“Мүүн”-д огт хамаагүй, буддын шашинт гэх Б.Насанбаяр 2008 онд ийн ярьж байжээ
БШУЯ-ны стратеги, бодлого төлөвлөлтийн хэлстийн дарга Б.Насанбаяр 2008 оны 5-р сард буюу зургаан жилийн өмнө Эрдэнэт хотын Техникийн сургуульд багшлахын зэрэгцээгээр Мүүнийн шашны бодлогыг "далдуур хаэрэгжүүлэгч” төрийн бус байгууллагууд болох "Ертөнц дахины Энх тайвны холбоо”-ны гүйцэтгэх захирал, "Дэлхийн Энх тайвны төлөөх Залуучуудын Монголын холбоо”, "Оюуны эрэл” оюутны холбоодын тэргүүн байхдаа Эрдэнэт хотын "Эрдэнэт таймс” сонинд, сэтгүүлч Б.Оюун-Эрдэнэд өгсөн ярилцлагыг уншигчдын хүсэлтээр бүрэн эхээр нь, ямар нэг үг үсэг, цэг таслал, найруулгын өөрчлөлтгүйгээр дахин нийтэллээ. Уг ярилцлагын хальсны бичлэг одоо хэр сэтгүүлчийн хувийн архивт байдаг юм байна. Энэ материал "Эрдэнэт таймс” сонины 2008 оны 5-р сарын 5-ны №11 хэвлэгдэн гарч байсан юм.
Монгол улсын боловсролын салбарын хэтийн төлөвийг тодорхойлогч, салбарын сайдын суудалд нэр дэвшээд амжсан хатагтай хэдхэн жилийн өмнө хэн байв?
Б.Насанбаяр: Нэгэнт зөв гэр бүлтэй болохыг хүссэн хүн өөрийнхөө хүсэлтээр зургаа өгч болно. Энэ бол тухайн хүний эрхийн асуудал
Манай сонины 009 дугаарт гарсан "Жинхэн заяаны ханиуд байна, гэрлүүл гэж "зарлигддаг”” гэсэн нийтлэлийн мөрөөр "Ертөнц Дахины Энх Тайвны Холбоо”-ны гүйцэтгэх захирал, Дэлхийн Энх Тайвны Төлөөх Залуучуудын Монголын Холбоо, "Оюуны Эрэл” Оюутны Холбоодын тэргүүн Б. Насанбаяр өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн юм.
– Уг нийтлэл гарсаны дараа дээрх байгууллагуудын гишүүдээс манай сонины эрхлэгч, редактор мөн сэтгүүлчид руу удаа дараа утасдан "залруулга хийнэ үү” гэж байсан. Тэгэхээр миний хувьд үүнийг огт үндэслэлгүй зүйл гэж үзэхгүй байгаа. Учир нь би 1999 онд танай байгууллагад явж байсан. Гэхдээ та бас өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь нээлттэй учраас юуны өмнө таны тайлбарыг сонсоё.
– Тэгэхээр би ДЭТТЗМХолбоо болон бусад байгууллагуудыг гүтгэсэн гэж үзэж байна. 1994 онд Дэлхийн Энх Тайвны Холбоо дэлхийд байгуулагдан 1998 онд Монголд орж ирсэн. Гол зорилго нь хувь хүнийг төлөвшүүлэх, гэр бүлийг жинхэнэ утгаар нь өөрчлөх, шинэчлэх, залуу хүмүүст гэр бүл болоход нь туслах. Тийм ч утгаараа манай байгууллага нийгэмд олон тустай үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл таны бичсэн зүйл шиг хүний эрхийг зөрчөөд байгаа байгууллага биш. Хэрвээ зөрчсөн бол дэлхий нийтэд чинь хүний эрхийн байгууллага, НҮБ гэж байна. Ардчилсан нийгэмд чинь хууль хяналт гэж байгаа шүү дээ. Манай байгууллагын хувьд арван жил үйл ажиллагаа явуулж байна. Хэрвээ буруу зүйл явуулж байсан бол одоо болтол оршин тогтнохгүй байсан. Бүх үйл ажиллагаа маань ил тод, тодорхой байхад таны бичсэн нийтлэл үүнийг үгүйсгэж байна. Тийм учраас би үүнийг огт үндэслэлгүй гэж үзэж байгаа болохоор өөрийг тань залруулга хийхийг хүсч байна. Мөн манай байгууллагыг шашных байж магадгүй гэж бичсэн байна лээ. Яг үнэндээ дэлхийн шашнуудыг судлаад үзэхэд хайр, бурхан, үнэн гэдэг зүйлийн талаар л ярьдаг. Таны нийтлэлд этгээд үгээр гаргаж ирсэн Сан Мён Мүүн гуайн хувьд дэлхий нийтээрээ глобалчлагдаж шашны эрин дууссан гэдгийг баталж байгаа юм. Тиймээс хүн гэдэг утгаараа хүн төрөлхтөн нэгэн гэр бүл болох ёстой. Тиймээс шашнуудыг эвлэлдэн нэгдүүлэхийн тулд Дэлхийн Энх Тайвны Төлөөх Залуучуудын Холбоо, Шашны хоорондын холбоод дэлхий нийтийн шашны зөрчлийг арилгахын тулд тодорхой алхам хийдэг. Үүнийг гол үзлээ болгодог. Тийм ч болохоор НҮБ-ын дэргэд "Энхийн НҮБ” хүртэл байгуулагдсан. Гэтэл ямар ч үндэслэлгүйгээр хувь хүнийг болон байгууллагыг гүтгэн доромжилсон гэж үзэж байгаа болохоор бид шүүхэд хандан, нөхөн төлбөр нэхэх эрхтэй. Гэхдээ би өөрийг тань мэддэгийн хувьд, мөн манай байгууллагын талаар ойлгоогүйн төлөө юуны түрүүнд шүүхэд өгье гэсэнгүй. Иймээс залруулга хийхийг хүсч байна. Бид хэнийг ч манайд заавал ор, эсвэл гарч болохгүй гэж тулгах шаарддаггүй. Энэ бол тухайн хүний эрхийн асуудал, хувь хүний сонголт.
– Тэгвэл намайг танай байгууллагад байх үед шашны талаар л ярьж байсан. Тэр үед хүүхдүүд бараа зардаг байсан уу, байсан. Би 1999 онд явж байсан гэхэд түүнээс хойш энэ бүх зүйл хэвээрээ юу, өөрчлөгдөж үү гэдгийг эх сурвалжаас тодруулсан. Адам, Ева, Кейн Абелийн харьцаа гээд ярьдаг байсан уу, ярьдаг байсан. Гэтэл одоо болтол хэвээрээ байна шүү дээ.
– Библи судар бол хүн төрөлхтөний түүхийн судар. Тэр үүднээс Залуучуудын холбоог зориод ирсэн хүнд, үүнийг заавал судал гэж хэлэхгүй. Хүн төрөлхтөний соёлын суурь болон шашнуудын түгээмэл зарчим нь юу юм, сул тал нь юу вэ гэдгийг Залуучуудын холбооны хүрээнд биш "Эв нэгдлийн гүн ухаан” зарчмын хүрээнд заадаг. Тухайн хүн нь хүсвэл бид ч заадаг. "Эв нэгдлийн гүн ухааны”-ы зарчим зааж байгаа нь ямарваа нэгэн шашны үзэл номлол биш, бүх шинжлэх ухаан, бүх шашны гол үндэслэлийг гаргаж ирсэн "Эв Нэгдлийн гүн ухаан” юм. Нэг үгээр хэлбэл тэргүүн чигээрээ буюу төв чигээрээ үлдлээ гэж үзэж байгаа. Тэр үзэл бодол бол Дэлхийн Энх Тайвны төлөөх Залуучуудын холбооноос салангид юм. ДЭТТЗМХ нь нийгэмд үйлчилдэг, ашгийн бус төрийн бус байгууллага. Би "Эв Нэгдлийн Гүн Ухааны зарчмыг арван жил судалж байна. Энэ миний эрх шүү дээ. Чи яах гэж миний эрхэд халдаж байгаа юм бэ. Шашин шүтэх эс шүтэх хүний эрхийн асуудал. Гэтэл өөрийн тань бичсэнээр "Жинхэн заяаны ханиуд байна, гэрлүүл гэж "зарлигддаг” гэсэн шиг хэн хүчээр гэрлэсэн юм бэ? Чамайг гэрлүүлсэн юм уу?
– Танай байгууллагад явж байсныхаа хувьд үүнийг бичсэн. Тэр үед би хүртэл зургаа авахуулаад цусны шинжилгээ өгч байлаа. Зураг нь нэлээн том байхаас гадна дух, чих, хөл бүтэн гарсан байх хэрэгтэй гэж байсан. Зургаа өгч явуулаад хэсэг хугацааны дараа би нэрээ татан аван, танайх шашны байгууллага байна гээд гарсан. Тийм биз дээ?
– Гэхдээ таныг зургаа өгч явуул гэж хэн ч хүчээр хийлгээгүй биз дээ.
– Тийм л дээ. Гэхдээ та нарын зааж байсан лекцийн дагуу бүх зүйл шат дараалалтай байдаг. Манай байгууллагын гол зорилго зөв гэр бүлийг бий болгоно гэж ярьж байсан. Зөв гэр бүлтэй болохын тулд өөрийнхөө дуртай хүнийг сонгох уу аль эсвэл сонгуулах уу гэдэг эргэлзээ төрдөг байсан?
– Таны ярьж байгаа шиг хэнийг ч хүчээр гэрлүүлээгүй. Нэгэнт зөв гэр бүлтэй болохыг хүссэн хүн өөрийнхөө хүсэлтээр зургаа өгч болно. Энэ бол тухайн хүний эрхийн асуудал. Үүнийг буруутгах юм байгаа юм бэ. Дэлхий нийтэд үүнийг хүлээн зөвшөөрсөн. Нэг дор олон мянган хүн, гэр бүлийн хүндэтгэх ёслолд оролцдогоороо Гиннесийн номд хүртэл бичигдсэн. Миний хувьд 2000 онд олон улсын гэрлэх ёслолд оролцож гэр бүл болтлоо үнэнч байх, гэр бүл болсны дараа туйлын үнэнч байх гэх мэтийн тангараг өргөж байсан. Хэн нэгэнтэй гэрлэнэ гэдэг тухайн хүний сонголт болохоос биш албан байгууллагын журмаар гэрлүүлнэ гэж байхгүй шүү дээ. Тэгээд хэн хэнтэй гэрлэх нь хувь хүний асуудал.
– Миний яриад байгаа зүйл бол Залуучуудын байгууллага гэсэн нэрийн дор шашны үйл ажиллагаа явуулаад байна гэсэн асуудлыг гаргаж ирсэн. Эцсийн эцэст Сан Мён Мүүн бол "Эв нэгдлийн сүм”-ийн тэргүүн хүн. Гэтэл та нарын ганц зөвшөөрдөггүй зүйл "энэ шашин мөн үү” гэхэд үгүйсгэдэг. Уг нь танайхыг шашин байна гэж буруутгаагүй. Шашин шүтэх эс шүтэх нь хүний эрхийн асуудал. Хамгийн гол нь үүнийг нээлттэй явуулал даа.
– Таны асууж байгаа зүйл чинь зөв л дөө. Юу нь зөв бэ гэвэл "Эв Нэгдлийн Сүм” гэж байхгүй. Харин "Эв Нэгдлийн Хөдөлгөөн” гэж байгаа. Сан Мён Мүүний хувьд "Эв Нэгдлийн Гүн Ухаан”-ы зарчмыг гаргаж ирсэн. Тэр хүний хувьд шашны эрин дууссан, харин хүмүүс зөв гэр бүл, зөв үзэл бодлыг бий болгосноор зөв нийгмийг бүрдүүлнэ гэдэг зүйлийг ярьж байгаа юм. Түүнээс биш энэ шашин мөн биш дээ хамаагүй. Гол нь зөв нийгмийн төлөө л явж байна. Гэтэл та шашин гэж яриад байх юм.
– Шашин байх нь хамаагүй. Хамгийн гол нь танайд орж байгаа хүүхдүүд анхнаасаа нь энэ бүх зүйлийг мэдэж орох хэрэгтэй.
– Тухайн үед өөрийг тань манай байгууллагад явж байх үед "Эв Нэгдлийн Хөдөлгөөн”-ий гол зарчмыг зааж байсан. Үүнээс төрийн бус байгууллагууд тус тусдаа гарсан. Миний хувьд энэ үзэл бодлыг зөв гэж бодсон учраас нийгмийн түвшинд зөв хүргэх зорилготой. Лекцийг минь сонсож байгаа хүмүүст би заавал шашны үзэл бодлыг тулгадаггүй, харин яавал ариун үнэнч, яавал зөв байх хэрэгтэй вэ гэдгийг заадаг. Мөн шашны тухай зөв ойлголтыг ярьдаг. Тэгэхээр "Эв Нэгдлийн Гүн Ухаан” гэдэг бол бүх шашны, бүх шинжлэх ухааны гол үндсэн цөмийг гаргаж ирсэн. Энэ нь шашны үзэл номлолоос илүү зүйлийг гаргасан болохоор үүнийг шашин биш гэж үздэг. Хамгийн гол үзэл нь хүн бүхэн тус тусдаа бүлэг болох биш хоорондоо нэгдэх хэрэгтэй гэж үзэж байгаа болохоор бага багаар алхам хийж байна. Түүнээс биш бид шашин гэдгээ нуух гээд байгаа зүйл биш. "Эв Нэгдлийн Гүн Ухаан”–ы зарчмыг судалсан хүн төрийн бус байгууллага байгуулж болохгүй гэсэн хууль хаана байна.
– Гэхдээ танай бүх байгууллагад нэг л зарчим үйлчилж байгаа ш дээ.
– Хүн зөв үзэл бодлынхоо дагуу төрийн бус байгууллага байгуулж болно. Гэтэл өнөөдөр "Эв Нэгдлийн Гүн Ухаан” зарчмын дагуу дэлхийд 50 гаруй төрийн бус байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Би зөв үзэл бодлынхоо дагуу залуучууд, гэр бүл, нийгмийн төлөө үйлчилж болно. Энэ миний эрх.
– Тэгвэл таныг МУИС дээр ёс суртахууны хичээл заах нэрийдлээр шашин зааж байна гэж хичээлийг тань болиулсан гэсэн?
– Би нэг ч удаа шашин зааж байгаагүй. Үүнийг миний лекцэнд суусан оюутнуудаас асуу. Ийм яриаг магадгүй надад атаархсан хэн нэг эмэгтэй, эрэгтэйн гаргасан яриа. Гэтэл чи сэтгүүлч хүн байж үүнийг шалгалгүйгээр асууж байна. Энэ чинь ёс суртахуунгүй зүйл.
– Сэтгүүлчид хардах эрхтэй учраас би үүнийг асууж байна?
– Хардах эрхтэй. Гэтэл чи нэг удаа миний хичээлд сууж үзсэн юм уу. Үзээгүй байж ингэж ярьж болохгүй.
– Та энэ материалыг захиалгаар бичүүлсэн байна гэж байна лээ. Учир нь таныг УИХ-д нэр дэвших гэж байгааг сонссон. Гэхдээ би хэн нэгний захиалгаар бичээгүй гэдгийг мөн хэлмээр байна.
– Үүнийг хардах эрх байгаа.
– Тэгвэл надад ч гэсэн хардах эрх байгаа.
– Чи манай байгууллагыг зөвхөн хар талаас нь харж байна. Нийгэмд тустай маш олон үйл ажиллагааг явуулсан. Яагаад үүнийг олж харахгүй байгаа юм бэ.
– Тэр бүхнийг би харж байгаа. Гэхдээ хамгийн гол нь танай байгууллагад байсны хувьд би үүнийг бичсэн. Би өөрөө эх сурвалж.
– Хэрвээ залруулга хийхгүй бол би үүнийг улс төрийн захиалгаар хийж байна гэж ойлгож байна. Сонгууль дөхөөд ирэхээр хүн бүхэн хууль бус сурталчилгаа хийж байна. Та нар харж байгаа биз дээ. Тэд ийм хууль бус зүйл хийж чадаж байгаа юм чинь энэ зэргийн юмыг өлхөн хийнэ гэж бодож байна.
– Би энэ ярилцлагыг гаргана. Гэхдээ залруулга хийхгүй.
– Залруулга гаргах гэхээр яагаад байна. Манай байгууллагад муу зүйл нэг ширхэг ч байхгүй. Өөрийн тань бичсэнээр бол духаа цоортол мөргөдөг ч гэх шиг. Хүнийг ингэж доромжилж болохгүй. Хэний дух цоорсон юм бэ. Хүн бясалгалаа хийнэ үү. Залбирлаа хийнэ үү тухайн хүний эрх. Чи юмыг гуйвуулахдаа сүрхий юм.
– Бидний ярилцлага энэ маягаар цаг гаруй үргэлжилсэн юм. Эрхэм уншгч танд энэ асуудлыг нээлттэй орхиё.
Хэвлэл мэдээлэл гэдэг бол хүн бүхэнд нээлттэй байдаг. Тийм учраасБ.Насанбаярын хүсэлтээр "Энхийн Элчин Сайд”-ын талаарх товч танилцуулгыг нийтэллээ.
Энхийн Элчин Сайд /ЭЭС/ нь бусдын төлөөх амьдралаараа үлгэрлэж, ёс суртахууны түгээмэл үнэ цэнэ, бат бөх гэр бүл, шашин хооорондын хамтын ажиллагаа, үндэстэн хоорондын эв нэгдэл, НҮБ-ын шинэчлэл, хариуцлагатай хэвлэл мэдээлэл, энх тайвны төлөөх даяаршсан соёлыг сурталчилан таниулахад өөрийгөө бүрэн зориулснаараа бусдад үлгэр жишээ үзүүлсэн хувь хүн юм. ЭЭС нь арьс өнгө, улс үндэстэн, шашин шүтлэгийн хоорондын ялгаа заагийг даван гарч, сүнсэн болон бодит оршин тогтнолын зүй зохицолд хүрсэн энх амгалан нэгэн дэлхийн төлөөх, түүхийн итгэл найдварыг бодитоор бий болгоход хувь нэмрээ оруулна.
Ярилцсан Б.Оюун-Эрдэнэ