Борис Немцовын охин эх орноо орхижээ
ОХУ-ын сөрөг хүчний удирдагч агсан Борис Немцовын охин Занна Немцова эх орноо орхин явжээ. Тэрбээр Их Британид амьдрах болсон байна. Талийгч эцгээс нь хойш түүнийг хэвлэл мэдээллээр зохион байгуулалттай гүтгэж, гудамжинд явахад ч аюулгүй байдал нь баталгаагүй болсон хэмээн Борисын охин ВВС агентлагт өгсөн ярилцлагадаа хэлжээ. Занна энэхүү дарамт шахалт нь яг нацист германых шиг тархи угаалт, олон нийтэд буруу мэдээлэл өгөх байдлаар илэрч эцэстээ түүний амь насанд ч халдаж болзошгүй хэмжээнд хүрсэн гэсэн байна. Сөрөг хүчний тэргүүн агсан Борис Немцов Кремлийн гадаа буудуулж өөд болсноос хойш түүний үхлийн шалтгааныг тодруулах, хэний захиалга гэх мэт нарийн төвөгтэй асуудлууд удааширч эхэлсэн нь охиных нь санааг зовоожээ. Аль өнгөрсөн хоёрдугаар сард болсон хүн амины хэргийг одоо хүртэл шүүхийн шатанд шилжүүлээгүй байгаа нь эцгийг нь гарцаагүй улс төрийн зорилгоор хөнөөсөн гэж Занна Немцова өгүүлжээ. Түүнчлэн сэжигтнээр татсан таван чечень эр бол зөвхөн өнгөлөн далдлалт, Борисын үхлийн бодит шалтгааныг гуйвуулах гэсэн оролдлого гэж Немцова олон удаа мэдэгдэж, сонинд хүртэл ярилцлага өгсөн ч нийтлэхээс татгалзсан байна. Улмаар түүнийг үл мэдэгдэх этгээдүүд эцгийнхээ үхэлтэй холбоотой асуудлаар ам нээхгүй байхыг сүрдүүлж, дарамталсан аж. Занна Немцова энэ мэт шахалтаас үүдэж Орос орныг орхиж, дахин Москвад хөл тавих эсэхдээ ч эргэлзэж буйгаа ярьсан байна. Т.Бат
Мэдээний эх сурвалж: http://time.mn/64099
Сэтгэгдэл байхгүй байна.