Сонгуулийн ирц улсын хэмжээнд 11 цагийн байдлаар 21 хувьтай байна
Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 28 /МОНЦАМЭ/.УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн зохион байгуулалт, санал хураалтын явцын талаар Сонгуулийн Ерөнхий хорооноос мэдээлэлхийлээ.
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран, "Өнөөдөр санал хураалтын өдөр. Одоогоор санал хураалт хэвийн үргэлжилж байна.Улсын хэмжээнд 2198, Улаанбаатар хотод 513 хэсгийн хороо ажиллаж байна. Нэг хэсгийн хороонд 2130 сонгогч ноогдож байна. Энэ жил хэсгийн хорооны тоог нэмсэн. Учир нь сонгуульд хоёр саналын хуудас ашиглах тул тоог нь нэмсэн.Эхний сонгогч санал өгөхөд 2-3 минут зарцуулна. Нэг хэсэгт 10 бүхээг байршуулсан. Дараагийн сонгогч нэг минут зарцуулах төлөвтэй байна. Ер нь ихэнх хэсгийн хороо жигд ачаалалтай байна.
Улсын хэмжээнд нийт 2.2 сая сонгогч саналаа өгөхөөс 11 цагийн байдлаар 400 мянга буюу 21 хувьтай байна. Өмнөх сонгуультай харьцуулахад энэ жил иргэд сонгогчид сонгуульд идэвхтэй оролцож байна.
Энэ жил ирцийн мэдээллийг Сонгуулийн Ерөнхий хороонд байрлуулсан дэлгэцээр шууд үзүүлж байгаа. Тиймээс мэдээллийн цагаа уртасгаж, 11:40, 17:00, 21:00 цагаас хэвлэлийн бага хурлыг хийхээр тогтсон. Оройн 22 цагаас бүх хэсгийн хороод хаагдана. Сонгуулийн дүн өнөөдөртөө багтаж урьдчилсан байдлаар гарах байх. Сонгуулийн үйл ажиллагаанд цаг агаарын нөхцөл байдал нөлөөлдөг талтай. Гэхдээ өнөөдрийн хувьд ихэнх нутгаар цаг агаар хэвийн байна.
Хилийн ойролцоох 12 хэсгийн хороо ажиллаж байгаа ба тэдгээр нь сүлжээгүй тул төв рүүгээ ирж мэдээллээ дамжуулна. Мөн цагдаагийн байгууллага зөрчил маргааныг хянах ажлын хэсгийг байгуулаад буй" гэлээ.
Сэтгэгдэл байхгүй байна.