ЁРООЛДОО ТУЛТАЛ УНАСАН АРДЧИЛСАН НАМ ХЭР УДААН ТЭСЭХ ВЭ
Мөдхөн Ардчилсан намынхны тамга, тэмдэгний хэрүүл эхэлнэ дээ. Мууг зөгнөж, мууг нь үзэж байгаа юм биш. Бодит төрх нь ийм л байна.
Ингэж хэлсэн нь учиртай. Ардчилсан намынхны гаргаж байгаа авираас харахад энэ сонгуулийн дараа нэг нь тамгаа авч зугтаж, нөгөө нь шинээр хийлгэнэ гээд эцэс төгсгөлгүй маргалдаж, хөл толгойгоо олохгүй явсаар дараагийн сонгуультай залгах тоглоомын тойрогтоо аль хэзээ орчихсон л харагдаж байна. Тэр байтугай тэд сонгуулийн сурталчилгаа хийх гэж хүүхэд нохойн доог болж байна. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намын ганц бэлэг тэмдэг болсон С.Зоригийн хөшөөний урд байх байрныхаа дэргэд намын даргынхаа зургийг нэлийтэл хэвлүүлээд "Эрх баригчдад АН-ыг худалдахыг зогсоо” гэх лоозон өлгөж, нэр дэвшигчид нь намын даргынхаа байр руу шууд дамжуулалт хийж ороод, Сонгинохайрханд сурталчилгаа хийж байгаа дэвшигчид рүүгээ хуруу чичин, хашигчиж байх. Ингээд харахаар Ардчилсан намын гишүүд нь өөрсдөө л намаа муухай харагдуулж байна. Тэр байтугай төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөг "өөрсдөө” гинжээр дөнгөлчихөөд түүнийгээ олны өмнө зарлаж, мэдээлэл хийж зогссон гэх яриа ч нийгмийн сүлжээнд гарах боллоо.
АРСЛАНТАЙ ТАМГАНЫ ХЭРҮҮЛ АХИАД Л ЭХЛЭХ ҮҮ
Энэ байдлаараа Ардчилсан нам сонгуульд ялалт байгуулж, Засгийн газраа тэргүүлнэ гэдэг мянгуужингийн үлгэр юм байна. Сонгуулийн үр дүнгээр Ардчилсан нам ялагдал хүлээвэл Л.Гантөмөр тамга тэмдэгээ хүлээлгэн өгч, мөнөөх л арслантай тамга, Ардчиллын тугны төлөөх эцэс төгсгөлгүй маргаан дахиад л эхэлнэ. Мэдээж буцах эхнэрт үнээ тугал нийлэх хамаагүй гэдэг шиг Л.Гантөмөр тамга, тэмдгээ хүлээлгэж өгөөд чих амар, түшээдийн суудалд тухлах нь гарцаагүй.
Харин намаа хагалган бутаргах "даалгавар” авсан хийгээд ар даасан албан тушаалтнууд нь аль нэг улсад дипломат төлөөлөгч болоод талийж өгнө. Яг л Ж.Батзандан, Лу.Болд тэргүүтэй улстөрчид "шагналаа” аваад буусан шиг. Эсрэгээрээ намынхаа ялалтын төлөө хөлөө эргэтэл гүйж, амиа зориулахаас ч буцахгүй зүтгэсэн үүрийн гишүүд нь Ардын намыханд ад шоо үзэгдэж, арыг нь дааж үлдэнэ. Ингээд Ардчилсан намыг хагалган бутаргах "даалгавар” авсан нь бялуугаа хувааж, албан тушаалд томилогдоод, эгэл жирийн гишүүд дэмжигчид нь бууриа сахиад үлддэг байдал уламжлал болтлоо хэвших нь.
Ингээд харахаар өмнөх сонгуулийн үр дүн яг зурагдсан схемээрээ явж байна. УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлсэн гишүүдээс нь харахад лидер болох, Ардчилсан намд манлайлал үзүүлэх улстөрч үзье гэсэн ч алга. Өөрөөр хэлбэл, Ардын намаас хэн ч дэвшсэн Ардчилсан намыг ялахаар сул гишүүдээ дэвшүүлж, сонгуульд тойргуудаа суллаж өгөв тэд. Тойрог болгонд нэр дэвшигчид рейтэнгээрээ сүүл мушгиж, МАН-ын муу нэртээрээ цоллогдсон гишүүдийн ард жагсаж байгааг улс төрийн хүрээнийхэн ярих боллоо.
Өнгөрсөн 34 жилийн хугацаанд Ардчилсан нам мандахдаа мандаж, унахдаа унаж явсан ч ийм улбайж, сулбайсан, унж дорой, унтаа зориггүй, зорилгогүй байсангүй. Үе үеийн ардчиллын удирлагууд "эрх мэдэлгүй” байсан ч эр зоригоороо өнөөгийн Ардчиллыг бүтээсэн гэдэгтэй санал нийлэх хүн олон биз. Үнэндээ цүнхэндээ тамгагүй байсан ч тэд ийм амбицгүй, зориггүй, тэмцэлгүй, аймхай, хулчгар байгаагүй л болов уу.
УЛС ТӨРИЙН ТӨЛӨВШЛӨӨРӨӨ ХОЛ ХОЦОРСОН АН
Тэр байтугай Ардчилсан намд дотоод ардчилал намын төлөвшил гэж огт байхгүй болсноо алхам тутамдаа зарлаж байна. Гэвч өнөөгийн Ардчилсан намаас манлайлал, улс төрийн зангараг, намын төлөвшил гэж горьдоод ч хэрэггүй юм байна. Эндээс ёроолдоо тултал унасан Ардчилсан нам улс төрд хэр удаан тэсэх вэ гэдэг асуулт ургаж гарч байна.
Уг нь цагтаа Монголын аль толгойтой, мэдлэгтэй, ур чадвартай боловсон хүчнүүд Ардчилсан намд элсэн орж, сөрөг хүчний үүрэг гүйцэтгэхдээ Ардын намыг айлгадаг, хүчтэй улстөрчдөөр хүрээгээ тэлж байсан. УИХ-д олонх болж, хоёр удаа Засгийн газар байгуулахдаа бүтээн байгуулалтын ажлуудыг зоригтой эхлүүлж, эдийн засагт хөгжлийн шинэ гарц нээж байлаа. Түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр нам унаж, экспортын орлого тасалдах хэмжээнд хүрэхэд гадны хөрөнгө оруулалтыг татаж, бонд гаргаж, эдин засгаа сэргээж болдог гэдгийг үлгэрлэн харуулсан улс төрийн чамбай нүүдэлчид байв. Харамсалтай нь, хэдхэн хүний ашиг сонирхлоос болж, Ардчилсан нам ард түмний дунд нэр хүндээ алдаж, Ардын намын улс төрийн тоглолтын дундаас өндийх тэнхэлгүй өөхөнд боосон чулуу шиг болцгоов. Тэд дотроо хэдэн фракц болж хуваагдаж нэгнээ л үзэн ядаж, харлуулахаас биш шавар дундаас гаръя гэх тэмцэл хийж байгаа нь огт харагдахгүй байна.
Үндсэндээ Ардчилсан нам үнэт зүйлээ алдаж, энэ сонгуулийн ялагдлаар "амь” тасрах дээрээ тулахдаа хүрэв бололтой.
Сэтгэгдэл байхгүй байна.