Авдгаа авсан бол ажлаа хийе
Энэ үг одоо АН-ынханд илүү хамаатай болж байна. Урьд нь парламентад сөрөг хүчингүй Засгийн газар байгуулсны хувьд АН, МАН адилхан хариуцлага хүлээж байв. Харин өнгөрсөн пүрэв гаригаас АН дангаараа гавьяагаа, гайгаа ч эдлэхээр боллоо.
Өнгөрсөн хавраас өдлүүлсэн МАН-ын зургаан сайдыг засгаас хөөх гэсэн зорилгоо Ардчилсан нам ээлжит бус чуулган хуралдуулан байж нэгэнтээ гүйцээсэн билээ. Одоо зургаан сайдынхаа оронд бор халзан хонь байсан ч хамаагүй хэнийг сайд болгох вэ гэдгээ АН-ынхан дотроо зодоонгүй шийдчихээд ажилдаа орох цаг болжээ.
Гуравдугаар ээлжийн хоолонд хэн орох вэ гэсэн таамаглал өнгөрсөн хавраас эхлэн хэвлэлээр хөвөрч байгаа ч, үнэндээ салбараа мэддэг, ядаж л салбарынхантайгаа хэл ам, үгээ ололцоод явж чадах хүнээ сонгоосой гэсэн хүлээлт иргэдийн дунд байна. Энэ талаар МАН-ын дарга М.Энхболд "МАН-ыг Ч.Сайханбилэгийн засгийг огцруулах гэж байна гэсэн яриаг АН өөрсдөө гаргаж байна. Бид засаг төр тогтвортой ажиллах ёстой гэж үзэж байгаа. Ардын нам Ардчилсан намаас оруулж ирж байгаа шинэ сайдуудыг дэмжинэ. Харин сайн хүн оруулж ирэх ёстой гэдгийг хэлье” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Эндээс харахад, Ардчилсан намаас оруулж ирэх сайдуудыг МАН ямар ч байсан дэмжихээр, харин АН зөв хүнээ олж томилох ёстой болж байх шиг.
Нэг нь авдгаа авч, нөгөө нь өгдгөө өгсөн бол аль, аль нь ажлаа хийе. Үндсэн хуулийн өөрчлөлт, Улс төрийн намуудын тухай хуулийн шинэчлэлт, мөн Гачуурт болон Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг шийдэгдээгүй үлдсэн өчнөөн асуудал байна.
Монголын улс төр төвхнөтөл түр саатаж байя гээд цаг хугацаа биднийг хүлээхгүй. Тэгээд ч урин цаг холдож, ургац хураалт, хичээлийн шинэ жил, өвөлжилт гээд хүч, хөдөлмөр шаардсан ажлууд ар араасаа ундрах болно.
Сангийн сайдаа хөөгөөд явуулчихсан Монгол Улсын төсвийн алдагдал өнгөрсөн долдугаар сарын байдлаар 546 тэрбумын алдагдалтай гарчээ. Энэ алдагдлыг нөхөх гадаадын хөрөнгө оруулалт орж ирээгүй байна. Цаашдаа ч энэ хэмжээний алдагдлыг нөхөх хөрөнгө оруулалт энэ жил орж ирнэ гэж итгэхэд хэцүү. Учир нь Монгол Улсын Засгийн газарт хамтран ажиллаж байсан хоёр том намын нэг нь нөгөөгөө хөөсөн тухай мэдээлэл гадаадын хэвлэлээр цацагдах нь манай улсын хувьд сөрөг сигнал болж хүрч буйг үгүйсгэх боломжгүй.
Тавдугаар сард Дубайд зурагдсан "Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө” ёсоор эхний ээлжинд 4.2 тэрбум ам.долларыг дэлхийн ямар бак, санхүүгийн байгууллагаас авч байгаа вэ, яриа хэлэлцээр ямар төвшинд байгааг "Рио Тинто”-гоос өөр мэдэх хүн Монголд байна уу.
Энэ жил газар тариалангийн бус нутгуудад ган, гачиг болсноос ургацынхаа 80 хувийг алдана гэж урьдчилсан тооцоо гаргаснаа "Газар тариалан” холбооныхон дуулгав. Харин Хүнс, хөдөө аж ахуйн яамныхан үүнийг үгүйсгэж байгаа ч чухам хэдэн хувийн ургацаа ганд алдаж байгаа нарийвчилан гаргасан тоо алга. Ургац хураалтын үеэр л тодорхой болно гэж салбарын сайд мэдээлж, урьдчилсан байдлаар 40 хувьтай гэв. Ургацаа цасанд алдчихгүй шиг авах хүн хүч, хөрөнгө мөнгөө салбарынхан хэр базааж байгаад Засгийн газар анхаарлаа хандуулах хэрэгтэй байна.
Монгол Улсын мал сүргийн тоо бараг 70 сая хүрсэн гэсэн албан бус мэдээ байна. Засгийн газар 58 сая мал өвөлжинө гэсэн тооцоог гаргаж, үлдсэнийг нь экспорт болон дотоодын хэрэгцээнд зориулан нядлахад 180 тэрбум төгрөгийг эргэлтийн хөрөнгө болгон гаргахаар өнгөрсөн даваа гаригийн хуралдаанаараа шийдвэрлэсэн.
Иргэд малаа цөөлж чадахгүй бол байгаль дэлхий илүүдсэн малыг цэвэрлээд өгчихдөгийг хөгшид сануулж, энэ бүгдээс гадна Засгийн газар одоо ажлаа сайн хийхийг өнгөрсөн долоо хоногт эргээд сөрөг хүчнийхээ байр сууринд очсон МАН-ынхан хүртэл сануулж байна. Тэд "МАН сөрөг хүчин гэж юу байдаг юм, ямар асуудлыг яаж шийдвэрлүүлэх нь бидний тоглолтоор явагдана” гэдгээ ил шулуухан зарлачихлаа. Тиймээс МАН-ын хүчтэй эсэргүүцэл, сөрөг акцтай нүүр тулах АН намрын сарыг найм хэмээн эндүүрч, найралж, улстөржихөө хойш тавиад цаг үеийн чухал асуудалдаа анхаарлаа хандуулах хэрэгтэй болж байна.
Нэг нь авдгаа авч, нөгөө нь өгдгөө өгсөн бол аль, аль нь ажлаа хийе. Үндсэн хуулийн өөрчлөлт, Улс төрийн намуудын тухай хуулийн шинэчлэлт, мөн Гачуурт болон Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг шийдэгдээгүй үлдсэн өчнөөн асуудал байна.
Өнгөрсөн өдрүүдэд айл гэр болж тоглож ханасан бол ард чинь улс орны эрх ашиг, ард түмний амьдрал байгааг АН, МАН хоёуланд нь сануулъя.
Ж.НЯМСҮРЭН
Сэтгэгдэл байхгүй байна.