Их буучид” Супер цомд түрүүлжээ
Английн хөлбөмбөгийн холбооны 2015 оны "Супер цом”-ын төлөөх тоглолт энэ сарын 2-нд боллоо. Өнөө жил "Премьер лиг”-ийн аварга "Челси”, Холбооны цомын аварга "Арсенал” багууд тоглосон. Лондон хотын "Уэмбли” цэнгэлдэх хүрээлэнд болсон уг тоглолтыг 85 мянган хөгжөөн дэмжигч үзэж сохирхжээ. Харин "Их буучид” хүчтэй өрсөлдөгчөө 1:0-ээр хожсон бөгөөд 24 дэх минутад А.О.Чемберлен цорын ганц гоолыг оруулсан юм.
"Премьер лиг”-ийн тоглолт удахгүй эхэлнэ. А.Венгерын шавь нар шинэ улирлыг цомтой эхлүүлж байгаа нь энэ аж. Тус улсын "Супер цом”-ын тэмцээн 1908 онд анх болж байв. Тэр цагаас хойш "Манчестер Юнайтед” 20, "Ливерпуль” 15, "Арсенал” 14, "Эвертон” 9, "Тоттенхэм” 7, "Челси”, "Манчестер Сити”, "Волверхэмптон” багууд 4, "Лидс Юнайтед”, "Барнли”, "Вест Бромвич Альбион” багууд тус бүр 2 удаа түрүүлжээ.
Л.Ахинсайхан