АРД ТҮМНИЙХЭЭ ХАЙРЫГ ДААДАГГҮЙ УРАН БҮТЭЭЛЧИД

0

        "Бид зүгээр  л тоглоом наргиан хийж, маазарсан. Тэгж болохгүй юм байна гэдгээ сайн ойлголоо. Муу санаатай байх ёстой юм байна. Хүмүүс чинь ямар аймар юм бэ” гээд "Этик” продакшны жүжигчин, найруулагч Г.Даваазул сэтгүүлчийн өмнө суучихаад, хүү нь ээждээ эрхэлж байгаа аятай л уйлж унжаад сүйд.

      Уг нь саяхан л ээлжит киноныхоо нээлтийг хийгээд "Бид уран бүтээл хийгээд 10 жил болж байна. Сайн, муу, сайхан, муухайг дуулж энэ хүртэл ирлээ” гээд баргийн хүний үгийг тоохооргүй мэт л додигор байсан сан. Гэтэл зүй зохисгүй үйлдэл хийсэндээ бантаад тэр үү. Хэнээс юу ч дуулж байгаагүй гэмээр шуудхан уйлж хямраад, "Одоо ахиж бид нар кино хийхгүй байх аа" гээд туниж, гомдоод байгаа харагдах юм. Яасан их хайрлуулж, өрөвдүүлж, эвийлүүлж ханадаггүй улс вэ.

     Түрүүч нь ингээд ширэн нүүрлээд, хамтрагчийнхаа хийсэн үйлдэлд ичиж эмээх ч үгүй уйлаад сууж байгаа асуудал намжаагүй байхад реппер Rookie буюу У.Мөнхбагана согтуугаар машин жолоодоод "Би эрх чөлөөтэй хүн. Та нар ядуу амьдрах тавилантай. Өнөөдөр намайг хамгийн түрүүнд барьсан цагдаад би хамаг хөрөнгөө өгье” гээд баруун, солгойгүй дунд хуруу гаргаад мөн ч аархуу лайв хийж байх юм. Яасан их ард түмэндээ аархаж, хөрөнгө мөнгөөрөө гайхуулж ханадаггүй реппер вэ.

   Уран бүтээлчдийг хэн өнөөдрийн зэрэгт хүргэсэн билээ. Дууг нь сонсож, киног нь хэн ч үздэггүй байсан бол өнөөдөр тэд ийм давилуун байх болов уу. Хэн ч танихгүй, хэн ч мэдэхгүй нэгэн л яваа. "Ишиг эврээ ургахаар эхийг мөргөнө” гэгчээр багахан "од” болоод ирэхээрээ мөн их гайхуулж байна аа, уран бүтээлчид. Ард түмэн хэн хүнээс урьд урлагийн хүмүүсийг, тэдний бүтээлийг сайн, муутай нь хайрладаг.

Гэтэл тэр их хайр, хүндэтгэл, итгэлийн хариуг маазрал нэртэй ёс бус үйлдэл, эд хаваа гайхуулсан дээрэлхэлтээр хариулж байгаагаасаа ичихгүй бүр "Бид дахиж кино хийхгүй байх аа” гээд тунирхаад байж байх юм.

Ард түмнээ арай дэндүү дээрэлхэж байгаа юм биш үү, уран бүтээлчдээ. Хүний толгой түрүү рүү заналтайгаар цохиж, бие рүү нь үзүүртэй юмаар хатгаж, зүй бусаар авирлачихаад тэгж тарчлаасан хүнээсээ ганц удаа ч болов хүний ёсоор уучлалт гуйчихгүй, өөрсдийгөө яаж ард түмнээр өрөвдүүлэх үү гэх тактик боловсруулаад байж байхаасаа ичмээр байна аа, үнэндээ. Ард түмний уран бүтээлчдээ хайрлах хайр ихдсэн үү гэхээс багадаагүй.

         Хайрлаад хайрлаад хайр даахгүй. Үнэн мөнийг нь шүүмжлээд, хатуухан хэлээд өгөхөөр уйлж, унжаад, уран бүтээлээ болино гээд эрхэлж гомддог ийм нэг хүүхэд шиг зангаа одоо больё оо. Ууж, идэхээ тааруулж чадахгүй утсаа шүүрч аваад, лайв хийж, хүмүүсийг дур зоргоор доромжилдгоо одоо зогсооё оо. Ёс зүйгүй, тэгж их тоглоом наргиан хиймээр байдаг юм бол, тэгтлээ ууж, идэж, уурлаж, тунимаар байдаг юм бол уран бүтээлч гэж нэр зүүж, ур ч үгүй, таг түг гэсэн кино, дуу хийхээсээ татгалзах хэрэгтэй. Өөрсдөө дээрэлхүү, хүчирхийлэгч, архичин, агсамнагч байж ямар санааг дэвшүүлж, хэнийг зөв зүйлд уриалж уран бүтээл хийнэ гэж. Киноныхоо дүрээр "Хүн шиг хүн бай” гэж хэлээд, дууныхаа үгэнд үнэнийг мянгантаа өгүүлээд ч амьдрал дээрээ хараал хэлж, танхайрч, согтуугаар жолоо барьж, бусдыг чичилж, хэл амаар гутаан доромжилж зогсохыг эсвэл уран бүтээлч гэдэг юм уу. Одоо бусад нь ч мөн энэ бүхнийг тунгаан бодож, үг хэл, биеэ авч явах байдал дээрээ анхаармаар байна. Ерөөс уран бүтээлчид өнөөдөр сайн уран бүтээлээр биш ууж, идэж, наргиан цэнгээнээрээ өрсөлдөж, соёлыг түгээх биш соёлгүй үйлдлээр үлгэрлэдэг л боллоо. Ойрын хоёр жишээ л "Этик” продакшн, реппер У.Мөнхбагана болохоос ёс зүйгүйгээрээ урлагийнхан өнөөдөр алдартай болсон шүү. Тэгэхээр дор бүрнээ анхаарч, уран бүтээлч шиг уран бүтээлч байж чадахгүй байгаа бол өөрсдөө энэ талбараас гарчихдаг байх хэрэгтэй.

Тэгэхгүй тэгээд уучлалт гуйсан болоод дахиад л давтан давтан бусдыг хохироож, элдэв үгээр доромжилж суух нэгэн олширно. "Ингэж болдог юм байна" гэдгийг тусган авах ч нь бий шүү дээ.

            "Нэг удаа алдаа л биз” гэж хэнийг ч өөгшүүлж, уучлах аргагүй. Уучлал, өршөөл, хайр уран бүтээлчдэд ихдээд байгаа учир өнөөдөр халгиж, дэвэрч, бардаж, хүссэнээрээ бусадтай харилцаж байна. Тиймээс ёс зүйгүй, увайгүй нэгнээс нийтээрээ татгалздаг, буруу хэрэг хийсэн бол шийтгэлээ амсдаг байх хэрэгтэй. Тэгж гэмээнэ урлаг соёлын салбар жаахан ч болов ёс жудагтай байж, эмх цэгцтэй болно. Үгүй бол жинхэнэ гэмт хэрэгтэн, хүчирхийлэгчид, тарчлаагчид нь уран бүтээлчид өөрсдөө болох нь дамжиггүй боллоо. 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.