УЛС Л ХЯМАРСАН МАНАЙ НИЙСЛЭЛ ХЯМРААГҮЙ
1.Тэнэг зорчигч, "ухаалаг” автобус
Автобус нээрээ ухаажчихаж. Кондуктор тэртээ хойно гараа хамхиад элгээ тэврээд зогсчихсон, зорчигчдыг тэнэгээр нь дуудаад л. "Карттай нь наанаа картаа уншуулаад, картгүй нь мөнгөө хайрцганд хий..” гэж загнаад, ухаажчихаж. Сахил хүртээд шал дордов гэгчээр, кондуктор мөнгө хураахаа больсоноос хойш ааш нь улам муудсан байна. Энэ юунаас болов... Автобус ухаажсанаас болсон. Зорчигчдын тасалбарын мөнгөнөөс хааяа арынхаа халаасруу хийх боломж нь ор тас байхгүй болсоноос тэр гэнэ. Зургаадах хоногтоо ухаалгаар явж буй автобусанд зориулаад 100 000 гаруй хүн карт худалдаад авчихсан гэнэ. Бусад нь одоохондоо мөнгөө бэлэнээр төлж байгаа гэсэн үг. Гэхдээ ухаалаг автобусанд маань мөнгө задалж хариулт төлөх ухаан харин дутуу юм байна. 500 төгрөг л шургуулахгүй бол бүхэл мөнгийг хээв нэг залгичихаад, хариултыг нь буцааж өгөлгүй "ухаалгаар” гүрийгээд явчихна. Үүнийг нь мэдсэн "тэнэг” зорчигчид задгай мөнгө алга гээд 10 000-тын дэвсгэрт үзүүлчихээд арагшаа зүтгэдэг шинэ "мода” дэлгэрч байна. Нийслэлийнхэн өглөөд 1000-гаас дээш төгрөгийн дэвсгэртүүдийг түнтийтэл халаасалж явдаг болсон нь "ухаалаг” автобустай холбоотой гэнэ. Ер нь цаашдаа картгүй зорчигч 600 төгрөг төлөх гэнэ лээ. Кондуктор хуруугаа хөдөлгөх ажилгүй ч нүд, ам нь бүрэн ажиллах гэнэ. Тэр нь ч ажиглагдаж байгаа. Хөнгөлөлтэй үнээр зорчдог, хөдөлмөрийн чадваргүй иргэдийн картыг "ухаалаг” автобусны мөнгөний машин танихгүй будилахад, арчаагүй энэ тэрээр нь дуудаад бэлэн мөнгө нэхэж аваад, хайрцагруу шургуулж, мөнгөгүйг нь хөөж буулгаж байгаа харагдсан. Автобусаа ухаантай болгоход аймаар их мөнгө буюу 13 сая ам доллар, монгол мөнгөөр бол 26 тэрбум төгрөг зарцуулсан юм билээ. Улс л хямарсан болохоос манай Нийслэл яагаач үгүй юм байна лээ.
2. Нусан гоожуур шиг усан хөшиг
Энэ зун мануусыг хөөрхөн хошгоруулаад авсан нэг зүйл бол усан хөшиг. "Өнгө өнгөөр цацраад, өглөөнөөс үдшийн бүрий, цаашлаад шөнө дүл хүртэл нүд хужирлаад сэтгэл баясгаад, хотын угаарыг агаар, тоосыг ус болтол цэвэрлээд өгөх Сэлбийн гүүрний усан хөшиг хааччих ваа...” гэж нэг нэгнээсээ асууцгааж байна. Аргагүй л дээ. Нийслэлийн удирдлагуудын сэтгэл хөдлөөд, нээх болоогүй байхад нь нээчихсэн чинь усан хөшиг нь дутуу ажиллаад "нусан гоожуур” шиг юм болсон гэнэ. Гэхдээ энэ "нусан гоожуур” чинь үнэтэй хөе. Далан сая төгрөг гэсэн. Нэг сэтгүүлч нээлтэн дээр нь оччихоод, дарга нарыг "далан сая төгрөгний өртөгөөр хийлээ...” гэхэд нь цочсон гэсэн. "Долоон сая байлгүй дээ...” гээд дуу хураагуураа буцааж гүйлгээд сонссон чинь "далан сая” гэж чихийг нь дөжиртөл хэлсэн гэнэ лээ. Дараа нь харин ахин тодруулахаар утас цохиход 70 сая төгрөгний тухай ор тас мартсан байна лээ. Бүр хэлсэн хүн нь би яриагүй байна лээ штээ. Тэр л мэднэ гээд нэг нэгрүүгээ түлхээд хаячихсан байсан. Арслантай гүүрний хоёр талаас нарийн төмөр хоолой татаад, нэг мотор тавиад хийчихсэн юм эд л дээ. Энэ 70 саяынхаа ажлыг Дунд голын гүүр, Маршлын гүүрэн дээр ахиж хийх тухайгаа манай хотын дарга нар аймаар чанга хэлсэн. Бас нөгөө талаар энэ усан гоожуур зарим хүмүүст их ашигтай тусаж байгаа юм. Туулын шугуйгаар гэр хийж, хотын гудмаар дэр хийж явдаг хүмүүст үнэгүй сайхан душ гараад ирж байна гэсэн үг. Зуны халуунд дор нь ороод сэрүүцчихнэ шүү дээ. Улс л хямарсан болохоос манай нийслэл яагаач үгүй юм байна лээ.
3. Даншигтай давхацсан даншиг
Өндөр гэгээн Занабазарын мэндэлсэний ойг Өвөрхангайн Хархоринд тэмдэглэсэн даншигтай барьцсан уу яав, Хотын дарга маань нийслэлийн гандан хийд, лам хуваргуудтай нийлж байгаад дахиад нэг даншиг наадам хийхээр болов. Мөн дээрх ойн хүрээнд л дээ.Мундаг том баяр наадам болох юм байх. Морь уралдуулж, бөх барилдуулаад, улсын баяр наадамтай дүйцэхүйц даншиг зохионо гэнэ. Болоогүй, бөхчүүдэд шинээр цол олгох юм байх. Морь, бөх, сур,шагайн бай нь улсын наадмын байтаа адил байхаар шийджээ. Манай хотын санхүү ч арвин юмаа. Мань мэт нь "хямарчихаад” байхаад нийслэл маань яагаа ч үгүй байгаа биз. Баяр наадмыг улсын энтэй хийгээд л. Бас болоогүй Монгол улсын Ерөнхий сайд наймдугаар сарын нэгнээс хойш баяр наадам зохион байгуулахыг хориглох тухай шийдвэр гаргачихаад байхад түүнээс нь зөрөөд ирэх сарын 8,9-ний өдрүүдэд Даншиг наадмаа хийхээр товложээ.Аргагүйл том толгойтой хотын дарга юмаа. Улаанбаатар улс гэж тусдаа байгуулагдчихсан юм уу? Ямартаа ч Улаанбаатар хотын халаас түнтгэр л байгаа юм байна.
Ноён хэг ёг
Сэтгэгдэл байхгүй байна.