26 жил завсарласан залуу уран бүтээлчдийн зөвлөгөөн маргааш болно
Монголын Залуучуудын Холбоо Залуу уран бүтээлчдийн улсынIIIзөвлөгөөнийг маргааш Нийслэлийн иргэний танхимд зохион байгуулах гэжбайна. 1989 онд Залуу уран бүтээлчдийн улсын II зөвлөгөөнд уран барилгачин, зураач, зохиолч, сэтгүүлч, уран бүтээлч залуус оролцон тухайн нийгэм цаг үеийн байдлыг хурцаар шүүмжлэн, шинэчлэлийг эхлүүлж байсан түүхтэй. Тэгвэл үүнээс хойш 26 жилийн дараа Монголын хөгжлийг тодорхойлох түүхэн үүргийг нуруундаа үүрч байгаа өнөө үеийн уран бүтээлч, шинэ үеийн залуус нэг дор цуглах нь. Залуу уран бүтээлчдийн улсынIII зөвлөгөөнд зохиолч, сэтгүүлч,жүжигчин, дуучин, зураач зэрэг салбар бүрийн түүчээ болсон уран бүтээлч залуус оролцож, өнөөдрийн нийгэм болоод салбарынхаа өмнө тулгамдаж буй асуудлыг сэтгэлээ онгойтол уудалж, түүнээс хэрхэн гарах талаар хэлэлцэх аж.
Мөн "Үнэний өлсгөлөн”, "Шударга ёсныхомсдол”, "Тархины тураал” сэдвүүдээр яруу найрагч Н.Гантулга, дуучин М.Нарантуяа, МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат нар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнөх юм. 26 жилийн дараа болж буй уг зөвлөгөөнд Залуу уран бүтээлчдийн улсын I,II зөвлөгөөнд оролцож байсан үе үеийн уран бүтээлчид ч мөн оролцох аж. Түүнчлэн зөвлөгөөний сүлд дуу болох "Үнэний дуу” энэ өдөр эгшиглэж олны хүртээл болох аж.Аливаа улс үндэстний урлаг соёлынхон нийгмээсээ нэг алхмын өмнө байж, нийгмийн хар барааныг шүүмжилж, дэвшилтэт үзэл санааг олон нийтэд түгээж байдаг. Энэ удаагийн зөвлөгөөн ч нийгмийн толь болж, урлагаас өөрийгөө харах боломжийг олгодог уран бүтээлчид нэг дор зөвлөлдөж байгаагаараа чухал ач холбогдолтой болж байна.
Г.Ган
Эх сурвалж: Tonshuul.mn
Сэтгэгдэл байхгүй байна.