100 настай марафонч
Спорт бол залуу насных гэсэн ойлголтыг эвдсэн хүн бол Энэтхэгийн марафонч Фаужа Сингх. Бүхэл насаараа фермер хийсэн тэрбээр эхнэр, хүүхдээ нас барсны дараа Лондонд ирж, марафоноор хичээллэж эхэлжээ. Сингх энэ үед 89 настай байлаа.
Тэрбээр 1911 оны дөрөвдүгээр сарын 1-нд төржээ. Залуу насандаа ажил хийхийн хажуугаар гүйх дуртай байв. Харин Английн нийслэлд ирснээс хойш 10 жилийн дараа буюу 2000 онд анхны марафондоо хурд сорьсон юм. Харин 2011 онд гэхэд Сингх манай гаригийн хамгийн ахмад марафонч гэж Гиннесийн номд бүртгэгдсэн байна. Дээрх хугацаанд энэтхэг эр дэлхийн болоод Европын 12 дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. Тухайлбал, 2003 онд Торонтогийн марафонд хурд сорьж, 42 км зайг 5 цаг, 40 минутад туулснаар 90-ээс дээш насныхны рекордыг шинэчилсэн юм. Түүний олон олон рекордоос хамгийн алдартай нь 2011 оных. Тэр оны аравдугаар сарын 16-нд Сингх Торонтогийн марафоныг 8 цаг, 11 минут, 06 секундэд туулж, 100-гаас дээш насандаа марафоны зайг гүйцээсэн анхны хүн болж түүхэнд үлджээ.
Түүнчлэн 2004 онд "Adidas” компани түүнтэй рекламны гэрээ байгуулж, Сингхийн нэр бүхий пүүз худалдаанд гаргаж байв. Энэ нь түүний нэр хүнд дэлхий дахинд ямар алдартай болсныг гэрчилнэ. Мөн Афины олимпийн галт бамбарын буухианд оролцсон гээд тоочоод байвал олон баримт гарч ирнэ.
Тэрбээр гэртээ зүгээр суухыг үзэн яддаг нэгэн. Нас 100-гийн босгыг хэдийнэ давсан ч өдөр бүр 16 км гүйдэг хэвээр. Үүнийгээ залуу үеийнхэнд зөв үлгэр дууриалал үлүүлэхийн тулд хэмээн тайлбарлах. "Идэвхтэй амьдрал хүнд ямар хэрэгтэй байдгийг би хүүхэд залууст ойлгуулмаар байна. Мөн нас хэвийсэн хүмүүс ч амьдралаа өөрөөр харж, бүхнийг шинээр эхлэхэд оройтохгүй гэдгийг харуулахыг хүссэн юм” хэмээн Фаужа Сингх ярилаа. Тэрбээр марафонд хэрхэн уралддаг талаараа "Эхний 20 км надад хэцүү биш ээ. Харин сүүлийн зургаан км-т би гүйхийн хажуугаар бурхантай ярилцдаг” хэмээсэн юм. Залуусыг ичээж, ахмадуудад урам өгсөн энэ марафонч 2013 оны хоёрдугаар сард 102 насандаа спортоос зодог тайлж буйгаа зарлажээ.