Удганы сүнс ууль болон ирдэг болжээ
Сумын төвөөс холгүйхэн ганц гэрээр суудаг байж. Ганц охинтой ч тэр нь хүнтэй суугаад аймгийн төв бараадсан болохоор хааяа нэг айлчилж ирнэ үү гэхээс барагтаа бол бараагаа харуулдаггүй байсан нь мэдээж. Наяад оны сүүлчээр тус суманд гэнэт халдварт өвчин гарч, цахилгаан мэнэн гээд сүйд болжээ. Нэг айлын гурван хүүхдийн хоёр нь эндэн, нэгийг нь аймгийн эмнэлэг рүү авч оджээ. Ингээд суманд карантин тогтоосон байна. Тэр өвчин цахилгаан мэнэн бишийг аймгийн комиссоос өмнө тогтоосон ганц хүн Цэ удган ажээ. Нэг өдөр сумын эмнэлгийн үүдэнд Цэ удган нэлээд халамцуухан буусан байна. Тэрээр эмч хүүхний өрөөнд орж ирээд "За, эмч минь. Юу болоод байна даа. Ямар ч халдварт өвчин байхгүй. Би үе дамжсан онгодоороо андгайлж байна. Тэдний хүүхдүүд болохгүй юмаар оролджээ. Түүнийг нь би аргалъя. Хорио мориогоо цуцлана биз” гэжээ. Хорио цуцлах эрх эмчид байх биш.
Гэхдээ нутгийн хүн болохоор эрхбиш удганы ур чадварын талаар сонсолгүй яах вэ. Тэгээд ингэж хэлжээ. "Хориог аймгаас цуцлах байх. Би мэдэхгүй. Тэгэхдээ та тэрийг даавал сайн байна. Гурван хүүхэдтэй айлын хоёр нь эндчихлээ шүү дээ. Аймаг явсан нэг нь яах ч юм билээ. Би аймгаас ирэх шийдийг хүлээе” гэжээ. Эмч аймгийн комисстой холбоотой байсан нь мэдээж. Аймгийн төвийн эмнэлэгт очсон хүүхэд Сэхээний тасагт хүнд байгаа дуулджээ. Өвчин гарсан айлд хүн хар оруулахыг хорьсон ч хээгүй, хэнэггүйгээрээ алдаршсан Цэ удганыг хэн хорих билээ. Яваад буучихжээ. Айл амьтан ч хаая, хүүе болоод явчихаж. Удган уурлах, айлгахын хооронд ийн хэлжээ. "Танай дунд хүү бусдыгаа чирчихэв бололтой. Болдоггүй газрын бут хугалжээ. Багыг нь би аргалъя. Айлтгүй ээ” гэжээ. Ингээд цамнаж бөөлж гаралгүй хаачихав. "Энүүхэнд ургадаг хэдэн яргайгаас авчихжээ. Тэр чинь болдоггүй гэдгийг та нар мэддэггүй хэрэг үү? Тун ч тоогүй юм болжээ” гэжээ.
Гэрийн эзэгтэй, "Мэдэлгүй яах вэ. Манай хүн гэж нэг тэнэг хар юмны л хийсэн хэрэг. Хотоос хүн ташуурын иш хийх яргай захилаа гээд сүржигнээд байсан юм. Тэгж, тэгж өөрөө авалгүй хүүхдээр хугалуулчихгүй юү” гээд уйлжээ. Тэгээд ташуурын иш болгохоор авсан яргайг нь "амилуулаад” тэр газар нь булуулжээ. "Танайд дахиад нэг сайн хөвүүн заяана. Заяаг нь бүү гомдоогоорой. Аймаг явсан хүүхэд өнөө шөнө эдгэж хоноод ирнэ” гээд оджээ. Ёстой хачин юм маргааш нь болжээ. Сумын эмчийн утас хангинасныг авбал "Танайхаас ирсэн хүүхэд эдгэж хонолоо. Шинжилгээний хариу мэнэн биш гэж гарсан. Хориог цуцал” гэжээ. Сум даяар хөөр хөөрцөг болохын хамт удганы талаар шуугиад явчихаж. Түүнээс хойш бүр ч дархлагдсан бөгөөд хүүхдийн аав шөлний хониор эргэж, сумын дарга хүлээн авч сүйд болсон гэдэг. Хоёр хүүхдээ алдсан залууст хойтонгоос нь нэгэн хүү заяасан нь одоо том эр болсон нь мэдээж. Түүнээс хойш сумын дарга, эмч бусад хүмүүс ч Цэ удганаас цэрвэлгүй зарим зүйлийг хэрхэхийг асуудаг болсон байна. Цэ удган заримдаа айлын гадуур согтуу давхиж явахдаа санаа авах, сэрэмжлүүлэх зүйл хэлдэг байж. Нутгийнхан ч хэлснээр нь бололгүй яахав.
Нэг удаа сумын Намын үүрийн даргын гадуур давхиж өнгөрөхдөө "Чи амьтны хамраас цус гаргах нь ээ. За, яахав. Зайлбаргүй юмыг яалтай. Харин нэг хөгшин мэгж өөрөө ирэх байх. Түүнийг л аваарай. Илүү юм харж болохгүй шүү. Танайх удахгүй аймгийн айл болно” гэжээ. Сайндаа ч биш сумын Намын хорооны дарга идшиндээ нэмэр хийхээр гахайн авд мордох гэж байж. Бүх юм үнэхээр хэлснээр нь болсон байна. Тэр олон гахай үргээхэд очиж очиж нэг хөгшин мэгж өмнөөс нь ганцаараа давхиж ирж. Удган хэлээгүй бол түүнийг өнгөрөөж орхилгүй яахав. Гахай мундсан биш. Нөхөд нь "Та энэ олон гахайнаас очиж очиж үүнийг аваад байх даа яахав” гээд гайхаад хоцорчээ. Тун удалгүй дарга тушаал дэвшин аймгийн Намын хороонд очсон гэнэ билээ. Тиймэрхүү зүйл алийг хэлж барах вэ. Төдөлгүй удган нас барсан тул нутгийн олон хэлэлцээд дархдын ёсоор оршуулсан байна.
Тэр цагаас хойш тэр хавиар нэгэн ойн ууль харагддаг болжээ. Зүгээр нэг ууль биш нь мэдээж. Харин сайн мэдээ хэлж ирдэг нь хачин шувуу байж. Ууль уг нь урт настай шувуу биш л дээ. Одоо хүртэл үзэгддэг гэхээр удганы сүнс мөн болж таараад байгаа юм. Нутгийн бөө нар тэрхүү уулийг аргадаж, тахисаар өнөө хүрчээ. Нэгэн өдөр найрагчийн өрхөн дээгүүр эргэлдсэн бөгөөд дөнгөж шүлэг тэрлэж асан тэрбээр аймаг руу шилжиж ажилд орохсон. Болбол хот явж шүлэгч болохсон гэж боддог байсан үе таарч л дээ. Тун удалгүй аймгийн сонинд ажилд орж, түүнээсээ хотод ирж, хэдэн ном гаргаж, "Болор цом”-д ч хэдэнтээ дээгүүр давхисан билээ. Зөвшөөрөл аваагүй тул нэрийг нь хэлж чадсангүй. Гэхдээ шүлэг найраг сонирхогч хүмүүс эрхбиш "Тэр л болов уу?” хэмээн таасан гэдэгт найднам. Зөнч ууль хэдэн жил түүгээр эргэлдэхийг хэлэх боломжгүй билээ. Сайхан мэдээ дамжуулдаг сайн шувуу байж байхад гэмгүй биз ээ.
У.МИЧИД
Эх сурвалж www.wikimon.mn
Сэтгэгдэл байхгүй байна.