ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД АСАН С.ЭНХБОЛДОД ХОЁР ТЭРБУМЫН АВЛИГА ӨГСӨН ГЭГДДЭГ Ш.АЛТАНТУЯАГИЙН ЭХЭМҮТ-ИЙГ “ЦӨЛМӨСӨН” БАРИМТУУД

0

 

   ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Алтантуяаг даргын суудал суухын тулд тэрбумын авлига өгсөн гэх яриа шар байшингаас жиг жуг гэдэг. Монгол Улсад байгаа цорын ганц хүүхдийн эмнэлэг болох ЭХЭМҮТ-ийг С.Энхболд сайд эхнэрийнхээ найз эмэгтэйгээр удирдуулахаар чичирч, ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр цээжээрээ хамгаалж, их хэмжээний авлига авч, тус суудалд томилсон байж болзошгүй нөхцөл байдал илэрч, АТГ-аас хүртэл шалгаж байлаа. Эх барих, эмэгтэйчүүдийн салбарт 20 орчим жил ажилласан Ш.Алтантуяа дарга болсон даруйдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эмч, сувилагчдыг хоморголон ажлаас нь халсан гэгддэг. Тэгвэл бид энэ удаад Ш.Алтантуяагийн ЭХЭМҮТ-ийг "цөлмөсөн” ноцтой, хууль бус баримтуудыг хүргэх гэж байна. ЭХЭМҮТ-д аудитын шалгалт орж, хэд хэдэн санхүүгийн ноцтой зөрчил илэрчээ.

Ш.АЛТАНТУЯА 546 САЯЫН ҮНЭТЭЙ ХҮЧИЛТӨРӨГЧИЙН ҮЙЛДВЭР, АЖАА ГЭГЭЭНИЙ ЭМНЭЛГИЙГ ЭХЭМҮТ-ИЙН ДАНС БҮРТГЭЛД БҮРТГЭЭГҮЙ БАЙЖЭЭ  

БАРИМТ-1

          АНУ-ын Блуумингтон хотын Буддын сүмийн тэргүүн Ажиа Рэнбүүчи 2011 онд Монголд ирэхдээ Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлгийг ЭХЭМҮТ-ийн өргөтгөлөөр барих саналыг гаргасан байдаг. Цусны эмгэгтэй хүүхдүүдэд үйлчлэх 50 ортой хавдрын тасаг, 25 ортой эмчилгээний тасагтай эмнэлэг 2023 онд ашиглалтад орж, ЭХЭМҮТ-д хүлээлгэн өгсөн байдаг. Уг эмнэлгийг ард түмний хандив болон өөрсдийн хөрөнгөөр "Тэргүүн чансаа" ХХК барьж гүйцэтгэсэн билээ. Хачирхалтай нь, тус эмнэлгийн захирал Ш.Алтантуяа нь уг эмнэлгийг ЭХЭМҮТ-ийн данс бүртгэлд бүртгээгүй байжээ. Энэ нь аудитын шалгалтаар илэрчээ.

Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн тав дугаар зүйлийн 5.2-т заасан "Төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө нь төрийн болон орон нутгийн өмч байна. Төсөвт авсан зээл, хандив, дэмжлэг, тусламжаар бий болсон хөрөнгө үүнд хамаарна”, 25 дугаар зүйлийн 25.1-д заасан "Төрийн өмчийн эд хөрөнгийг нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан журмаар үнэлж бүртгэнэ” гэж тус тус заасантай нийцээгүй, ноцтой зөрчил ажээ.

Өөрөөр хэлбэл, Ш.Алтантуяа цусны эмгэгтэй хүүхдүүдэд зориулсан эмнэлгийг данс бүртгэлд оруулаагүй, уг эмнэлэгт зарцуулсан төсөв хөрөнгийг тооцоогүй нь анхаарал татаж байгаа юм.

1.7 ТЭРБУМЫН ГҮЙЛГЭЭГ ДУТУУ МЭДЭЭЛЖ, НУУН ДАРАГДУУЛЖЭЭ

БАРИМТ-2

       ЭХЭМҮТ өнгөрсөн 2023 онд 48.2 тэрбум төгрөгийн 114 удаагийн орлогын гүйлгээ хийжээ. Уг төвийн санхүүгийн албаныхан шилэн дансанд бүртгэх ёстой буюу таван саяаас дээш дүнтэй 19.8 тэрбумын 708 зарлагын гүйлгээг ил тод мэдээлэх ёстой байжээ. Гэвч хачирхалтай нь, 1.7 тэрбумын 74 гүйлгээг дутуу мэдээлж, нуун дарагдуулжээ.

Энэ нь Шилэн дансны тухай хуулийг зөрчсөн ноцтой зөрчлөөр бүртгэгдэж, Үндэсний аудитын газраас Ш.Алтантуяад албан шаардлага хүргүүлээд байна. Одоогийн байдлаар уг 1.7 тэрбумын гүйлгээ ямар учиртай, яагаад нуун дарагдуулсан нь тодорхойгүй байна.Уг дутуу мэдээлсэн гүйлгээг ирэх есдүгээр сараас өмнө мэдүүлж, зөрчлөө арилгахыг Ш.Алтантуяад даалгажээ.

ЭХЭМҮТ-Д ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ХҮНСНИЙ ДЭЛГҮҮРЭЭС ТҮРЭЭС АВЧ, ХУВЬДАА ЗАВШИЖ БАЙСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ

БАРИМТ-3

Ш.Алтантуяа захирал ЭХЭМҮТ-д үйл ажиллагаа явуулдаг цайны газартай түрээсийн гэрээ байгуулаагүй, түрээсийн мөнгийг нь хувь дансаар авч, завшиж байсан болзошгүй зөрчил илэрчээ.

     Тодруулбал, ЭХЭМҮТ-ийн бүртгэлтэй манаачийн байрыг буулгаж, төрийн өмчийн зориулалтыг өөрчлөн хувь хүнд цайны газрын зориулалтаар 2008 оноос хойш ашиглуулж байгаа аж. Гэвч уг манаачийн байрыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын шийдвэргүйгээр буулгажээ. Хачирхалтай нь, уг цайны газрын түрээсийн төлбөр сарын 450 мянган төгрөг ч ЭХЭМҮТ-ийн дансанд ороогүй байна.

Үүнээс гадна өөр нэг манаачийн байрыг иргэнд хүнсний дэлгүүрийн зориулалтаар ашиглуулж байгаа аж. Ингэхдээ түрээсийн гэрээ хийгээгүй, сарын түрээс авдаггүй зөрчил илэрчээ.

ЭХЭМҮТ-ИЙН ГАЗРЫГ "ГУРВАН ГАЛ” ЭМНЭЛЭГТ АШИГЛУУЛЖ БАЙНА

БАРИМТ-4   

            Өөр нэг ноцтой баримт нь ЭХЭМҮТ-ийн газрын хувийн эмнэлэгт ашиглуулж, худалдан борлуулахыг завдаж байгаа аж. Тодруулбал, тус эмнэлгийн газраас "Гурван гал” хувийн эмнэлгийн автомашины зогсоолын зориулалтаар ашиглуулж байгаа зөрчил илэрчээ. Ингэхдээ бүр тус эмнэлгээс түрээсийн төлбөр авдаггүй, гэрээ хийгээгүй байсан гэнэ. Энэ нь улсын эмнэлгийн газрыг бусдад давуу байдал олгож ашиглуулсан, цаашлаад газраа алдах эрсдэлтэй нөхцөл байдалд орж байгаа аж.

ТӨЛБӨРТЭЙ ТАСГИЙН ӨРӨӨНИЙ МӨНГИЙГ ЭХЭМҮТ-ИЙН ДАНСАНД БАЙРШУУЛААГҮЙ

БАРИМТ-5

          ЭХЭМҮТ-ийнхөн 14 тасагт төлбөртэй өрөө ажиллуулж, иргэдэд үйлчилдэг ажээ. Гэтэл Ш.Алтантуяа Дутуу тээлтийн тасаг, Чих хамар, хойлойн мэс заслын тасаг, Эрүү нүүрний мэс заслын тасгийн төлбөртэй өрөөний төлбөрийг дутуу төвлөрүүлж, хохирол учруулжээ. Дутуу төвлөрүүлсэн мөнгийг Ш.Алтантуяа завшсан уу, өөр албан тушаалтан завшсан уу гэдгийг тогтоохоор ажиллаж байна. Мөн үүнийг тогтоож, зөрчлөө арилгахыг Ш.Алтантуяад даалгаад байна.

Энэ мэт Ш.Алтантуяагийн ЭХЭМҮТ-ийг "цөлмөсөн” ноцтой баримтуудыг илрүүлжээ.

ЭХЭМҮТ-ИЙН ЗАХИРАЛ Ш.АЛТАНТУЯА ГЭЖ ХЭН БЭ

   

    Ш.Алтантуяа нь эрүүл мэндийн салбарт "ЭХО-ны Ш.Алтантуяа” нэрээр танигдсан гэдэг. Тэрбээр Холбооны Бүгд Найрамдах Герман, Швейцарь Улсад эхоны эмчээр ажиллаж байсан туршлагатай аж. Харин  тэрбээр ЭХЭМҮТ-д 10 гаруй жил ганцхан эхоны тасгийн эмчээр ажилласан бөгөөд тасаг удирдаж, удирдлагаар ажиллаж үзээгүй аж. Түүнийг ажлын ачаалал даахгүй, мэс засал хийж чадахгүй, жижүүрт хонодоггүй, ажилд тэнцэхгүй гэх шалтгаанаар ажлаас нь чөлөөлөөд байсан гэх. Харин тэр төрийн албаны шатлан дээшлэх зарчмыг уландаа гишгэж, өөрийн найз, түүний сайд нөхрийн дэмжлэг, өөрийн нөхрийн хөрөнгөөр ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирлаар эргэн ирсэн гэх яриа шар байшингийн булан тохой бүрд жиргэж байгаад намдсан. Одоо түүний хууль бус баримтуудын талаар эмч нар мэдээлээд эхэлжээ.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.