Ч.Содномцэрэн: Сонгуулийн урьдчилсан дүнг маргааш 22.00 цагаас хойш танилцуулна
Сонгуулийн Ерөнхий хорооноос сонгуулийн санал хураалтын бэлтгэл ажил хангагдсан эсэх болон бусад асуудлаар мэдээлэл хийлээ. Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн "Санал авах ажиллагаа эхлүүлэхэд бэлэн болсон. Энэ удаагийн сонгуулиар аймаг нийслэлийн 22 сонгуулийн хороо, сум дүүргийн 339 сонгуулийн хороо байгуулагдсан. Эдгээр сонгуулийн хороонд төрийн жинхэнэ болон үйлчилгээний 20 гаруй мянган албан хаагч ажиллаж байна. УИХ-ын 2016 оны сонгуульд нийт 498 нэр дэвшигч бүртгүүүлсэн, аймаг нийслэлийн ИТХ-д нийт 2288 нэр дэвшигч бүртгүүлсэн. Сонгуулийн санал авах байранд хөгжлийн бэрхшээлтэй иргэд орох гарах гарцыг бэлдэж, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан барель үсэгтэй хавтас хэвлүүллээ. УИХ болон орон нутгийн сонгуулийн үйл явцыг ажиглахаар АНУ, ОХУ, Англи, Канад, Швед, ХБНГУ, Франц, Австрали зэрэг 50 гаруй улс, олон улсын байгууллагын нийлсэн 450 ажиглагч эрхээ аваад байна. Түүнчлэн олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээс 20 гаруй сэтгүүлч, дотоодын 51 мэдээллийн хэрэгслийн 413 сэтгүүлч сонгууль сурвалжлах эрхээ аваад байна. Санал авах тоолох төхөөрөмжийг 2012 оны УИХ хурал, орон нутгийн сонгууль болон Ерөнхийлөгчийн сонгуульд амжилттай хэрэгжүүлсэн” гэлээ. Иргэн та иргэний үнэмлэхтэйгээ сонгуулийн санал өгөх хэсгийн хороон дээр ирнэ. Саналаа өгөхдөө хурууны хээгээ шалгуулах бөгөөд янз бүрийн шалтгаан хурууны хээ шалгагдахгүй бол заавал иргэний үнэмлэх, иргэний үнэмлэхний лавлагаагаа үзүүлж, саналаа өгөх юм байна. Нийслэлийн Сонгуулийн Ерөнхий хороо ч мөн сонгуулийн бэлтгэл ажлыг бүрэн хангасан байна. Энэ талаар Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун "Нийслэлийн хэмжээнд 397 санал авах байр ажиллана. Сонгууль зохион байгууллах ажиллагаанд 3966 төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчид ажиллана. Зөөврийн хайрцгаар санал авах үйл ажиллагаа хуульд зааснаар өнөөдөр эхэлсэн. Нийслэлийн хэмжээнд 3978 хүн зөөврийн хайрцгаар санал өгнө” гэв. Нэмж мэдээлэхэд, өнөөдрөөс эхлэн фэйсбүүк, твиттерт сурталчилгаа оруулж болохгүй гэдгийг энэ үеэр санууллаа. Сонгуулийн Ерөнхий Хорооноос ирцийн мэдээллийг 12:00, 17:00, 22.00 цагт тус, тус өгөх юм байна. Харин 22:00 цагаас хойш сонгуулийн урьдчилсан дүнг өөрийн байрандаа дэлгэцээр шууд үзүүлнэ гэж СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн хэллээ.
Сэтгэгдэл байхгүй байна.