"Татвар бууруулахүй. Тиймээс хүлээхгүйгээр татвараа төлцгөө"
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн баасан гаригт чуулганы нэгдсэн хуралдаанд татварын хууль эрх зүйн орчныг хэрхэн шинэчлэх талаараа мэдээлэл хийлээ.
Тэрээр "Дэлхийн улс орнуудын татварын орчныг судалж, нэгдсэн тайлан гаргадаг Олон улсын санхүүгийн корпорацын 2015 оны "Бизнес эрхлэлт” судалгааны тайлангийн "Татвар төлөлт" үзүүлэлтээр Монгол Улсын татварын орчин дэлхийн 84 дэх таатай улс гэж үнэлэгдэн татварын дундаж хувь хэмжээ 24.4 хувь байгаа нь дэлхийд 28 дахь бага татвартай улс болсон байна. Монгол Улсын олон улсын эдийн засгийн харилцаанд орж, үндэстэн дамнасан корпорацууд бий болж буй энэ үед нийгэм, эдийн засгийн шинэ нөхцөл байдлыг зохицуулах, тэдгээрийн шинж чанартай уялдуулан татварын орчныг цаг алдалгүй боловсронгуй болгох зорилгоор татварын хууль тогтоомжийг дахин шинэчлэх зайлшгүй шаардлага бий болсон. Татварын орчныг илүү шударга, энгийн, ойлгомжтой, элдэв хийдэлгүй, олон улсын жишигт нийцэхүйц, бизнес эрхлэлт, хөрөнгө оруулалтыг дэмжихүйц боловсронгуй шатанд гаргах нийгмийн захиалга бий болжээ. Засгийн газрын тэргүүний хувьд өнөөгийн татварын хувь хэмжээг цаашид нэмэхгүй, тогтвортой байлгах бодлого баримтлана. Эдийн засгийн хүндрэлд орсон зарим улс орон татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх замаар хүндрэлээс гарах арга замыг эрэлхийлдэг ч энэ нь бизнес эрхлэгчдэд дарамт учруулах тул эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах, урт хугацааны тогтвортой хөгжлийг хангах зөв бодлого гэж бид үзэхгүй байна. Манай улсын эдийн засаг хэрэглээнд тулгуурлан хөгжиж байна. Бид гаднын өндөр хөгжилтэй орнууд шиг их хэмжээний орлого, хөрөнгө хуримтлуулсан улс биш. Иймд хэрэглээний татварт суурилсан татварын бүтцээ илүү хадгалан, цаашид боловсронгуй болгох үндсэн чиглэлийг барих нь зүйтэй.
Татварын шинэчлэл хийх хамгийн гол зорилт нь Татварын хуулийг тэгш, шударга хэрэгждэг болгох явдал, тогтмол орлоготой боловч аж ахуйн нэгжээр бүртгэгдээгүй түргэн хоолны газрын эзэн жилд 300 мянган төгрөгийн татвар төлж байхад өдрийн 25 мянган төгрөгийн орлоготой ажилчин жилд 720 мянган төгрөгийн татвар төлж байгаа нь өнөөгийн татварын тогтлолцоог өөрчилж илүү шударга байдлыг хангах шаардлагатайг харуулж байна. Ажилтай, орлоготой иргэдийг нэмэгдүүлэхэд хувь хүний орлогын албан татвар, харин бэл чинээтэй хөрөнгөтэй хүмүүст чиглэсэн хөрөнгийн албан татварын тухай хуулийг боловсруулан танилцуулна. Эдийн засгийн хөгжил, хөдөлмөр эрхлэлтэд жижиг, дунд үйлдвэрлэл маш чухал байр суурь эзэлдэг. Иймд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор боловсруулсан НӨАТ-ын босгыг 50 сая төгрөг болгон нэмэгдүүлэх, сайн дураар бүртгүүлэх босгыг 10 сая төгрөгөөр тогтоох тухай хуулийн төслийг УИХ удахгүй хэлэлцэн шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна. Мөн жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлого бүхий жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн тухайн жилд төлсөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 90 хувийг тодорхой хугацаанд буцаан олгох хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан билээ.
Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг ажлын байр бий болгох, ирээдүйд хөгжүүлэх шаардлагатай байгаа тодорхой салбаруудад чиглүүлэхтэй нийцүүлж дэмжсэн бодлого баримтлах болно. Дэлхийн худалдааны байгууллагын өмнө хүлээсэн үүрэг, амлалтад нийцүүлэн импортын зарим бараанд тарифын зохицуулалт хийх замаар дотооддоо хэрэглээгээ бүрэн хангах боломжтой, нэмүү өртөг шингэсэн, импортыг орлох бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлнэ. Уул уурхайн орлогын хуваарилалтыг боловсронгуй болгох замаар тухайн ашигт малтмалын хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанаас орон нутагт төвлөрүүлж буй орлогын хэмжээг зохистой төвшинд нэмэгдүүлэх бодлого баримтална. Түүнчлэн, татварын хяналт шалгалтыг татвар төлөгчдөд дарамт учруулдаг бус урьдчилан мэдэгдэж, хамтран ажиллаж, зөвлөн тусалж, татварын хууль тогтоомжийг зөрчихөөс урьдчилан сэргийлдэг болгоход чиглэсэн өөрчлөлтийгхийхээр төлөвлөж байна. Татвар төлөгч татварын албанд гомдол гаргах, түүнийг хянан шийдвэрлүүлэх ажиллагаа нь олон дамжлагатай, бичиг цаас, зардал ихээр шаардсан ажиллагаа байгааг бид өөрчлөх болно.
Татварын хариуцлага, торгуулийн харилцааг шинэчлэх цаг аль хэдийнэ болсон. Татвараа нуун дарагдуулсан этгээд татвараа тайлагнасан боловч хугацаанд нь төлж чадаагүй этгээдээс бага торгууль төлөхөөр байгаа нь тэгш бус байдал үүсгэж байна. Иймд татвараа тайлагнасан боловч хугацаанд нь төлөөгүйн төлөө ногдуулдаг торгуулийг хүчингүй болох зэргээр хуулийн өөрчлөлтийг хийхээр төлөвлөж байна. Нөгөөтэйгүүр, татвараас зайлсхийхэд л эрүүгийн ял авч, шоронд хоригддог одоогийн тогтолцоог өөрчлөх зайлшгүй шаардлагатай. Засгийн газраас УИХ-д өргөн бариад буй Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг хэрхэн шийдвэрлэхийг олон нийт анхааралтай ажиглаж байна" гэлээ.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дээрх мэдээллийг хийсний дараа гишүүд сонирхсон асуултдаа хариулт авлаа. Гишүүдийн асуултад Ерөнхий сайдаас гадна Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан нар хариулсан юм.
Я.СОДБААТАР: -Аж ахуйн нэгжүүд орлогогүй байгаа учраас татвараа төлж чадахгүй байна. Ерөнхий сайд та үүнтэй санал нийлэх үү. "Оюутолгой” компаниас 130 сая ам.долларын татвар авахаар болсон ч сүүлдээ 30 сая болсон. Одоо бүр үүнийгээ ч авахаа больж байгаа тухай мэдээлэл гараад байна. Ерөнхий сайд үүнд ямар тайлбар хэлэх вэ?
Ч.САЙХАНБИЛЭГ: -Таны эхний байр суурьтай санал нэг байна. Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийж дуусаагүй учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Харин 30 сая ам.доллараа авдгаараа авна.
Ч.ХҮРЭЛБААТАР: -Ер нь одоогийн байдлаар төсвийн орлогын бүрдэлт ямар байгаа вэ. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл УИХ дээр гацчихаад байгаа учраас энэ нь аж ахуйн нэгжүүдэд хүлээлт үүсгээд байх шиг байна. Татвараас чөлөөлөгдөх болов уу, эсвэл хөнгөлөлт эдлэх боломж үүсч магадгүй гээд хүлээгээд байна. Тиймээс Ерөнхий сайд та татвар нэмэхгүй, бас бууруулахгүй гэдгээ албан ёсоор зарлах хэрэгтэй. Мөн төсвөө төвлөрүүлэх хэрэгтэй. Тэгэхгүйгээр ашигт малтмалын хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанаас олсон орлогоо орон нутагт шилжүүлнэ гэдэг буруу. Тиймээс энэ хуулийн төслөө эргүүлэн татах хэрэгтэй.
Ч.САЙХАНБИЛЭГ: -Татвар нэмэхгүй, бууруулахгүй гэдгээ УИХ-д хэлсэн үгэндээ дурдсан. Мөн одоо таны асуултад хариулахдаа бас хэлье. Татвар нэмэхгүй, бас бууруулахгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Тиймээс татвар төлөгчид төлөх ёстой татвараа хугацаанд нь төл. Харин жилд 1.5 тэрбумаас доош орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 90 хувийг буцаан олгодог болно.
Ж.ЭРДЭНЭБАТ: -Төсөвт 1.2 их наяд орсон. Жил бүрийн эхний улиралд төсвийн бүрдэлт хангалтгүй байдаг. Гэхдээ бид дотооддоо өндөр хүүтэй бонд гаргаж төсвийн алдагдлыг нөхөхөөс татгалзаж байгаа.
Б.АРИУНСАН: -Татвар төлөгчдийн чадавх буурч байгаа. Үүүнтэй холбоотойгоор татвар төлөлт хангалтгүй байна. Мөн хэлэлцэхээр төлөвлөж байгаа хуулийн төсөлтэй холбоотойгоор хүлээлт үүссэн нь үнэн. Буурахаар нь төлөх үү, өршөөгдчих болов уу гэсэн хүлээлт их байна. Түүнчлэн хууль хүчний байгууллагын татвар төлөгчидтэй харилцаж байгаа байдал, арга барил, валютын ханш зэрэг нь татвар төлөлтөд сөргөөр нөлөөлж байна гэж үзэж байгаа.
Х.БОЛОРЧУЛУУН: -Үе, үеийн Засгийн газар татварын бодлогоо өөрчилдөг ч төгс болгож чаддаггүй. Үүний нэг жишээ нь, хөдөөний иргэд үнэтэй бараа хэрэглэж байгаа явдал. Энэ нь цаашлаад төвлөрөл нэмэгдэх нэг шалтгаан болж байна. Улаанбаатар хотын хүн ам жилдээ 30-40 мянгаар өсдөг. Энэ нь хоёр жилд нэг аймаг байхгүй болж байна гэсэн үг. Нийслэлд шатахууны үнэ нэг литр нь 1660 төгрөгийн үнэтэй байхад Дорнод аймагт 1880 төгрөг буюу 220 төгрөгийн зөрүүтэй. Бусад улс оронд нийслэлээс алслах тусмаа шатахууны үнэ буурдаг. Буурдаггүй юм аа гэхэд ижил төвшинд байдаг. Тиймээс энэ мэт асуудлыг татварын бодлогоор зохицуулах хэрэгтэй. Хоёрдугаарт, орон нутагт ажлын байр байдаггүй. Тэнд ажлын байр бий болгож үйлдвэр байгуулбал 50 хувийн татварын хөнгөлөлт эдлүүлж болдоггүй юм уу. Ерөнхий сайд энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ.
Ч.САЙХАНБИЛЭГ: -Алслагдсан бүс нутгаа дэмжих бодлого бүх Засгийн газарт байсан. Тухайлбал, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуульд тогтворжуулалтын гэрчилгээ нийслэлд нэг өөр, орон нутагт бас өөр байгаа. Дээр нь бид уул уурхайн татварын орлогын ахиу хувийг орон нутагт үлдээхээр хуулийн төсөл өргөн мэдүүлж УИХ-аар хэлэлцүүлж байна.
С.БЯМБАЦОГТ: -Алслагдсан бүс нутагт татварын хөнгөлөлт эдлүүлэх хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий арван гишүүн өргөн мэдүүлсэн. Уул уурхай, архи, тамхи, үүрэн холбооны бизнесийг оруулахгүйгээр бусад чиглэлээр орон нутагт үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгжид хөнгөлөлт үзүүлэх тухай тусгасан. Энэхүү хуулийн төслийг УИХ хэлэлцэж өгөөч ээ. Хууль батлагдвал орон нутагт үйлдвэрлэл хөгжиж, иргэд ажлын байртай болно. Мөн НӨАТ-ын босготой холбоотой хуулийн төсөл бий. Хоёрдугаарт, татварын байцаагч нар хувь авдаг болсон. Энэ нь сөрөг үр дагавар бий болгож байна. Үүнийг яаж өөрлөх ёстой гэж үзэж байгаа вэ?
Б.АРИУНСАН: -Дүүргийн татварын дарга нар урамшуулал авсан асуудал гарсан. Одоо дахиж тийм асуудал гарахгүй. Ер нь татварын хяналт шалгалт өргөн хүрээтэй болсон байна лээ. Тиймээс ажлаа авснаас хойш хяналт шалгалт хийж байгаа татварын байцаагч нарын тоог 50 хувь бууруулсан. Цаашдаа хяналт шалгалтын журамдаа өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.
Ч.САЙХАНЕИЛЭГ: -С.Дэмбэрэл гишүүн нэг санаачилга гаргаж сүүлийн гурван жил ажилласан татварын ерөнхий хуулийн шинэчилсэн төслөө Засгийн газарт өгөх нь зөв юм гээд өгсөн. Тэдгээр хуулийн төслүүдтэй хамт С.Бямбацогт гишүүний ярьсан төслүүдийг нийлүүлээд өргөн барья. Ер нь татвартай холбоотой асуудлаар нэг ойлголттой болж нэг долгион дээр ажиллах шаардлага бий. НӨАТ-ын босготой холбоотой асуудал дээр бусад оронтой харьцуулсан судалгаа хийхээр 50 сая төгрөгийн босго л хэрэгжих боломжтой гэсэн дүн гарч байгаа. Үүн дээрээ ойлголцохгүй бол бид өнөөдөр НӨАТ-ын гурван босготой сууж байна.
Ц.ДАВААСҮРЭН: -Хувь гишүүд татварын олон хууль санаачилсан. Тэр төслүүдийг нь явуулъя. Хоёрдугаарт, татвар төлдөг 500 компанийн өөрсдийн хөрөнгөөр хийсэн ажлын үнэлгээг төр өгөхгүй байна. Тэд юугаараа татвар төлөх юм. Та нар хөрөнгө оруулалтын мөнгийг өгсөн бол татвар багасахгүй байх байлаа. Эдгээр аж ахуйн нэгжийн хувь заяаг яах гэж байна вэ?
Ж.ЭРДЭНЭБАТ: -Төсвийн байдал хүндхэн байгаа. Эхний улиралд орлого бага ордог. Тийм учраас эхний ээлжид цалин, тэтгэвэр зэрэг урсгал зардлыг 100 хувь санхүүжүүлээд явж байна. Аж ахуйн нэгжүүдийн хувьд банкинд нэлээдгүй өртэй хүндхэн байгаа нь үнэн. Эхний ээлжид хүүгийн дарамтаас нь гаргах зорилгоор санхүүжилт хийнэ. Нийт гүйцэтгэл нь 80 хувь хүрсэн аж ахуйн нэгжүүдэд эхний ээлжид санхүүжилт өгнө.
С.ШИЙЛЭГТӨМӨР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/