Грекийн Засгийн газар хоёр дахь шинэчлэлтийн хуулийн төслөө өргөн барив
Грекийг хямралаас гаргах хөтөлбөрийг хэлэлцэж эхлэхээс өмнө шинэчлэлтийн төлөвлөгөөг хууль болгон батлахыг Евробүс шаардаж байгаа билээ. Тус төлөвлөгөөг хууль болгох нь Грекийг хямралаас гаргах шинэ хөтөлбөрийг хэлэлцэж эхлэх урьдчилсан нөхцөл болж байгаа юм. Тиймдээ өнгөрсөн долоо хоногт Грекийн парламент тэтгэврийн шинэчлэлт, нэмүү өртгийн албан татварыг нэмэх зэрэг заалтыг багтаасан эхний хуулийн төслийг олонхийн саналаар баталсан.
Тэгвэл мөн шинээр зээл авах тухай хэлэлцээрийн урьдчилсан нөхцөл болж буй шинэчлэлийн хоёр дахь хуулийн төслийг парламентдаа өргөн барилаа. Энэ удаагийн өргөн барьсан хуулийн төсөлд 2013 оны санхүүгийн хямралын дараа нэвтрүүлсэн хадгаламжийн мөнгийн хамгийн ихдээ 100 мянган евро байхаар тогтоосон зэрэг Европын холбооны удирдамж, хуулийн дагуу маш бага хугацаанд зардлаа бууруулах зорилготой иргэний эрх зүйн шинэчлэлтүүд зэрэг тусгагдсан байгаа аж.
Шинэчлэлийн хуулийн төслийн хоёр дахь хэсгийг Конгресс хэрхэх нь өнөөдөр тодорхой болох юм. Өнгөрсөн долоо хоногт хамгийн анхны шинэчлэлийн хуулийн төслийг конгресс олонхийн дэмжлэгтэйгээр батлах үед Ерөнхий сайд А.Ципрасын тэргүүлдэг эрх баригч СИРИЗА нам дотор хэд хэдэн удаа маргаан дэгдсэн. Тиймээс хоёр дахь удаагийн шинэчлэлийн хуулийн төсөл батлагдах эсэхийг таамаглах аргагүй тухай зарим эх сурвалж тэмдэглэв.
Грек цаашдаа гурван жилийн хугацаанд хамгийн ихдээ 86 тэрбум еврогийн санхүүгийн зээлийг авахын тулд энэ удаагийн шинэ хуулийн төслийг ямар ч гэсэн батлахаас өөр аргагүй. Засгийн газрын албаны эх сурвалжийн мэдээлж байгаагаар шинэ хуулийн төсөл хэрвээ батлагдвал Засгийн газар "Европын холбоо, Олон улсын Валютын сан, Европын төв банк зэрэг зээлдүүлэгчидтэй дахин хэлэлцээрийн ширээний ард суух боломж нээгдэнэ хэмээгээд "Хэлэлцээрт тохиролцоонд хүрэх сүүлчийн хугацааг наймдугаар сарын 20-ны өдөр байх болов уу хэмээн таамаглаж байна” гэжээ.
Ирэх сарын 20 бол асар их өр, зээлтэй Грек улсын Европын төв банкинд 3.2 тэрбум еврогийн өрөө төлөх сүүлийн хугацаа юм. Мөн есдүгээр сард ч гэсэн Олон улсын Валютын санд 1.5 тэрбум еврогийн өрөө эргүүлэн төлөх ёстой билээ. Тиймээс Грекийн Засгийн газар 86 тэрбум еврогийн зээлийг авахын тулд зээлдүүлэгчдийн тавьсан шаардлагыг зөвшөөрч, ирэх сарын 20 гэхэд зээл авах хэлэлцээрт тохиролцоонд хүрч, өр зээлээ төлөх байр суурьтай байгаа юм.
Өнгөрсөн удаагийн эхний шинэчлэлийн хуулийн төслийг батлахыг парламентын хуралдаанд оролцогсдын 229 нь дэмжсэн бол 64 нь эсрэг, харин зургаа нь түдгэлзсэн санал өгч байсан юм. Зээлдүүлэгчдээс дахин тусламж үзүүлэх болзол болгон тавьсан хатуу шинэчлэлтийн төлөвлөгөөг гишүүд олонхийн саналаар хууль болгон баталсанаар хатуу хэмнэлтийн бодлого тус улсад дахин үргэлжлэх болсонд ард иргэд туйлын бухимдаж буйгаа илэрхийлэн томоохон хэмжээний жагсаал цуглааныг хүртэл зохион байгуулж байсан билээ.
Сэтгэгдэл байхгүй байна.