АНУ-ын Муж Улсуудын Шүүхийн үндэсний төвийн Дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа
Уулзалтын эхэнд ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж ноён Ж.Апперсонд хандан Шүүхийн ерөнхий зөвлөлд хүрэлцэн ирсэнд талархаад Монгол Улсын шүүхийн өнөөгийн байдал, шүүхийн шинэтгэлийн үйл явц, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн талаар товч танилцууллаа. Түүнчлэн Шүүхийн ерөнхий зөвлөл, АНУ-ын Муж Улсуудын Шүүхийн үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан нь Монгол Улсад Шүүхийн шинэтгэлийг хийж буй энэ цаг мөчид ихээхэн ач холбогдолтой болохыг онцлоод АНУ-ын шүүхийн захиргааны байгууллагатай цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Ноён Ж.Апперсон халуун дотноор хүлээн авч буйд талархаад, "Миний бие Монгол Улсад шүүхийн шинэтгэл хийж буй энэ чухал үед Шүүхийн ерөнхий зөвлөлд айлчлан хоёр өдрийн сургалт, хэлэлцүүлэг хийх замаар өөрийн орны туршлага, болон олон улс орны хэрэгжүүлсэн сайн туршлагаас хуваалцах болсондоо, мөн та бүхэнтэй уулзаж байгаадаа тун таатай байна. Шүүхийн шинэтгэлийг хийхэд улс орнуудад бэрхшээл их гардаг. Харин Монгол Улс шиг шүүн таслах ажиллагааг шүүхийн захиргаанаас салгасан ийм улс орон бараг байхгүй бөгөөд маш зөв зүйл болсон гэж харж байна. Ер нь бол бүх үйл явц анхан шатны шүүхээс эхэлдэг. Тиймээс анхан шатны шүүхийн тогтолцоо, үйл ажиллагаа, хүний нөөцийг чадавхижуулах зэрэг анхан шатны шүүхтэй холбоотой бүхий л асуудлыг шийдвэрлэх нь маш чухал юм” гэв.
Тэрээр шүүхийн захиргааны чиглэлээр 31 жил ажиллаж байгаа бөгөөд хүндрэл их гардаг тул бодлогоо зөв тодорхойлох хэрэгтэй талаар нэмж хэлж байлаа.
Уулзалтын төгсгөлд Н.Лүндэндорж дарга шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд болон өөрөө Ж.Апперсонтой санал нэг байдгаа илэрхийлж, тиймдээ ч анхан шатны шүүхийн шүүгч нарын цалинг бусад шүүхийн шүүгч нарын цалинтай ойролцоо тогтоосон хэмээн дурдаад энэхүү шүүхийн шинэтгэлийг бүх шатны шүүхийн шүүгч нар дэмжсэн, тиймдээ ч бид энэхүү ажлыг амжилттай хэрэгжүүлж байна хэмээн хэлсэн юм.
Ноён Ж.Апперсон хүлээн авч уулзсанд дахин талархал илэрхийлээд өөрийн мэддэг бүхий л зүйлийг ирэх хоёр хоногийн сургалт, хэлэлцүүлгээр шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудтай хуваалцана гэдгээ илэрхийлснээр энэ удаагийн уулзалт өндөрлөлөө.