НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ П.НАРАНБАЯР “СУРУГА МОНГОЛ”-ЫН ЭЗЭНД ХАР ТАМХИНЫ ХЭРЭГ ТОХСОН Т.ГОЧООСҮРЭНТЭЙ ИНГЭЖ ХОЛБОГДДОГ

0

НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ П.НАРАНБАЯР “СУРУГА МОНГОЛ”-ЫН ЭЗЭНД ХАР ТАМХИНЫ ХЭРЭГ ТОХСОН Т.ГОЧООСҮРЭНТЭЙ ИНГЭЖ ХОЛБОГДДОГ

Хотын дарга Х.Нямбаатар саяхан НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаярт хаяглаж "Т.Гочоосүрэн гэж таны дүү байгаа, тийм ээ. "Суруга Монгол”-ын өвгөний дэрэн доогуур хар тамхи хийсэн, дараа нь Сонгинохайрхан дүүрэгт авто угаалгын газраар шагнуулсан хэргээрээ шалгагдаж байгаа. Та ярьж байгаа шигээ ариухан хүн байж чадах уу. Энэ хэрэг гадаадын хөрөнгө оруулагчид манайд ирэхээсээ жигшдэг байдалд оруулсан шүү. Тэр хүн тантай ямар хамааралтай дүү чинь билээ, та өөрөө сайн мэдэж байгаа байлгүй. Энэ асуудлаар хууль хяналтын байгууллагад хандахаар бэлдсэн байгаа” гэж мэдэгдсэн. Харин П.Наранбаяр "Намайг маш ноцтой гүтгэж байна. Би "Суруга Монгол”-той ямар ч холбоогүй, хөрөнгө оруулагчдыг нь, хуйвалдаанд оролцогчдыг нь мэдэхгүй” гэж гүрийсэн. 
 
Харин бид өчигдрийн дугаартаа НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр "Суруга Монгол” ХХК-тай хагацашгүй холбоотойг хөдөлшгүй баримтаар дэлгэсэн. Тодруулбал, П.Наранбаярын 2000 оноос нөхөрлөсөн, бизнесийн хамтрагч, гэр бүлийн бизнесийнх нь хөрөнгө оруулагч Японы тэрбумтан Таками Юүичи нь "Суруга Монгол” ХХК-ийн анхны хөрөнгө оруулагч байсныг танилцуулсан. Мөн 2016 онд "Суруга Монгол” ХХК-ийн шинэ эзэн болж, эзэмшил газрыг нь дамлан худалдсан Ц.Чинбаяр гэгч нь П.Наранбаярын багш, эхнэрийнх нь эгч Т.Мөнхцэцэгийн хүү байсныг илчилсэн. 
 
     Тэгвэл бид өнөөдрийн дугаартаа "Суруга монгол” ХХК-ийн хөрөнгө оруулагч, захирал Цүнэяки Харад хар тамхины хэрэг тохож, хууль хяналтынхантай хуйвалдан хөөж явуулсан Т.Гочоосүрэн гэгч нь НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяртай хэрхэн холбогддогийг танилцуулж байна. 

"СУРУГА МОНГОЛ” ХХК-ИЙН ЭЗЭН ЦҮНЭЯКИ ХАРАД ХАР ТАМХИНЫ ХЭРЭГ ТОХОХ ХУЙВАЛДААНЫ ЭХЛЭЛ БА ГОЛ ГҮЙЦЭТГЭГЧ Т.ГОЧООСҮРЭН

   
 
 
 
 
 
 
 Хэргийг эргэн сануулъя. Т.Гочоосүрэн 2007 онд Японд их сургууль төгсөж ирээд "Суруга Монгол” ХХК-д ажилд орсон. Япон хэлтэй учраас "Суруга Монгол” ХХК-ийн хөрөнгө оруулагч, захирал Цүнэяки Хараг Монголд ирэх үед орчуулагч, туслахаар нь давхар ажилладаг байсан. Өөрөөр бол, Т.Гочоосүрэн гэгч нь Цүнэяки Харагийн өрөөнд нь чөлөөтэй орж, гарах хэмжээний ойр дотно ажилтан нь байж л дээ.
 
Ингээд Т.Гочоосүрэн 2012 оны хоёрдугаар сарын 28-29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн I хороонд байрлах "Палас” зочид буудлын 609 тоот өрөөнд буюу "Суруга Монгол” ХХК-ийн хөрөнгө оруулагч, захирал Цүнэяки Харагийн байрлаж байсан өрөөнд хар тамхи халаасалж очсон. Улмаар хар тамхиа орных нь дэрний доор нуугаад гарч явсан. Түүнийг явсны араас цагдаа нар орж өрөөг нэгжээд өнөөх "нуусан” хар тамхийг олсон дүр үзүүлж, Цүнэяки Хараг баривчилсан. Ингээд "Японы хөрөнгө оруулагчийг өрөөндөө хар тамхи хэрэглэж байхад нь үйлдэл дээр нь баривчиллаа” гэж нийтэд мэдээлсэн. Ингэж 70 шүргэж явсан Цүнэяки Хараг "хар тамхичин" болгож, хөрөнгөөс нь салгах хуйвалдаан эхэлсэн түүхтэй. Сонирхуулахад, энэ дуулианы хэл амнаас ч болсон уу, Ерөнхий сайд асан С.Баяр Тэмээний хөшөөний хажуугийн "Палас” зочид буудлаа 2014 онд гадна фасатыг нь шинэчлээд "Зүчи” зочид буудал болгосон түүхтэй. 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Тайлбар: 2012 он "Палас" зочид буудал, одоо "Зүчи" зочид буудал
     Хар тамхины хэрэгт тохогдсон Цүнэяки Хараг зургаан сар хориод сулласан. Улмаар насны эцэст хүний нутгийн шоронд "яс тавих нь” гэж айсан Цүнэяки Хара хамаг хөрөнгө хаяад ум хумгүй нутаг буцсан. Харин хууль хяналтынхантай хуйвалдаж, Цүнэяки Харад хар тамхины хэрэг тохсон Т.Гочоосүрэнд "хар тамхи хууль бусаар олж авсан, бусдыг зохион байгуулалттайгаар гэмт хэрэгт гүтгэсэн” хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн  ч Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2012 оны есдүгээр сарын 2-нд 1093 дугаартай тогтоолоор цагаатгах шийдвэр гаргаж сулласан байдаг. Хуйвалдааны гардан гүйцэтгэгчээ хорихоос хэрхэн суллахаа анхнаасаа нарийн тооцоолсон байсан гэж болно. 
 
 
 
 
Тайлбар: "Суруга Монгол" ХХК-ийн ажилтан Т.Гочоосүрэн, 2011 он

"СУРУГА МОНГОЛ” ХХК-ИЙН ЭЗЭНД ХАР ТАМХИНЫ ХЭРЭГ ТОХСОН Т.ГОЧООСҮРЭН НЬ "ШИНЭ МОНГОЛ” СУРГУУЛИЙН ЭЗЭН Ж.ГАЛБАДРАХЫН ТӨРСӨН ДҮҮГИЙН ХҮҮ

НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр "Би Т.Гочоосүрэн гэж хүнийг танихгүй, мэдэхгүй” гэж мэдэгдсэн. Тэгвэл Т.Гочоосүрэн нь П.Наранбаяртай ямар хамааралтайг танилцуулъя. 
 
     Т.Гочоосүрэн нь Монголын анхны Япон загварын "Шинэ Монгол” ахлах сургуулийн анхны буюу 2003 оны төгсөгч. Улмаар 2004 онд "Шинэ Монгол” ахлах сургуулийн тэтгэлгээр Японд очиж суралцаад ирсэн. Ирмэгцээ эхэнд дурдсанчлан "Суруга Монгол” ХХК-д ажиллаж эхэлсэн. Тэгвэл Т.Гочоосүрэн нь "Шинэ Монгол” сургуулийн эзэн Ж.Галбадрахын төрсөн дүү Ж.Түвшинтунгалагийн том хүү ажээ. Тиймдээ ч Т.Гочоосүрэн нагац ах Ж.Галбадрахынхаа "Шинэ Монгол” сургуулийн анхны төгсөгч болж, мөн тэтгэлгээр нь Японд суралцаад иржээ.
 
Эндээс хөөвөл, Т.Гочоосүрэн, П.Наранбаяр хоёр түмэн сэжмээр холбогдоно. Тухайлбал, нэгдүгээрт, Т.Гочоосүрэнг 2004 онд Японд бакалаврт суралцахаар очихтой яг зэрэгцээд П.Наранбаяр 2004 онд Японд магистрт суралцахаар очиж байв. Мөн тэр үед Ж.Галбадрахын охин ч Японд суралцаж байсан. Ингээд тэд зэрэг буюу 2007 онд буцаж ирцгээсэн. Т.Гочоосүрэн, Ж.Галбадрахын охин хоёр хоёулаа ирмэгцээ "Суруга Монгол” ХХК-д ажилд орсон. Тухайн үед "Суруга Монгол” ХХК-ийн хөрөнгө оруулагч нь П.Наранбаярын бизнес хамтрагч Таками Юүичи байлаа. Тэгэхээр Т.Гочоосүрэнг ч, Ж.Галбадрахын охиныг ч "Суруга Монгол” ХХК-д ажилд оруулсан хүн нь П.Наранбаяр болж таарах аж. Хоёрдугаарт, Ж.Галбадрах, П.Наранбаяр хоёр Японоор холбогдсон эртний хамтрагчид. Тиймдээ ч П.Наранбаяр Ж.Галбадрахын "Шинэ Монгол” сургуулийн захирлаар 2012-2020 оныг хүртэл  бүтэн найман жил ажилласан байдаг. Ноцтой нь, Ж.Галбадрахын "Шинэ Монгол" сургуулийн Бодлогын зөвлөлийн гишүүн нь "Суруга Монгол" ХХК-ийн хөрөнгө оруулагч Таками Юүичи байсан. Тэгэхээр 2000 онд байгуулагдсан "Шинэ Монгол" сургуулийн анхны хөрөнгө оруулагч ч байж болзошгүй гэсэн үг. Энэ мэтээр хөөвөл, П.Наранбаяр хар тамхины хуйвалдааны гол гүйцэтгэгч Т.Гочоосүрэнг танихгүй, мэдэхгүй гэж мэлзэх ямар ч боломжгүй ажээ. 

ХАР ТАМХИНЫ ХУЙВАЛДААНЫ ДАРАА Т.ГОЧООСҮРЭН ДӨРВӨН ДАВХАР ЗОЧИД БУУДАЛ, КАРАОКЕ, ПАБ АЖИЛЛУУЛДАГ БОЛЖЭЭ 

      Хотын дарга Х.Нямбаатар "Т.Гочоосүрэн гэгч нь "Суруга Монгол”-ын өвгөний дэрэн доогуур хар тамхи хийснийхээ хариуд Сонгинохайрхан дүүрэгт авто угаалгын газраар шагнуулсан” гэж мэдэгдсэн. Судлаад үзвэл, Т.Гочоосүрэн "Суруга Монгол”-ын хар тамхины хуйвалдаанаас цагаатгагдаад, жилийн дараа буюу 2013 оны наймдугаар сард "Жи Би Жэй корпорэйшн” ХХК-ийн эзэн болж, бизнест оржээ. Энэ компани нь Сонгинохайрхан дүүрэгт авто угаалгын газар нээснийг Х.Нямбаатар тодотгосон биз. Цааш хөөвөл, Т.Гочоосүрэн 2015 онд Баянгол дүүрэгт "Гермес” худалдааны төвийн эсрэг талд "Ниппон” нэртэй дөрвөн давхар зочид буудал, караоке, ресторан паб ажиллуулж эхэлжээ. Харин 2019 онд "Хата фарм” ХХК-ийг байгуулж, Япон Улсаас эм, тариа импортолж, эмийн сангуудаар зардаг болсон байна. Мөн ээж Ж.Түвшинтунгалаг нь ЭХЭМҮТ-ийн их эмчээр ажиллаж байгаад Баянзүрх дүүргийн XXVI хороо, "Шинэ Монгол” сургуулийн хажууд "Рэйва мед” гэх эмэгтэйчүүдийн эмнэлэг нээсэн байх ажээ. 
 
      Тэгэхээр өчигдөр, өнөөдрийн хоёр цуврал нийтлэлийн баримтуудаа нэгтгэвэл төгсгөлд нь тун ойлгомжтой схем харагдаж байна. Нэгдүгээрт, П.Наранбаярын 2002 оноос хойш нөхөрлөсөн бизнес хамтрагч Таками Юрүичи нь 2005 оноос хойш "Суруга Монгол” ХХК-ийн хөрөнгө оруулагчдын нэг байсан. Хоёрдугаарт, 2012 онд "Суруга Монгол” ХХК-ийн нэг хөрөнгө оруулагч, Монгол дахь захирал Цүнэяки Харагийн өрөөнд хар тамхи нууж, хууль хяналтынхантай хуйвалдаж хөөж явуулсан Т.Гочоосүрэн гэгч нь П.Наранбаярын бизнес хамтрагч, хайрт ах Ж.Галбадрахынх нь төрсөн дшшгийн хүү байсан. Гуравдугаарт, хар тамхины хэрэг намжсаны дараа 2016 онд "Суруга Монгол” ХХК-ийн газрыг Б.Наранхуу, А.Гансүх нартай хувааж авсан Ц.Чинбаяр гэгч нь П.Наранбаярын багш, эхнэрийнх нь эгч Т.Мөнхцэцэгийн хүү байсан. Ингэж харвал, П.Наранбаярын хамтрагч Таками Юүичи гэгч нь "Суруга Монгол” ХХК-ийн хамтран хөрөнгө оруулагч нартайгаа муудаж, улмаар 2012 онд П.Наранбаяр, Б.Наранхүү, А.Гансүх, Б.Хурц нараар дамжуулан хар тамхины хэргийн хуйвалдаан зохиож, 2016 онд Ц.Чинбаяраар дамжууулан "Суруга Монгол” ХХК-ийн газарт дангаар эзэн суусан байж болзошгүй схем гарч ирж байгаа юм. 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.