялгаралт, түлшний хэрэглээ, үр ашгийн үнэлгээ, зах зээлийн боломж зэрэг шалгуураар үнэлжээ. "Эдгээр зууханд 80 гаруй туршилт хэмжилт хийхэд Сэлэнгэ констракшн ХХК-ийн оруулж ирсэн Турк улсад үйлдвэрлэгдсэн "Өлзий” (Mini Silver), "Хас” (Silver Turbo) болон Роял өүшн ХХК-ийн оруулж ирсэн Хятад улсад үйлдвэрлэгдсэн "Голомт”, "Дөл” зуухнууд PM2.5-ын ялгаралтыг 70-89%, нүүрсний хэрэглээг 11- 26% бууруулж байв” гэсэн байх юм. Сайн л үр дүн гарч, үүнийгээ орхиод иймэрхүү байдлаар бид салан баавгайн үлгэрээр яваад байгаа юм биш үү. Нэг хэсэг бүр, утаагүй зуух гэж ярьсан хүнийг өвчтэйд тооцно гэх шахсан байх шүү. Төслийнхээсээ ч илүү сайн зуухыг манайхан зохион бүтээсэн нь бий. Хамгийн сүүлчийн жишээ нь гадаадын олон оронд патендлагдсан Ц.Мөнхбаатар зохион бүтээгчийн утааг нь дахин шатаах зуух. Нүүдэлчин гэдэг сайн зуух бас байгаа бололтой. Чингэхлээр, Монголчууд бидэнд зуухныхаа асуудлыг амжилттай шийдвэрлэхэд ашиглах их боломж хөрш орны болон өөрийн туршлага байна. Нэгэн зүйл. Био шахмал, нүүрс, хагас коксон болон түлшний үйлдвэрлэл дэлхий дахинаа, мэдээллүүдээс үзвэл: Модны үртэс, сүрэл, жимс ногооны хаягдал, малын аргал, бууц мэтийн биоматериалаар хийсэн түлшийг биотүлш, биошахмал гэнэ. Дэлхийн био шахмал түлшний үйлдвэрлэлийн хэмжээ 2021 онд 462.51 сая америк доллар байсан бол 2027 онд 747.61 сая доллар болно. 2008-2010 онд ШУА–ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн ажилтанууд "Утаагүй түлшний шинжлэх ухаан, технологийн асуудлууд” сэдвээр хийсэн ажлынхаа хүрээнд биотүлшний технологийн хэд хэдэн шийдэл боловсруулж 4 патент авсан бий. Биотүлш бол дэлхий дахинаа хамгийн цэвэрт тооцогдож байгаа, ахуйн болон тансаг хэрэглээний түлшний дэвшилтэд хэлбэр мөн; Австраль улсын нүүрсэн шахмалын үйлдвэрлэл 47.2 тэрбум, Индонезийнх 31 тэрбум, Оросынх 21.1 тэрбум ам.доллар; Хагас коксон (charcoal) шахмалын үйлдвэрлэл дэлхийн дахинаа 2021 онд 0.96 тэрбум байсан бол 2030 онд 1.56 тэрбум болно гэжээ. Ийнхүү, шахмал түлшний үйлдвэрлэл, хэрэглээ зөвхөн Монголын асуудал биш дэлхийн асуудал хэвээр байгаа аж. Тэр тусмаа, манай мидлинг шахмал шиг ерийн нүүрсэн шахмалын үйлдвэрлэлийн хэмжээ, өсөлтийн прогноз хамгийн их байна. Иймд асар их хөрөнгө зарж босгосон, өндөр хүчин чадалтай нүүрсэн шахмалын үйлдвэрээ тордож, техник технологийг төгөлдөршүүлж ашиглах нь бүдүүлэг хоцрогдсон явдал болохгүй байхаа. Дүгнэвээс, агаарын, ялангуяа гэрийн доторхи агаарын бохирдлыг бууруулахын тулд түлшээ сайжруулах "хөнгөрүүлэх”, "зуухаа сайжруулах” хоюуланг нь "ёсчлох”- оос аргагүй.
Химийн ухааны доктор, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Ж.Дугаржав
Сэтгэгдэл байхгүй байна.